Ц.Шаравдорж: МАХН-ын рейтинг өндөр байгаа учраас зарим нам О.Баасанхүүг хөлслөн намыг хагалах оролдлого хийж байна

Ц.Шаравдорж: МАХН-ын рейтинг өндөр байгаа учраас зарим нам О.Баасанхүүг хөлслөн намыг хагалах оролдлого хийж байна

МАХН-ын   Гүйцэтгэх товчооны гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч  Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-МАХН-ын  XIX Бага чуулганы  хуралдааныг та даргалсан юм байна.  Хурлаар ямар асуудлууд шийдвэрлэсэн бэ? 

-МАХН ээлжит XIX Бага чуулганаа өчигдөр хийлээ. Эртнээс төлөвлөж байсан нэлээд олон асуудлыг хэлэлцэж, Бага чуулганы гишүүд идэвхтэй оролцож, шийдвэрээ гаргасан. Хэлэлцсэн асуудлыг аваад үзвэл, жишээ нь МАХН-ын үйл ажиллагааны цаашдын зорилт, стратеги, тактикийн тухай асуудлыг МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын илтгэл,  цаашид хэрэгжүүлж буй бодлого, “Баярлалаа” аян, намаас боловсруулсан  Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн арга хэмжээний талаар МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын илтгэлийг гишүүд сонсч, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Мөн   МАХН-ын дэд дарга, Шадар сайд Ц.Оюунбаатар, Ёс зүйн хорооны дарга Ч.Давааням нарын илтгэлүүдийг хэлэлцсэн. Миний сүүлийн дурдсан хоёр хүний илтгэл бол шаардлагын талаар авах арга хэмжээ гэсэн сэдэвт илтгэл байсан.

-МАХН-ын Бага чуулганы өмнө танай намын нэр бүхий гишүүн шаардлага хүргүүлж байсан. Шаардлагын хүрээнд Бага чуулганаар ямар асуудал хэлэлцэв. Шаардлагад ээлжит бус Бага чуулганыг хийнэ гэсэн  байсан. Тэд хэн бэ,  яагаад ийм асуудал тавьж байгаа вэ?

-МАХН-аас УИХ-д сууж буй гишүүн О.Баасанхүү, МАХН-ын гишүүн байсан Г.Бямбасүрэн нарын зарим хүн МАХН-д шаардлага гэх зүйлийг ирүүлсэн. 73 хүн гарын үсэг зурсан байсан. Намын дүрмээр аваад үзвэл, ээлжит бус Бага чуулганыг гурван субъект санаачилж, хуралдуулах эрхтэй байгаа юм. Тухайлбал, Бага чуулганы нийт гишүүдийн гуравны нэг, хоёрдугаарт Гүйцэтгэх товчоо , гуравдугаарт МАХН-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулъя гэсэн асуудал тавьж болно. О.Баасанхүү нарын хүмүүс ээлжит бус Бага чуулганыг хуралдуулах асуудал тавьсан боловч, тэр асуудлыг тавих эрх бүхий хүмүүс нь  биш. Хоёрдугаарт,  Бага чуулганы гишүүдийн ирц хүрэхгүй байгаа.Тиймээс тэр хүмүүсийн тавьж буй асуудлыг авч хэлэлцэх ямар ч бололцоо байхгүй. Намын дүрэм, Монгол Улсын өнөөгийн Эрүүгийн хуулийг зөрчсөн зөрчлүүдтэй байгаа учраас ийм  боломжгүй. Гэхдээ МАХН эдгээр хүмүүсийн тавьсан асуудалд хүндэтгэлтэйгээр хандаж, Бага чуулганы хэлэлцэх асуудалд тэр шаардлага гээчийг  тал талаас нь хэлэлцэж шийдвэр гаргасан.

-73 гишүүн гарын үзсэг зурсан байсан гэлээ. Бүгд танай намын гишүүн баймаар. Гэтэл  яагаад хууль бус, зөрчилтэй байна гэж?

-Шаардлагад гарын үсэг зурсан гэх  хүмүүсийг аваад үзэхээр өөр намын 10 хүн, хуурамч гарын үсэг бүхий 14 хүн, өөрийн хүсэлтээр Бага чуулганаас гарсан 24 хүн, хууран мэхэлж гарын үсгийг нь зуруулсан 10 хүн байгаа юм. Үүнээс үзэхэд Эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл байна. Нөгөө талаас, хүний гарын үсгийг дууриалган зурж, хууран мэхэлнэ гэдэг онцгүй үйлдэл, хууль зүйн талаасаа ч  байж болохгүй. Жишээ нь, Ардын намын Бага хурлыг хуралдуулна гээд АН юм уу, өөр улс төрийн хүчний гишүүд гарын үсэг зураад шаардлага гээч юм өгвөл тэр нам хүлээж авах уу?

