АН-ын удирдлагуудыг 24 цагийн дотор огцрохыг шаардлаа

АН-ын удирдлагуудыг 24 цагийн дотор огцрохыг шаардлаа

АН-ын шинэчлэх түр хороо байгуулагдсан байна. Тус хорооны төлөөлөл дөнгөж сая намын төв байранд мэдээлэл хийлээ. Түр хорооны гишүүн П.Галиндэв “Монголын ард түмэн өмнөх сонгуулиар АН-д их итгэл хүлээлгэж УИХ-д олуулаа  болгож өгсөн. Улмаар манай нам сонгогчдын дэмжлэгийг нэмэгдүүлэх олон сайн ажлыг санаачлан эхлүүлсэн.

Улс орон даяар их бүтээн байгуулалт өрнүүлж, нийслэлийг нийслэл шиг болгох эхлэлийг тавьсан гээд олон ажлыг нэрлэж болно. Харамсалтай нь нам дамнасан эдийн засгийн бүлэглэл, нам доторхи фракц хоорондын утга учиргүй зөрчилдөөнд хэт автан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж, 1996-2000 оны гашуун түүхээ давтсан.

Мөн алсын хараагүй шийдвэрүүд гаргаж, жирийн шударга гишүүдийнхээ дуу хоолойг боож, үнэт зүйл, зарчмуудаа уландаа гишгэсэн, ёс зүйгүй гишүүдийн дүрэмгүй “тоглолт”-ыг дэвэргэн, улс төрийн алдаатай бодлого явуулсан удирдлагуудын байр суурь зэрэг нь намын нэр хүндийг ихээр унагааж, энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд АН-ыг бүрэн ялагдууллаа.

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн дээрх байдлыг жил гурван  сарын өмнөөс АН-ын одоогийн удирдлагуудад анхааруулж, баярын хурал дээр лоозон өргөж хүртэл шүүмжилж байсан төдийгүй, удаа дараагийн шаардлагуудыг хүргуүлж байсан. Гэвч тухайн үед эрх мэдэл, тойрон хүрээлэгчдийнхээ магтаалд хэт автсан намын удирдлагууд алдаа дутагдлаа ойлгохгүй явсаар ийм байдалд хүргэлээ” хэмээлээ.

Харин түр хорооны гишүүн Г.Хажидмаа “Ардчилсан намыг эдийн засгийн бүлэглэл, фракц, ёс зүйгүй гишүүдээс бүрэн цэвэрлэж, хариуцлага ёс зүйн тогтолцоог нэвтрүүлэн, Их хурлаа хуралдуулан үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн улс орныхоо ирээдүйн хөгжлийг тогтвортой бодлогоор манлайлах бодлогын нам болгон эрс шинэчлэх үйлсэд 21 аймаг есөн дүүргийн нийт гишүүд, дэмжигчдийг идэвхитэй оролцож, намын төв байран дээр ирж бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэв.

Тиймээс Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнөөс санаачлага гарган АН- ыг шинэчлэх түр хороог зохион байгуулан намын төв байран дээр байрлах болсныг үүгээр мэдэгдэж байгаа аж. Улмаар тус хорооноос хэдэн хэдэн шаардлагыг  АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон бусад удирдлагуудад шаардлага хүргүүлж байгаа юм байна.  Тодруулбал, Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар намын нийт гишүүд дэмжигчдээсээ өөрийн биеэр уучлалт гуйж, хариуцлага хүлээн, огцрох өргөдлөө 24 цагийн дотор гаргах, АН-ын Гүйцэтгэах зөвлөл, ҮЗХ-г 48 цагийн дотор яаралтай хуралдуулж Намын их хурлыг наймдугаар сарын 15-ны дотор зарлах гэнэ.

Ардчилсан намыг шинэчлэх түр хороонд дараах эрхүүдийг шилжүүлэн өгөхийг хүсчээ.

1.   Ардчилсан намын ээлжит бус /онц/ Их хурлыг нэн даруй зохион байгуулж хуралдуулах

2.    Намын их хурлаас ил тод, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар АН-ын Шинэ удирдлагуудыг сонгох

3.    АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах

4.    Намын ГЗ, ҮЗХороог 100 хувь өөрчилж, намын дунд шатны байгууллагуудын хурлаас шинэчлэн сонгох.

5.    Намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтөд нийцүүлэн аймаг, нийслэлийн намын хороодыг шинэчлэн зохион байгуулах.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.