Нас ойролцоо ч, зангараг хол Архангайн гурав

Нас ойролцоо ч, зангараг хол Архангайн гурав

“Хэн нь хэн бэ” булангийнхаа энэ удаагийн дугаараас эхлэн УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ, өмнө нь хэн байв, одоо хэн болов, юу хийж байна, сонгогчдын итгэл найдварыг дааж чадах төрийн түшээ мөн үү гэдгийг тольдон уншигчиддаа мэдээлэхээр шийдлээ. Анхны зочдоор мэдээж УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нарыг онцолж байна.

МАН-ыг шинэчлэгч

Тун саяхныг хүртэл тэр орчлонг өөрийнхөөрөө туулж байлаа. Дүү минь, хүү минь гээд энгэртээ наан, элгэндээ тэврэх  нэр төртэй улстөрчид, нутаг  нугын  хуурай ах, эгч нарын хэн нь ч байгаагүй. Хөх даалимбан дээл, хуучивтар боловч гялтайтал тосолсон хромон  гутал, ул тавиад машиндсан юм шиг тачирхан халимаг үстэй сөөсгөр шар хүүг яруу найраг хийгээд улс төрд хожмын өдөр зангарагтайгаар орж ирэх юм гэж хэн ч санаагүй биз ээ. Харин эдүгээ тэр хэдийнэ бие хүн болж  төлөвшсөн төдийгүй  шинэ цагийн Монгол Улсын төрийг засаглалцаж яваа. 

Ийм хүний намтар түүх өөрийн эрхгүй сонирхол татдаг юм билээ.  Хэн байгаад хэн болсон нь шууд л  анзаарагддаг.  Нөгөө талаас нь түншиж үзэхэд ч  цагийн аяст  зөөлөрч яваа  МАН-ын шинэ үеийн түүхийн нэгээхэн хэсэг гэж уншигддаг. Ж.Мөнхбат энэ жил 37 настай,  Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1979 онд төрсөн.   1995 онд Архангай аймгийн “Тунгалаг тамир” хоршооллын найман жилийн  II  дунд сургуулийг,   1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургуулийг,  2002 онд МУИС-ийг Улстөр судлалаар тус тус  төгссөн.  Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй тэрбээр 2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах, 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Мөн 2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч, 2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улс төрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, 2011 оны  зургадугаар  сараас МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонинд Ерөнхий эрхлэгч, 2012 оны аравдугаар  сараас МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, 2013 оны нэгдүгээр сараас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2016  оноос УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Тэрбээр харьцангуй эрт улс төрд хөл тавьсан. Тодруулбал, 1999 онд Их сургуулийн хоёрдугаар дамжааны  оюутан байхдаа МАХН буюу одоогийн МАН-д элссэн байдаг. Чухам түүнийг хэн гээч улстөрч улс төрд хөтлөн оруулсан тухай тэрбээр одоогоор ам нээгээгүй байгаа.

Нууц чигээр нь үлдээх нь зөв гэж боддог  байж ч мэднэ.  Эсвэл бусдын нөлөөнд автан дарвиж яваад  МАХН гэх тухайн цагийн их айлын хаалгыг татсан  байх магадлал өндөр. Цаг үе нь тийм байсан юм.  Гэхдээ тэр  зөв харж, зөв тооцсон.  Тэр  ч утгаараа 25-хан насандаа МАСЗХ (одоогийн НАМЗХ)-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон биз. Намынхан нь түүнийг У.Хүрэлсүхтэй адилтгах нь бий.

Хувь хүний зан төлвийн хувьд ч  мань хоёрт  төстэй чанар  олон бий. Омголон, шазруун зантайн дээр  байнга давших тактик баримталцгаадаг нь заримдаа алддаг л байх. Гэхдээ хувь улстөрчийн тухайд  аль аль нь оносон нь их. Гэхдээ тэднийг  өглөө үдэшгүй хөтлөлцөөд гүйж явсан  гэж дуулддаггүй. МАХН  улс төрийн шинэ замаар явах болсон тухайгаа дэлхий дахинд зарлан тухаглахад ч, өөрөөр хэлбэл МАН шинэчлэгдэх цаг болсныг зоригтойгоор хэлж байсан хүмүүсийн нэг нь Ж.Мөнхбат.