-Авахгүй л дээ…

-Тийм, тэгэхээр байж болохгүй зүйл байгаа биз. Эдгээр хүмүүс дотор өөр намын 10 хүн гарын үсэг зурсан байгаа юм. Өөр намынх ч гэсэн энэ асуудлыг тавьсан хүмүүсийг хүндэтгэж, бид  хэлэлцэх асуудал дотроо оруулж хэлэлцлээ.

-Бага чуулганаар өнөөгийн засаг төр, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай холбоотой мэдэгдэл гаргана гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар ямар шийдвэрүүд гарсан бэ?

-Өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудлаар бид энэ удаагийн Бага чуулганаар тодорхой асуудал тавиагүй. Ер нь МАХН-аас санаачлан боловсруулж, бүх ард түмнээрээ хэлэлэцүүлж  байгаа Шинэ Дээд Үндсэн хуулийнхаа хэлэлцүүлгийн явц, улс төрд шинэ жишиг тогтоож буй “Баярлалаа” арга хэмжээний тухай бид тал талаас нь нэлээд сайн ярьсан. Шинэ Дээд Үндсэн хууль бол улс орны өнөөгийн хямралаас гарах гарц гаргалгааг дэвшүүлсэн  төсөл шүү дээ. Үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрч байна.

-Түрүүний асуултдаа эргэж оръё, О.Баасанхүү нарын гишүүд  яагаад энэ асуудлуудыг тавьж байгаа юм бэ.Үүнд та тайлбар хэлнэ үү?

-Ийм асуулт зайлшгүй тавигдана л даа. МАХН яагаад анхаарлын төвд орчихов гэдэг асуулт ч гарна. МАХН-ын үйл ажиллагаа олон түмний итгэл дэмжлэгийг авч байгаа. Гэтэл Ардын нам олонхийн санал авч гарсан атлаа өөр хоорондоо тэмцэх, албан тушаал, ашиг  сонирхлын тэмцэл хийх гэх мэт зүйлээр  явж байгаа болохоос өнөө амласан амлалтынхаа тухай, улс эх орны өмнө тулгамдсан асуудлыг ярихгүй байна шүү дээ. Ардын нам ч, Ардчилсан нам ч аль аль нь ийм дотоод зөрчилтэй байгаа нөхцөлд МАХН-ын рейтинг өсч байгаа.  Өнөөдөр монголчууд улс төрийн гуравдахь хүчнийг илэрхий хүсч байна. Монгол орны нийгэм, эдийн засаг, төрийн тогтолцооны талаар бид тооцоо, судалгаа хийж, эерэг үзүүлэлтүүдийг авчрах үндсэн дээр Шинэ Дээд Үндсэн хуулиа боловсруулсан. Ингэхгүйгээр урагшаа явахгүй нь. Өнөө  1992 оны Үндсэн хууль маань өөрийнхөө чадавхийг барчихжээ. Бид Шинэ Дээд Үндсэн хуулийн төслөө хэлэлцүүлж, улс орноо бүтэн гурав тойрчихлоо. Ард түмэн маань энэ бүхнийг харьцуулаад хэлж байна шүү дээ. Монголын ард түмэн ард түмэн тэнэг биш. Мянга гаруй хүн манай Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлд саналаа өгсөн. Энэ бүх байдлууд МАХН өнөөгийн улс орны амьдралд бодитой нөлөөгөө үзүүлэх улс төрийн хүчин болоод гараад ирлээ гэдгийг хэлж байгаа юм. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, МАХН зүгээр нэг улс төрийн гурав дахь хүчин гэсэн рольд тоглохоосоо өнгөрсөн. МАХН өнөөдөр улс төрийн тавцанд нөлөө бүхий  тэргүүлэх намуудын нэг болсон. Энэ байдал бусад намыг түгшээж байна. айлгаж байна шүү дээ. Энэ байдал зарим хөнгөмсөг хүмүүсийг  өөрсдөдөө татах, эд мөнгө амлах, ийм байдлаар тэр хүмүүсийг ажиллуулах хүчин зүйл болоод байгаа байхгүй юу.

