УИХ-ын дарга М.Энхболдод Сингапурын Ерөнхий сайд бараалхав

УИХ-ын дарга М.Энхболдод Сингапурын Ерөнхий сайд бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн, Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалахсан болохыг дуулгав. Тэрээр, Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэхийн сацуу энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар яриа хэлэлцээр амжилттай болно гэдэгт итгэж байна гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлэхдээ, “Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд тантай анх удаа уулзаж, танилцаж буйд баяртай байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлал мөн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцож буй энэхүү арга хэмжээ бол Монгол, Сингапур хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Сингапур Улс бол АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй байр суурь эзэлдэг улс орон юм. Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улстай харилцан ашигтай, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Энэ хүрээнд эрдэс баялаг, эрчим хүч, уул уурхайтай холбоотой дэд бүтэц, боловсрол, мэдээллийн технологи, банк санхүү зэрэг үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах нөөц, боломж их байна. Монгол Улсад улс төрийн сонгууль болж, Монгол Ардын Нам олонхийн суудал авсан энэ үед засгийн эрх нэг намаас нөгөө намд шилжиж байгаа хэдий ч бид гадаад харилцааны бодлогын залгамж чанар мөн хоёр орны найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай анхаарч ажиллах болно” гэлээ.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн, “Баяралалаа, Эрхэм Улсын Их Хурлын дарга аа. Таны хэлсэнчилэн манай хоёр улсын харилцаанд хөгжүүлэх олон салбарт боломж бий гэдэгт найдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэр эрчим хүчний салбарт хамтарч ажиллах мөн Сингапур Улсын иргэд Монгол Улсад 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих талаар ярилцлаа. Ойрын хугацаанд шийдэгдэх байх найдаж байна. Түүнчлэн манай бүрэлдэхүүнд бизнесийн төлөөлөгчид багтсан байгаа, цаашид бизнесийн хүрээнд ямар боломж бий хэрхэн хамтран ажиллах талаар судлах юм” гэв.

Улсын Их Хулын дарга М.Энхболд, Монгол Улс Сингапур Улстай уул уурхай салбарт хамтран ажиллахад бэлэн байгаа төдийгүй аялал жуулчлал, боловсрол зэрэг бусад салбарт хамтран ажиллах боломж байгаа гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.