Чингис бондын 500 саяын өрөөс гадна 24 их наядын өртэй Засгийн газрыг хүлээж авлаа даа, У.Хүрэлсүх

Чингис бондын 500 саяын өрөөс гадна 24 их наядын өртэй Засгийн газрыг хүлээж авлаа даа, У.Хүрэлсүх

УИХ-ын намрын чуулган   хэдхэн мөчийн дараа нээлтээ хийнэ.  Чуулганаар хамгийн түрүүнд  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх ёстой.

Дараа нь  Засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаан батлах хуулиудыг   хэлэлцэнэ.  Эхний хоёр асуудал монголчуудын төдийгүй  олон нийтийн, ялангуяа гадна, дотны томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй нь мэдээж. Ямартай ч У. Хүрэлсүх  24 их наядын өртэй Засгийн газрыг хүлээн авч буй.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр тэрбээр энэ тухай албан ёсоор мэдэгдсэн. Харин  мань хүн   Ж.Эрдэнэбатын  байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр тэр хэвээр нь үргэлжлүүлэхээр болжээ.   У.Хүрэлсүхийг одоо хэд хэдэн томоохон сорилтууд хүлээж байгаа. Асуудлыг хэрхэн оновчтой шийдэхээс  өөрийнх нь хэлсэнчлэн Засгийн газрын ордонд зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байх уу, нийгмийн захиалгат Ерөнхий сайд гэх  авторынхоо эзэн байх уу гэдэг нь харагдана.  Хэдхэн хоногийн дараа 2018 оны төсвийг хэлэлцэх учиртай.

Энэхүү төсөвт 2018 оны нэгдүгээр сард төлөх хуваарьтай “Чингис” бондын эхний эргэн төлөлт болох 500 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийн эх үүсвэрийг суулгах өгөх  ёстой.  Үүнтэй зэрэгцээд  хүлээлтийн байдал руу шилжсэн   ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх асуудал хөндөгдөнө.  Үүнийг   хэрхэн үргэлжлүүлэх, ОУВС-тай дахин зөвшилцөлд хүрч чадах эсэх нь У. Хүрэлсүхийн хувьд   эхний сорилт байх болно. Мөн Монголын эдийн засагт түлхэц өгөх  нүүрсний экспорттой холбоотой   асуудлаар БНХАУ-тай  ширээний ард суун зөвшилцөлд хүрэх явдал. Томоохон төслүүдээ хөдөлгөхийг  ч нийгэм шаардаж буй. 

Энэ  бол  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхитай холбоотой томоохон асуудлууд.  Нөгөөтэйгүүр,  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөх үетэй давхцан Багш нар цалингаа нэмүүлэх талаар байр сууриа илэрхийлэн, түр хороо байгуулан ажил хаялт зарлах хэмжээнд очсоныг хэн бүхэн мэдэж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох нь тодорхой болмоц нийгэм өмнөх Засгийн газруудын нэгэн адил  багш нарын цалинг ямар нэг байдлаар нэмэх  байх гэж харж байлаа.  Гэвч тэрбээр асуудлыг өөрийнхөөрөө шийдэж орхисон нь зарим талаар нийгэмд таалагдаж байх шиг байна.   Үүнийгээ ч  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ ээ.  Би  байгаа төсвөө судалж үзсэн. Ямар ч боломж байхгүй гэдгийг  албан ёсоор мэдэгдэе.

Гэхдээ боломж, гарц байгааг олж харсан гишүүд байвал надад хэлээрэй. Хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээн шулуухан байдлаар байр сууриа илэрхийлсэн.  Хүүхдийн мөнгөний асуудал  дээр ч ялгаагүй хандсан.   Гэхдээ он дуустал өгөх боломж байгаа гэв. Асуудал өдөр хоног өнгөрөх тусам ар араасаа хөвөрнө.    Түүний байгуулсан Засгийн газрын танхимын гишүүдийн  ажлын туршлага, ур чадваараас ихээхэн шалтгаална гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.  Улс төр судлаач Д.Уламбаяр “Одоогийн парламентад УИХ-ын дарга М.Энхболдыг дэмжигчид олон байгаа.

М.Энхболд болон У.Хүрэлсүх нар хоёр талд хуваагдсан байдалтай байна. Тэгэхээр шинэ Засгийн газарт аль алиных нь эрх ашиг яригдана. У.Хүрэлсүхийг парламентад суудалтай 30 гаруй хүн дэмжсэн. Тэдэнд мөн “бялуу” хуваах хэрэгтэй болно. Энэ бүх сорилтыг У.Хүрэлсүх хэрхэн давж гарах нь түүний хэлэлцээ хийх, харилцан тохиролцох, буулт хийх зэрэг чадвараас шалтгаална” хэмээснийг  тархиныхаа мухарт хадгалчихад гэмгүй байх. 

Б.Билгүүн-Очир

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.