-МАХН –ын нэр хүндийг аль болох муутгах, ийм зориуд зохион байгуулалттай үйл ажиллагаанууд явж байна гэсэн үг үү?

-Ийм зүйлүүд бодитойгоор явагдаад байна.  Би өмнө нь О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын үйл ажиллагааны талаар “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд  тодорхой ярьсан. Тэдгээр хүмүүсийн ярьж буйгаас харахад цаана нь их мөнгө байна. Тэр мөнгөнд  нэр бүхий хүмүүс толгойгоо өгчихсөн шиг зүйл харагдаад байна л даа.

-Таны ярианаас нэг зүйл ойлгогдож байна. Тухайлбал, МАН, АН гэсэн хоёр нам төрийн эрхийг ээлжилж барьж  байна. Гэхдээ 2020 онд таны хэлсэнчлэн улс төрийн тэргүүлэх нам болох , эсвэл гуравдахь хүчин гэж хүлээн зөвшөөрөгдөөд байгаа учраас дотроос нь хагалах, худалдаж авах гэсэн оролдлогууд явагдаад байна гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, ийм санаархал байгаад  байна уу?

-Монголын улс төрийн  өрсөлдөөн гэдэг юм уу, ийм зүйл улс төрийн намуудын хооронд байх ёстой. Гэхдээ энэ өрсөлдөөн шударга явагдах ёстой. Өөр, өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг гаргаж, ард түмний төлөө ийм зүйл хийнэ гэж амлаад амласнаа биелүүлээд явж байгаа намууд ард түмэндээ ямар нам болохоо харуулна шүү дээ. Гэтэл өнөөдөр буруу аргаар сөрөг хүчин, өрсөлдөгчдөө, нөгөө намаа  нэр хүндийг нь унагах үйл ажиллагаа явуулаад байна.

-Бохир технологи гэсэн үг ээ?

-Энэ бохир технологи, маш бохир зүйл хийцгээж байна. Тэр МАХН-д шаардлага өгсөн гээд байгаа хүмүүс юу ярьж явна гэхээр улаан цагаандаа гарч байна шүү дээ. Бидэнд их мөнгө байна, Улсын Дээд шүүх бидний ард байгаа гээд одоогийн МАХН-ыг байхгүй болгох гээд байна шүү дээ, ний нуугүй хэлэхэд. Тэгээд бидний ард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа ч гэх шиг, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй бид уулзахаар явж байна ч гэх шиг. Ингэж наана  байгаа хүмүүсийн толгойг эргүүлж хууран мэхэлсэн. Нэг зүйлийг хэлэхэд, эдгээр хүмүүсийн бохир үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцоогүй болов уу гэж би итгэж байгаа. Ийм бохир зүйлд тэр хүмүүс оролцох юм бол юуных нь Монгол Улсын Ерөнхийлөгч, юуных нь Монгол Улсын Ерөнхий сайд байх билээ. Өнөөдөр бохир технологийг зарим улс төрийн хүчин хэрэглэж байгаа болохоос   наад хүмүүсийн  байдлыг нийт ард түмэн ойлгоноо. Би үүнийг л хэлье.

-МАХН-ын Бага чуулганаас тогтоол гарсан байх. Цаашдын бодлого чиглэл, ялангуяа улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. Энэ тогтоолд юуг онцолсон бол?

