Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд уучлал үзүүлэхгүй

Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд уучлал үзүүлэхгүй

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд  эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” нээлттэй хэлэлцүүлгийг Иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгийн хүрээнд:

Хүүхдийн  эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллэийн эсрэг тухай хуулиар хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлсэн байдал хийгээд олон нийтийн хамтын ажиллагаа, нийгэмд тулгамдаж буй асуудал, хүчирхийлэл үүсээд байгаа гол нөхцөл байдал, цаашид хэрхэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар хуралд оролцогчид  илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийн  эсрэг хүчирхийлэл  гэмт үйлдэлүүд нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийн сэтгэл зүйд хүнд тусаж, олон нийтийг айдасд автуулах боллоо.

Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг үзвэл 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд  2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор  ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах онц ноцтой,  харгис хэрцгий, жигшүүрт үйлдэл юм.

Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг болоогүй байсныг илтгэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад цаазын ял хэрэглэгдэж байгаа бөгөөд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага нилээд чанга байна. Тухайлбал:  ОХУ-ын Эрүүгийн хуулийн 131-р зүйлд зааснаар 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндвэл 12-20 жил, 131.4-т урьд өмнө нь бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан этгээд дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулдаг байна.

 БНСУ-ын Эрүүгийн хуулийн Хоёрдугаар бүлгийн аравдугаар зүйлд: Бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас нас барсан  бол гэмт этгээдэд цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэдэг байна.  Мөн химийн аргаар хөнгөлөх аргын хуульчилсан.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 236-р зүйлд зааснаар бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон байвал  10-с дээш жил хорих эсвэл бүх насаар нь хорих, цаазаар авах ял оногдуулдаг байна.

Түүнчлэн дэлхийн зарим улсуудад ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд “Химийн аргаар хөнгөлөх” ял эдлүүлж байна. Франц, Швейцарь, Польш,  ХБНГУ-д тухайн этгээд өөрөө зөвшөөрөхгүй бол шоронд ялаа эдэлдэг байна.

          Монгол улсын Үндсэн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан.

          Дээрх заалтаас харвал цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг УИХ шийдэх бүрэн эрхтэй юм. Манай улс 2012 оны 12 дугаар сард “Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын II нэмэлт протокол”-д нэгдэж орсон бөгөөд хэдийгээр энэхүү II нэмэлт протоколоор цаазаар авах ялыг нутаг дэвсгэртээ огт гүйцэтгэхгүй байх, халах үүргийг хүлээсэн ч Олон Улсын гэрээний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн гэрээний үйлчлэлийг түр зогсоох, олон улсын гэрээнээс гарах саналыг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ч боломжтой болно.

Улмаар соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд бага насны хүүхдийг хүчиндсэн, мөн амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулах зохицуулалтыг эргэж харахыг хэлэлцүүлэгт оролцогсод дэвшүүлэн тавьж байлаа.

Мөн хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгаалах төрийн бодлогыг сайжруулах, олон нийтийн оролоо хяналтыг бий болгох , цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлтээ дэвшүүлэн тавьж байна.

Хэлэлцүүлгээс зөвлөмж гарч төр, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бодитой  санал санаачлалыг ажил хэрэг болгож, бодлогын баримт бичгүүдийг боловсруулан гаргахаар боллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.