Сонгогдох болохоороо нам гэж гүйдэг нөхдүүддээ хариуцлага тооц

Сонгогдох болохоороо нам гэж гүйдэг нөхдүүддээ хариуцлага тооц

Монголын улстөрийн намууд намын бодлого, шийдвэрээр улс орноо байгаа төвшнээс нь ахиулна гэсэн зорилготойгоор тухайн намын гишүүдээ УИХ-д нэр дэвшүүлдэг  биз.  Сонгогдсон нөхөд нь ч  улс хийгээд сонгогчдын эрх ашгийн  төлөө ажиллана гэж тангараг өргөдөг болов уу.  УИХ-ын  2016 оны сонгуульд  Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэн  65 суудал өгсөн. Ард түмний итгэлээр сонгогдсон МАН Засгийн газраа байгуулж ажилласнаар нэг жилтэйгээ золгож буй. Засгийн газар өнгөрсөн  хугацаанд    хугацаа тулсан багагүй бэрхшээлийг давж гарсан. Бондын өрийн дарамт, орон нутгийн сонгууль, 2017 оны улсын төсөв батлах, Ерөнхийлөгчийн  сонгууль гэхчилэн.  Энэ бүхэн  Засгийн газарт  босго өндөртэй шалгалт байсан гэж хэлж болно.  

 Гэвч  Засгийн газар  тэрхүү шалгууруудад өвдөг сөгдөөгүй атлаа хажуугаас сийгсэн намрын салхинд үндэсээрээ булга татуулах дээрээ тулж  байгаа нь тун харамсалтай. Тодруулбал, МАН-ын үе үеийн Удирдах зөвлөлд ажиллаж байсан, удирдах албан тушаал хийж байсан, МАН-ын толгойд ажиллаж байсан  гишүүд нь.   Нэг талаас нь энэ нь  эх орноо  аврах гэж байгаа мэт  боловч  чухамдаа  өмнөх алдаанаасаа, өөрсдийнхөө үүрэх ёстой хариуцлагаас мултрах гэсэн уйвагүй үйлдэл юм уу даа.  Ийм өвчин газар авч ужгирсаар  20 гаруй жил болж байгаа.   Яг одоо УИХ-ын ээлжит бус чуулган  Засгийн газар огцруулах асуудлыг хаалттайгаар  хэлэлцэж байна. Хатуу үнэнийг хэлэхэд, УИХ дахь МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулах  бус   өөрсөддөө  хариуцлага тооцох тухай  асуудлыг  ярих ёстой. Түүний дараа  иргэд сонгогчдыг  төлөөлж,  Засгийн газартай хариуцлага тооцох ёстой санагдана. Тэгээд ч  хэн нэгэн түшээ  хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа  чанга хашгирсан нь  ард түмний итгэлийг хүлээдэг  юм биш.

Хамгийн эмзэглүүштэй нь Монголын улстөрийн намын залуучууд олон жил улстөрд явсан ахмадуудынхаа хагаран бутардаг, талцдаг алдааг давтаж байгаа нь юутай харамсалтай вэ.  Тэгж огцруулах байсан юм бол яах гэж  65-уулаа нэг ч эсэргүүцэлгүйгээр Засгийн газрыг байгуулж байсан юм бэ.   Засгийн газрыг  огцруулах асуудал бол нэн тулгамдсан асуудал биш. Хэн нэгэнд тунихаараа Засгийн газраа огцруулдаг байж болохгүй. Хэн нэгнийг илүү үзэхээрээ хов ярьж, тэр хов нь ард түмэнд хүрч, хөгжил биш хов ярьсаар урагшлах биш ухарч байна гэдгийг л бодох хэрэгтэй.  Зарчмын хувьд УИХ дахь  бүлгийн хурал дээр Засгийн газрын сайд нарын алдаа, дутагдал, хариуцлага хүлээлгэх асуудлыг ярих ёстой байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа бүлгийн хурал дээр нэг ч сайдад хариуцлага тооцох асуудал яриагүй юм.  Магадгүй энэ  нь Засгийн газрыг огцруулах нөхцөл  болсон байж мэднэ.  

Хэн Төрийн ордонд шүдэнз зурж, түймэр тавив. Энэ түймрийг хэрхэн  унтраах вэ,  цаашид  байнга ассаар байх уу. Ингэхэд, Монголын ард түмэн  ямар үнэт зүйлийг  үндэслэл болгож  төрийн түшээдийг одоо хийгээд  ирээдүйд шүүх юм бэ.  Тийм  үнэт зүйлийг яг одоо бий болгох цаг болж. Энэ удаагийн  Засгийн газрыг огцруулах тухай асуудал   Монголын төр, ард иргэдийн түүхийн нэг шалгуур болж байна.  Улс төрийн хүчнүүдийн хувьд ч  цаашид багийнх тоглолт  ямар  байх вэ  гэдгээ одоо зөв тодорхойлох ёстой.  Тиймгүйгээс сонгогдох болохоор нам гэж гүйгээд, сайдын сэнтийд заларахаараа  нам хамаагүй болдог  уйваагүй  үйлдэл  өнөө хэр амь бөхтэй оршиж буй хэрэг. 

Ч.Чулуун

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.