Дахин сонгууль болвол Н.Энхбаяр нэр дэвшиж магадгүй

Дахин сонгууль болвол Н.Энхбаяр нэр дэвшиж магадгүй
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар намын нөхдийн хамт өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, энэ үеэр дахин сонгууль болвол тус намаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвшиж магадгүй талаар мэдээллээ.
 
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр өнгөрсөн сонгуульд өөрт нь саналаа өгсөн иргэдийг ирэх сарын 7-нд болох дахин санал хураалтад цагаан хуудас уншуулан, дахин сонгууль явуулахыг уриалсан юм. Ингэснээр гурван намаас дахин өөр нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөх боломжтойг хэллээ. Улмаар дахин сонгууль болсон тохиолдолд МАХН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвших эсэхийг тодруулахад, “МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийнэ ялчихсан.
 
Нүгэлд идээшиж хулгайд гаршчихсан төрийн хулгайч нар ухаан алдаж айсандаа Сонгуулийн ерөнхий хороонд урьдчилсан сонгууль явуулж хассан. Энэ шударга бус байдлыг Монголын ард түмэн мэддэг.  Дахин сонгууль болвол МАХН-ын эрх бүхий байгууллага нь нэр дэвшигчээ тодруулна. Монголд өнөөдөр их өрийг тэглэсэн туршлагатай хүн байна. МАНАН-гийн оройд мянганы зам тавьсан хүн байхгүй” гэлээ.
 
МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ялтай хугацаа нь долдугаар сарын дундуур дуусах билээ. Харин дахин сонгууль болсон тохиолдолд Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нь нээгдэх бөгөөд нэр дэвшигч С.Ганбаатар ч энэ хувилбарыг үгүйсгэсэнгүй.   
 
Б.Болортунгалаг
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.