Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Төрийн албыг наймаалдаг гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Төрийн албыг наймаалдаг гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулган дөнгөж сая тангаргаа өргөж, ард түмэн, УИХ-д хандаж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөсөн. Түүний дараа Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгийг түүнд гардуулж өгсөн юм.

Улмаар иргэдийн төлөөлөл Монгол Улсаа хөгжүүлсэн сайн Ерөнхийлөгч байхыг захив. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж хүүдээ мөнгө аяга, алд цэнхэр хадгийн хамт гардуулж, амжилт хүссэн юм.

Энэ бүхний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ болон ард түмэнд хандаж үгээ хэлсэн юм. Тэрбээр “Элэг нэгт ахан дүүс ээ. УИХ-ын эрхэм гишүүд ээ. Хүндэт хатагтай, ноёд оо. Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг саяхан өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага юм. Би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан, чи шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна аа.

Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун баяр, талархал илэрхийлье. Мөн хамтан өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөө Монголын төлөөх цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсье. Энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчдөө цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.

Монголын ард түмэнд маш олон хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн бодлого зорилтууд ар араасаа цуварч, хамтын ажиллагаа, хөдөлмөрч сэтгэл, эх оронч сэтгэлгээг шаардаж байна. Олон түмний хүлээлт хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь  надад оногдсон үүрэг гэж бодож байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож, дөнгөж сая Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа дахин тангараглаж байна аа.

УИХ-ын эрхэм гишүүдээ, та биднийг хойшлуулашгүй шийдэх ажлууд шилээ даран хүлээж байгааг бид бүгд мэдэж байгаа. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Хүлээн авна уу. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдаж, аюултай хэмжээнд хүрчихээд байгааг би онцгой анхаарч, бүх боломж бололцоогоо энэ асуудал чиглүүлж, та бүхэнтэй хамтарч ажиллах болно.

Монголчуудаа, ахан дүүсээ би иргэдтэйгээ хамтарч ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Богино хугацаанд эдийн засаг нь өссөн, дотоодын үйлдвэрлэл бий болсон, иргэдийн бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой бүтээж, цогцлоож чадна гэдэгтээ итгэл төгс байна. Би ажлын зарчимдаа дараах зүйлүүдийг дэмжихгүй гэдгээ хэлье. Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг хэзээч дэмжихгүй.  Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг алив төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.  Төрийн эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ хөсөрдүүлдэг харгис жишгийг халах болно. Төрийн ёсыг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн эх оронч Ерөнхийлөгч байна. Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг бий болгосон Ерөнхийлөгч байна. Би экологийн тэнцвэрийг хадгалж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна. Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна. Би энэ цагаас эхэлж Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч орон, хамтарч ажилласан үндэстэн болгохын төлөө ажилдаа шуурхайлан орно оо.

Мөнх тэнгэр биднийг ивээг, сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Дээдсийн маань хийморьлог сүнс биднийг уриалан дуудаг. Монгол Улс мандан бадартугай” хэмээн хэллээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.