-МАХН-ын Бага чуулган 4-5 асуудал хэлэлцэж бүгдэд нь тогтоол гарсан. Өнөөдөр, маргаашаас олон нийтэд ил болно байх. Түүнээс 3-4 заалтыг онцолъё гэж бодож байна. МАН, АН, Хамуг Монгол Хөдөлмөрийн намын гишүүн нь МАХН-ын Бага чуулганыг хуралдуулах шаардлага тавьж байгаа нь МАХН-ын дүрэм болоод Монголын Улсын хуульд нийцэхгүй байгаа бөгөөд шаардлагад гарын үсэг зурсан МАХН-ын гишүүдийн тоо нь МАХН-ын  дүрэмд заасан тоонд хүрэхгүй байгаа учраас аливаа хэлбэрээр хурал зарлах нь намын дүрэм зөрчсөн үйл ажиллагаа гэж үзсүгэй. Энэ нэгдүгээр заалт. МАХН-ын Гүйцэтгэх товчоо нь намын дүрмийн дагуу ээлжит Бага чуулганы хуралдааныг  зарлахдаа шаардлага тавьсан хүмүүс, нэр бүхий гишүүдэд хүндэтгэлтэй хандаж, тэдний тавсьан асуудлыг  хэлэлцэх асуудалд оруулж, Бага чуулганы хуралдаанд урьж  оролцуулах санаачилга гаргасныг зүйтэй  гэж үзсүгэй, энэ бол хоёрдугаар заалт. Үүнтэй холбогдуулан бас нэг зүйлийг тодотгож хэлэх нь зүйтэй, ер нь бол шаардлагыг МАХН-ын хэлэлцэх асуудалд оруулчихаад бид О.Баасанхүү нарын гишүүдийг урьж оролцуулахаар олон удаа хандсан. Хэдийгээр та  бүхний шаардлага нь хууль зөрчсөн боловч, та нөхөд ирээчээ, хуралд оролц гэсэн. Ингэж  хэлсэн ч тэд ирдэггүй. Энэ нь юу вэ гэвэл, буруу асуудал тавьсан хүмүүсийн хувьд журмын нөхдийнхөө нүүрийг харах хэцүү  байгаа, угаасаа. Үүнийг нь бид ойлгож байна. Гуравдугаарт, шаардлага ирүүлсэн нэр бүхий гишүүд, хүмүүст  өөрсдийн шаардлагын үндэслэлийг тайлбарлах боломж олгон албан ёсоор урьсан  боловч төлөөлөн  оролцоогүй болохыг дурдсугай. Намын эв нэгдлийг бусниулан төөрөгдүүлсэн аливаа үйлдэлд сонор сэрэмжтэй хандах, бусад улс төрийн нам, бүлэглэл, хүчний зүгээс  ээлжит бус Бага чуулганы намын дүрмийг зөрчин  хуралдуулах гэж байгаа зохион байгуулалттай үйл ажиллагаанд татагдан оролцохгүй байхыг намын нийт, гишүүдэд уриалсугай гэсэн заалт бас гаргасан. Гэсэн ч нэр бүхий хүмүүс ээлжит бус  Бага чуулган хийх гэж зүтгээд  байна гэсэн мэдээлэл гараад байна. Саяхан хүртэл бидэн рүү хүмүүс утасдаж асууж байна. Машин амлаж байна,  байр амлаж байна, мөнгө, албан тушаал амлаж байна. Энэ юу  хэлж  байна гэвэл, тэр хүмүүс аль хэдийнэ бохир зүйлд  оролцжээ. Тэгвэл  МАХН өөрийнхөө ээлжит Бага чуулганыг  хийлээ. Шийдвэрээ гаргалаа. Тэр хүмүүсийн тавьсан шаардлага хууль бус гэдгийг бид бүх талаар хэлэлцлээ, тогтоолоо гаргалаа. Энэ нөхцөлд тэр хүмүүс ойлгох болов уу. Бид ойлгуулахын төлөө байна. Тэтэл ойлгосон ч ойлгохыг хүсэхгүй байна. Тэгэхээр өнөөдөр, маргааш тэр хүмүүс ямар нэгэн арга хэмжээ төлөвлөж хийлээ гэхэд тэр нь хууль бус гэдгийг бид нийт гишүүд, дэмжигчид, ард түмэндээ хандаж хэлэхээс өөр аргагүй.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе, намын гишүүд, дэмжигчдэдээ хандаж та  юу хэлэх вэ?

-Энэ нөхцөлд МАХН-ын гишүүд, дэмжигчдийн  эв нэгдэл юу юунаас чухал байна. МАХН эвтэй байхдаа хүчтэй гэсэн өөрийн  уриатай. Энэ уриа өнөөдөр урьдынхаасаа хүчтэй, чанга  сонсогдох ёстой. Юу гэвэл, намыг доороос нь, дотроос нь бусниулах, энэ намыг үгүй хийх гэсэн бусад нам, улстөрийн хүчний үйл ажиллагаа илтэд явж байгаа учраас бид эвтэй байж хууль бус үйлдлийг давна. Иймээс монголчууд минь энэ болж буй үйл явдлыг зөвөөр ойлгоосой гэдгийг нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт, намын гишүүд, дэмжигчиддээ би  сая хэлэлээ, бүгдээрээ эвтэй байя, нэгдэн нягтаръя, ингэж байж бид хууль бус зүйлийг давж  гарч чадна. Манай намын үйл хэрэг зөв гэдгийг би баталгаатай хэлэх байна.

Эх сурвалж: www.polit.mn Ч.ЗОТОЛ

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.