С.Чинзориг: Сайн дурын эрүүл мэндийн даатгалын хэмжээг 50 хувиар бууруулна

С.Чинзориг: Сайн дурын эрүүл мэндийн даатгалын хэмжээг 50 хувиар бууруулна

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орсноор орлого багатай иргэд рүү чиглэсэн нийгмийн халамжийн хэд хэдэн бодлогыг 2018 оноос хэрэгжүүлж эхлэх ёстой байсан. Гэвч шинэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг тооцоолохдоо нийгмийн халамжийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тодрууллаа. 

-2018 оноос хэрэгжих нийгмийн халамжийн зарим бодлогын хэрэгжих хугацаа хойшилсон гэсэн. Яг ямар бодлогууд, хэдий хүртэл хугацаагаар хойшилсон бэ?

-Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгал нөхөн төлүүлэх, олон хүүхэдтэй ээжүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор ажилласан жилийг нь нэмэгдүүлэх гэсэн  хуулийн заалтууд 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан нийгмийн халамжийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлье гэсэн байр суурь дээр Засгийн газар санал нэгдсэн.

-2019 оноос эхлэн хэрэгжих нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх бодлогод ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

-1990-1995 оны ажилласан жилийг нь нөхөн тооцсон, 1995-2000 оны шимтгэлийг нөхөн төлүүлсэн. Энэ арга хэмжээнд хамрагдсан хүмүүс дахин ажилласан жилээ тооцуулах юм уу, шимтгэлийг давхардуулан шинээр төлөхгүй. Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойш төлж чадаагүй явж байсан нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломж нь нээгдэж байгаа юм. Өмнөх 1990-2000 онд ажилласан жилд нөхөн тооцуулсан нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх арга хэмжээнд хамрагдаж чадаагүй үлдсэн иргэд тэр хугацааны шимтгэлээ нөхөн төлөх эрх нь нээлттэй болж байгаа гэж ойлгож болно.

-Сайн дурын эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ ирэх оноос буурна гэсэн үнэн үү?

-Харин малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг 50 хувиар бууруулсан байна. Ингэснээр иргэд 2018 оноос эхлэн сайн дурын эрүүл мэндийн даатгалд 28 мянган төгрөг төлнө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.