Ш.Оргил: Хийе, бүтээе гэсэн хэнийг ч дэмжиж ажиллана

Ш.Оргил: Хийе, бүтээе гэсэн хэнийг ч дэмжиж ажиллана

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш харьцангуй бага хугацаа өнгөрсөн хэдий ч, хэд хэдэн бүтээлч ажлыг өрнүүлж чадсан. Сүүлийн үед ямар ажлыг амжуулав. Энэ асуултаас ярилцлагаа эхэлье?

-Ажилдаа томилогдоод таван сар шахам хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд аймгийн гадаад харилцааг эдийн засагжуулах, үр нөлөөг дээшлүүлэх замаар уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, шинэ түншлэлийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, хэд хэдэн гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөрүүдийг баталгаажуулан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Монгол Улсад суугаа Энэтхэг улсын Элчин сайд, Кувейт улсын Элчин сайд, АНУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консулын албан ёсны айлчлалыг аймагтаа зохион байгуулж, АНУ-аас хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох, Энэтхэг улсаас хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэх, Кувейт улсаас Сүхбаатар, Мандал сумдын Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэний машин, тоног төхөөрөмж хандивлах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд миний бие орж ажиллан тус улсын Шизүока мужтай газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа. Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг \ТИКА\-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, Шаамар суманд “Зөгийн зоорь барих”, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт “Эрчимт эмчилгээний тасаг байгуулах” хэлэлцээрүүдийг баталгаажууллаа. ОХУ-ын Буриад Улс, БНХАУ-ын ӨМОЗО, БНСУ-д эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг туршлага судлах арга хэмжээнд хамруулж, ХБНГУ-ын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн хүрээнд цаашид хамтарч ажиллах салбар чиглэлээ тодорхойлсон. Ирэх онд гадаад харилцааны чиглэлээр Оросын Холбооны Саха (Якутия) Улс, Турк Улсын Кыршехир муж, БНСУ-ын Жон сон, Гангвон мужуудтай шинэ харилцаа тогтоохоор албан хүсэлтээ уламжлаад байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын найрсаг харилцаа өргөжихийн зэрэгцээ бусад улс орон, муж хотуудын хөгжлийн давуу талуудын сайн туршлага, санал санаачлагыг аймаг орон нутагтаа хэрэгжүүлж, хүүхэд залуучуудыг сургах боломжийг бүрдүүлэн аймгийн гадаад харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж батлууллаа. Хөтөлбөрийн онцлог болоод ирэх жилүүдэд баримталж ажиллах зарчмаасаа онцлохгүй юу?

-Аймгийн Засаг даргын ажлыг аваад юуны түрүүнд ирэх жилүүдэд Сэлэнгэ аймгийн хаана, аль сум, тосгон, багт тулгамдсан чухал ажлууд юу байна, тэр ажлуудыг хэрэгжүүлэх ямар боломж, шийдэл байна гэдэгт анхаарсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай ярилцаж хуваарь гарган сумдад ажиллаж, ард иргэдийн санаа бодлыг нь сонссон. Мөн аймгийн цахим хаяг, 7036-1111 утсаар болон сум, аймгийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчдийн санал, хүсэлтийг авч судлан үйл ажиллагааны хөтөлбөртөө бололцооныхоо хэрээр тусгахыг хичээлээ. Энэ удаагийн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд зөвхөн төрийн байгууллага, аймаг, сумын Засаг дарга нар үүрэг хүлээх биш, иргэдийн хүч оролцоо, хамтын зүтгэл чухал. Энэ ч утгаараа хөтөлбөрийнхөө эрхэм зорилгыг “ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ЭХ НУТГАА ХӨГЖҮҮЛЬЕ” гэж тодорхойлсон байгаа. Эдийн засаг, нийгмийн, төрийн захиргааны гэсэн гурван хөгжлийн салбараа тэр нь энэ нь гэх юм байхгүй анхаарч ажиллах нь аймгийн Засаг даргын үүрэг. Үнэхээр онцлооч гэвэл нийгмийн буюу боловсрол, эрүүл мэнд, спорт, нийгмийн халамжийн салбарыг хэлэх байна. Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэдтэй байж Сэлэнгэ аймаг цаашлаад улс хөгжинө гэж боддог. Жишээ нь эмнэлэгт жаргалтай хүмүүс очихгүй, өвдөж шаналсан хүмүүс үйлчлүүлнэ. Тиймээс аймгийн зүгээс энэ салбартаа онцгой ач холбогдол өгөх нь зүйтэй гэж боддог.

