Мөнгө харсан томилгоо, мэдлэггүй боловсон хүчнээс татгалзах болжээ

Мөнгө харсан томилгоо, мэдлэггүй боловсон хүчнээс татгалзах болжээ

Улс төрийн ууган хүчин МАН дотроо бужигнаантай байна. Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэхтэй зэрэгцэн НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхөөр болж өргөдлөө өглөө. Түүний хувьд 60 тэрбумын бичлэг огцрох гол үндэслэл нь болсон бол араас нь Нийслэлийн Засаг дарга огцорч мэдэхээр улс төрийн нөхцөл байдал үүсчээ. 

Түүнийг  хурдтай ажиллаж, гаргасан шйдвэрүүддээ хариуцлага хүлээж чадахгүй дахин дахин эргэж буцаж байна хэмээн иргэд дургүйцэж бухимдлаа илэрхийлэх болсоор удсан. Хамгийн сүүлд хот төлөвлөлт, дэд бүтэц эхнээсээ буруу хийгдсэн гэж дүгнэгддэг хотод  автомашины зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гаргасан нь  түгжрэлийг нэмсэн үү гэхээс хассангүй.

Дээрээс нь орлогч нь түүнийг байхгүй үед  энэ шийдвэрийг гаргасан гэсэн нь түүнийг ажлаа мэдэхгүй нэгэн болгон харагдуулж,  улс төрийн нөхцөл байдал хурцадсан үед С.Батболдыг шүүмжлэх галыг өрдөж,  дайран дээр нь давс нэмж орхив. Засаг дарга огцрох юм бол нийслэлийн агентлаг газруудын дарга нар хөдлөх нь дамжиггүй.

Хөдөлгөөнд орж солигдох дарга нарын оронд хэн томилогдож, ирэх сонгуулиас өмнө  иргэдийн сэтгэлд хүрэхүйц ямар ажил хийх вэ гэдэг л илүү чухал болоод байна. Тиймээс ч МАН-ын жирийн гишүүд үүнд аль хэдийн анхаарал хандуулаад эхэлсэн. Халаа сэлгээ хийхийг ч дэмжиж  байгаа аж.   

Ц.Сундуйн хувьд намын анхан шатны гишүүдийн дэмжлэгийг авч чадахгүй шахам байсаар уджээ. Тиймээс ч анхан шатнаасаа эхлээд дунд дээд шатандаа түүнийг огцруулахыг дэмжигсэд олон байсан. Түүнийг анх томилогдоход намын анхан шатны гишүүд нь дээд дарга нар яаруу бачуу хүнээ сайн судлалгүй томиллоо гэх шүүмжлэлийг хөврүүлж байжээ.

Тиймээс ч энэ алдааг одоо дахин давтахуйн тулд  цаашид томилогдох хүмүүсийг  ажлын дадлага туршлагатай, намын нийт гишүүдийн дэмжлэгийг авч чадахуйц,  олон нийтэд  танигдсан, мэдлэг боловсролтой,шийдэмгий, ёс зүйтэй, нам дамжсан олигархи бүлэглэлтэй холбоогүй, чадварлаг мэдрэмжтэй хүн байх хэрэгтэй гэж  намын жирийн  гишүүд нь зөвлөж байгаа.

Мөн намын анхан шатны гишүүдийн санал бодлыг дарга нар илүү сонсох хэрэгтэй. Дээрээс доош биш доороос дээш өгссөн шийдвэр гаргаж байж амьдралд илүү ойртон, ард иргэдэд хүрсэн  ажил нь хийдэг болно гэж зөвлөж байгаа юм.

Яаж ч бодсон МАН хүнээ сайн таньж, албан тушаалын томилгоог зөв хийж, иргэддээ чиглэсэн ажил хийхгүй бол ирэх сонгуульд ялах магадлал бага.  Мөнгө харсан томилгоо хийж, ажил мэдэхгүй хүмүүст албан тушаал өгсөн нь намын нэр хүндийг унагаж иргэд олон түмний дэмжлэгийг зогсоосныг Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харууллаа гэж гишүүд нь дүгнэх болсон.

Тиймээс ч нам шинэчлэгдэж, мэдлэг, чадвартай боловсон  хүчнийг сонгох нь улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, намын нэр хүндийг өсгөх ганц боломж гэж дүгнэж байна. Ямартаа ч МАН-ын энэ удаагийн халаа сэлгээний үеэр хаана хэн томилогдож, юу хийж чадахыг олон нийт харах л үлдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.