МАН-ын 60 тэрбумын бичлэгийн хэргийг хаажээ

МАН-ын 60 тэрбумын бичлэгийн хэргийг хаажээ

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа олны анхааралд байгаа тус газрын хяналтад байгаа зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, МАН-ын удирдлагын бүтцийн зарим гишүүдийн нэр холбогдсон 60 тэрбумын хэрэг, УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн эсэх, Сайншанд үйлдвэрийн асуудлаар тайлбар өгчээ.

Д.Гантулга гишүүний хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бол МАН-ын гишүүдийн ярилцсан төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцсан гэх бичлэгийг шалгаж үзээд хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээн хаажээ. Тодруулбал, тус газрын зүгээс АТГ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажлын хэсэг байгуулж улмаар бүх шатанд ажиллаж буй 3000 гаруй төрийн албан хаагчдыг шалгаж, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөнийг ч хянажээ.

Мөн төрийн албыг хууль бусаар авахын тулд сонгуулийн дүнд нөлөөлсөн эсэхийг ч шалгаж ямар нэг зөрчилтэй асуудал илрээгүй учраас МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон түүний зөвлөх А.Ганбаатар нарт хэрэг үүсгэхээс татгалзжээ. Түүнчлэн, иргэн Г.Доржзодовын задалсан 60 тэрбумын хэрэгт холбоотой бичлэг, зураг баримтуудыг ч нэгбүрчлэн шалгасан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн дүгнэлтүүдийг үндэслэн энэхүү бичлэг нь эх хувиараа биш, гурван хүний дуу дүрсний бичлэгийг  эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээний обьект нь заавал эх хувь байна гэдэг заалттай гэнэ. Энэ утгаараа дээрх бичлэгүүд нь эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон хэмээгээд хэргийг хаажээ. 

Б.Өнөр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.