Чухам тэр зоригийг нь шинэчлэгчид үнэлэн 2012 онд МАН-ын Бага хурлаар намынхаа  Ерөнхий нарийн бичгийн даргаар  сонгосон.  Энэ тухай түүхийн шар хуудаснаа “Ж.Мөнхбат нийт гишүүдийн 55 хувийн саналыг авч ийнхүү МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар  сонгогдлоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Б.Энхмандах нар албан ёсоор нэр дэвшихээ мэдэгдээд байсан юм” гэж тэмдэглэгдэн үлджээ. Ингэж тэрбээр Монголын хамгийн том хоёр намын нэг, улс төрийн ууган хүчний хамгийн чухал гэж хэлж болох албан тушаалд томилогдсон юм.  

Сайн, муутай нь хутгалдан байж, Ардын намын төлөө тууштай зүтгэсэн  зүтгэл нь түүнийг  УИХ-д хоёронтоо нэрийг нь  дэвшүүлсэн.  Үнэндээ бол тэр УИХ-ын хоёр сонгуульд хоёуланд нь ялалт байгуулсан юм билээ. Эхнийхийг нь АН-д булаалгачихсан болохоос биш.  Гэхдээ тэр нутаг нугынхандаа хэн болохоо улстөрчийн хувьд  харуулж чадсан учраас УИХ-ын 2016 оны сонгуульд  архангайчууд түүнд дахин итгэл өвөрлүүлсэн төдийгүй  МАН нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг түүний мэдэлд өгсөн.  Нөгөөтэйгүүр,  Ж.Мөнхбатын амьдралын хамгийн том өнцөг нь уран бүтээл юм.

Яруу найрагчийнх нь хувьд ч, зохиолчийн тухайд ч тэрбээр түмэнд дэлгээд барих олон сайхан бүтээлтэй. “Болор цом” яруу найргийн наадамд “Төрд хэлэх үг” шүлэг нь түрүүлэн, Монголын яруу найрагт шинэ үе орж ирж байгааг тунхаглан зарласан бол “Долоон бурхан харвадаггүй” кино зохиол нь түүнийг ямархан чансаатай зохиолч болохыг нь бататган харуулсан билээ. Бас  он цагийн түүхэнд бүдгэрч  мэдэх анхны долоогийн үнэний зам мөрийг шинэ үеийнхэнд нотолж өгсөн  гэж дүгнэж болно.

Ханцуйдаа наймаалцахдаа гаргуун  Ё.Баатарбилэг

Энэ эрхэм бол Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байснаасаа илүүтэй Цэнхэр сумын нутаг Орхоны Хөндийн алтны уурхайн лицензийн асуудлаар АТГ-т шалгагдаж улмаар жил гаруйн хугацаанд саатуулагдаж байсан гэдгээрээ олны танил болсон нэгэн.  Эдүгээ УИХ дахь хамгийн бэл бэнчингүй гишүүнээр тодроод байгаа. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхох аваас 207 сая төгрөгийн өртөг  бүхий хоёр байр гэснээс өөр эд хөрөнгө дурьдагдаагүй байх  аж. Унах унаа ч түүнд алга. Гэхдээ  мань эр УИХ-ын гишүүний  бүрэн эрхийн хугацааг ашиглан төрийн унааг зайдалж байх санаатай ч байж мэднэ.  Боловсрол мэдлэгийн хувьд ч бусдаас илүү гарах юмгүй. МУИС-ийн түүхийн ангийг төгссөн юм билээ.

Ийм л хүн Архангай аймгийг найман жил засаглажээ. Аймгийн Засаг даргаар ажиллахдаа   дорвитой зүйл  хийгээгүй  гэж нутгийнхан нь шүүмжилж, ямар сайндаа   хэлсэн үг нь хор болж, хийх ажлаа  ханцуйдаа наймаалцдаг гэх үгийг түүнд зориулж гаргаж байх вэ. Тэрбээр ихэнхдээ  Улаанбаатараас ажлаа хийдэг байсан гэнэ.  Албан өрөөнийх нь  үүдэнд газар хэлтсийнх нь дарга нар хөлхөлдөж  “Халуун зунаар саалиа хаяад явдаг дарга  байдаг юм аа” хэмээдэг байж.

Түүнчлэн  муу хүний балгаар Архангай аймгийн албан байгууллагуудын үйлчлэх үйлчилгээ, төрийн нээлттэй ил тод байх зарчим устаж үгүй болсныг  эдүгээ шинэ удирдлага нь сэргээх гэж үйл тамаа үзэж байгаа аж.  УИХ-ын ээлжит сонгуульд хоёронтоо годройтож байж саарал ордны босго алхсан түүний улс төрийн угшлыг хөөх аваас МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн гэгддэг байж. Түүнийг Монгол Улсын  Ерөнхийлөгч байх үед Улс төрийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм билээ.