-2016 он  Сэлэнгийнхэнд хишиг буянаа харамгүй хайрласан сайхан жил байлаа. Тариаланчид маань ургац арвинтай, хүчит бөхчүүд нь шинэ цолтонгуудтай байлаа шүү дээ?

-2016 он  сэлэнгэчүүдэд  сайхан жил болж өнгөрч байна. Аймгийн маань хоёр сайхан залуу Улсын цолтны эгнээнд багтлаа. Эх орныхоо талх, тарианы хэрэгцээний 60-аас илүү хувийг үйлдвэрлэдэг тариаланчид маань ургац арвин байж аймгийн дундаж 17.0 цн үр тариа хураан авлаа. Долоо дахь удаагийн олон түмэн төрдөө төлөөллөө сонгох сонгууль болж Сэлэнгэчүүд МАН-д итгэл хүлээлгэлээ. Аж ахуй нэгжүүд аж үйлдвэрийн салбарт 276.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. 2016 он хэдийгээр сонгуулийн жил байсан ч Сүхбаатар суманд ард иргэд, хүүхэд залуучуудынхаа амралт чөлөөт цагийг зохистой өнгөрүүлэх “Усан бассейн”-ы цогцолбор, гэр бүлээ батлуулж буй иргэд, ахмадууддаа зориулж “Хуримын ордон”-ыг ашиглалтад орууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн ард түмэндээ зориулж “Сэлэнгэ Олон Улсын Худалдааны төв”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нээн үйл ажиллагааг нь жигдрүүлж, нийт 300 гаруй иргэн тохилог ажлын байртай боллоо. Үүний зэрэгцээ Орхон, Сант, Ерөө Хүдэр сумын ард иргэдийн олон жилийн хүлээлт болсон хатуу хучилттай авто замыг тавьж, Сант суманд 320, Мандал суманд 640 хүүхдийн сургууль, Шаамар суманд 100, Бугант тосгонд 100, Хэрх тосгонд 75 ортой хүүхдийн цэцэрлэг, Сүхбаатар сумын IV  цэцэрлэгт 100, 7-р цэцэрлэгт 75 ортой өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад оруулаад байна. Ерөө сум, Түнхэл тосгонд гүүр барьж, Баруунбүрэн суманд “Бүрэнхан” цогцолборыг, аймгийн хилийн цэс Тахилтын давааг тохижуулан, Алтанбулагийн хилээр дайран өнгөрч буй дотоод, гадаадын жуулчид, иргэдэд зориулж нийтийн бие засах газрыг бий болгож, Сант, Орхон суманд наадмын талбайг шинээр байгууллаа.

-Сэлэнгээс Монгол төрийн 29 дэх Ерөнхий сайд тодорсон явдал 2016 оны онцлох үйл явдал мөн байх?

-Тийм ээ. Сэлэнгэ нутгийн уугуул, өмнө нь аймгаа удирдаж байсан Ж.Эрдэнэбат гишүүн Монгол төрийн өндөр албан тушаалд томилогдлоо. Ардын хувьсгалын түүчээ болж явсан өвөг дээдсийн үргэлжлэл Ардчилсан нийгэмд улсынхаа хөгжлийг удирдан чиглүүлэх үйл хэрэгт манлайлан яваа нь бид бүхний л бахархал юм даа.