Үг сонсох тэнхэлгүй Г.Тэмүүлэн

Амандаа алт “зууж” төрсөн багачуудын нэг бол Монголын нөлөө бүхий улстөрч, нөлөө бүхий хөрөнгөтөн, нөлөө бүхий уяач Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн. Сайн эцгийн өвөр дээр  хоолгүй хонохын зовлонг амсалгүй тарвалзаж өссөн тэрбээр дээд боловсролыг олж авахдаа ч Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн  буянаар  мөнгөгүйдэж үзээгүй нэгэн.  Г.Тэмүүлэн 1999 онд Австрали улс Канберра хотын ерөнхий боловсролын “Диксон” коллеж, 2003 онд АНУ-ын Вашингтон хотын Американ Их сургуулийн ОУ-ын харилцааны сургууль, 2005 онд Американ Их сургуулийн Нийгэм судлалын сургуулийг тус тус төгсчээ. 

Ийм өндөр боловсролыг хүүдээ эзэмшүүлэхийн төлөө эцэг нь ямар их  хөрөнгө, ямар их  зориг гаргасныг хэн ч мэдэхгүй. Монголын  валютын нэгээхэн хэсэг чухамхүү  Ганзоригийн хүүгийн боловсролд зарцуулагдсан нь тодорхой харагдаж байгаа биз. Төгсч ирээд ч шууд л  Ашигт малтмал, газрын тосны газарт  Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажилласан байх юм. Нийгэм судлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн нарийн мэргэжлийн салбарт ажиллах болсон нь ч сайн эцгийн  нөмөр нөөлөг,  хичээл зүтгэл,   хөрөнгө бэлтэйн хүч биз.  Төрийн албанд хөл тавина гэдэг өнөө цагт тэнгэрийн умдаг атгасантай адил болоод байгаа.

Харин Тэмүүлэнгийн хувьд энэ бол санаа зовох зүйл биш байсан нь ойлгомжтой. Төрийн албаны шалгалтыг эрдэм чадлаараа давсан уу, эргүүлж тоолох мөнгөний  дүнгээр худалж авсан уу гэдгийг эдүгээ нотлох гэж оролдоод  нэмэргүй юм хойно. Ямартай ч төрийн өндөр албан тушаалыг хашсаар яваа нь үнэн. Даргын сэнтий эндээс эхэлж,  2009-2011 онд “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, 2009-2013 онд “Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал,  2013  оноос “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн дэд сайд гээд явж өгсөн.  МАН-даа  эцгийнхээ нөлөөгөөр нэр нүүртэй яваа.

Тэрбээр улс төргүйгээр хол явахгүй гэдгээ мэдэрсэн даруйд МАН-д элсч улмаар 2015 онд  МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн даргаар сонгогдсон. Гадна төрх нь дөлгөөн мэт харагддаг мань эр  ачир дээрээ  ихэд ширүүн  төдийгүй бусдын үгийг сонсох тэнхэлгүй нэгэн гэнэ билээ.  Холбооны эв нэгдлийг тогтоож, холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, удирдлагаар хангах үүрэг хүлээдэг тэрбээр өөрийг нь шүүмжилсэн хэнийг ч болов тэгсхийгээд холбооноос зайлуулах болсон нь нэр хүндийг нь навсайтал унагахад хүргэжээ. 

Харин эдүгээ мань хүн эцгийнхээ төрж, өссөн  нутгаас УИХ-д сууж буй. Уул уурхайн дэд сайдаар ажиллах хугацаандаа тэрбээр нинжа нарт там болтлоо  идэгдэж гүйцсэн нутаг нугынхаа төлөө юу ч хийгээгүй атлаа УИХ-ын сонгууль болохоор  өвөг дээдсийнхээ нэрийг барьж харайлгасаар яваад төр түшилцэх эрхийг олж өвөртөлсөн. Харин одоо юу хийж, сайн эцгийн нэрийг мандуулахыг архангайчууд хүлээсээр жил тойрч буй. Хурдан морины жүчээ, амралтын газар хоёрынхоо дунд жирийсээр явтал дөрвөн жил нь өнгөрсөн байх вий дээ.

Ямартай ч, УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүдийн тухай өгүүлэхэд ийм байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хувьд төрийн бодлого тодорхойлох гол хүмүүсийн нэг болтлоо өсч, өндийсөн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар чуулганы хуралдаа ч идэвх муутай оролцож, түмнийг төлөөлөх үүргээ тун ч хангалтгүй гүйцэтгэдэг нь удаа дараа хийгдсэн судалгаагаар харагдаад байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.