-Та нэг талаар азтай, нөгөө талаасаа өндөр хариуцлагатай алба хашиж байна уу даа. Учир нь аливаа том асуудлуудаа шийдэхэд Ерөнхий сайдын дэм чухал, эсрэгээрээ сайн ажиллахгүй бол Ерөнхий сайдтай нутаг байж гээд асуудлууд гарах байх даа?

-Би Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдыг өмнө нь аймгаа удирдаж байхад багт нь ажиллаж байлаа, одоо улсаа удирдаж байхад нь бас багт нь ажиллаж байна. Даргынхаа ажиллаж байсан өрөөнд нь залгамжлаад аймгийнхаа төлөө, сэлэнгэчүүдийнхээ хөгжлийн төлөө ажиллаж байгаа нь бахархал хэдий ч нөгөө талаасаа надад их хариуцлага хамт явааг байнга бодож явдаг. Төрийн ажилд ар, өврийн асуудал гэж байхгүй. Өнөөдөр гэхэд л Монгол орны хэмжээнд цас ихтэй өвөл болж байна. Цагаан зудтай хэдэн аймгийн тоонд Сэлэнгэ аймаг багтсан. Ерөнхий сайдын аймаг гээд цас тойроогүй л байгаа биз дээ. Тэгэхээр бид хаа хаанаа хариуцлагатай ажиллах нь чухал. Зарим асуудлууд дээр мэдээж Ерөнхий сайдын дэмжлэг, тэр хүний Сэлэнгээ гэх сэтгэлийг дааж ажиллана гэж бодож байгаа. Чухал асуудлуудаа шийдвэрлүүлж авах нь Сэлэнгэ аймгийн 105.0 мянган ард иргэдэд л хэрэгтэй.

-Сэлэнгэ аймгийн хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Наад асуултад чинь хариулахаас өмнө бидний өнөөдрийн тэргүүлэх бодлого зорилт, тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ гэдгээ оновчтой тодорхойлж, зарим асуудлуудыг маргааш гэж хойш тавилгүй хийж эхлэх нь чухал байна. Тухайлбал, бид Сэлэнгийг Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгоно гэж олон ч жил ярилаа. Одоо энэ асуудлыг ажил хэрэг болгож бодитой үр дүнд хүргэх хэрэгтэй байна. 2025, 2030 он гэхэд Сэлэнгийн тариаланчид хүссэн хэмжээндээ ургацаа тариад санасан хэмжээний ургац авчихдаг, нийт мал сүрэг нь ашиг шим арвинтай, захын айлын үнээ гэхэд 10-аас дээш литр сүүний гарцтай болчихсон, ард түмнийх нь амьдрал стрессгүй, амар амгалан хүүхэд залуус нь улсынхаа хэмжээнд сурлага, урлаг, спортоороо манлайлсан Монгол Улсынхаа хөгжлийн загвар аймаг болоод явж байна гэж төсөөлдөг дөө.

-Ажлаа авснаас хойшхи амжуулсан гол ажлуудаасаа онцолбол?

-Дээр хэлсэнчлэн аймгийнхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарсан. Байгаль цаг уурын болоод эдийн засгийн үйлдвэрлэлийн хувьд ижил нэлээд хэдэн муж, хотуудтай хамтран ажиллах гэрээ хэлцэл байгууллаа. Зарим ажлууд эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Үүний зэрэгцээ аймгийн төвдөө 50 мв-тийн дулааны цахилгаан станц шинээр барих ажлыг үндсэнд нь шийдвэрлэж одоо газраа сонгох, төсөв, төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлээ гаргах ажлууд хийгдэж байна. Энэ станц ашиглалтад орсноор аймгийн төвийн иргэд, айл өрхүүд өдөр шөнөгүй, өвөл зунгүй хэрэглээний байнгын халуун устай болох цаашлаад дулааны хүчин чадал нэмэгдэнэ, тэгснээр дахин төлөвлөлтийг шинэ станцтайгаа уялдуулан хийж, Сүхбаатар хотод амьдарч байгаа айлуудыг бүрэн хэмжээгээр дулаанаар доголдолгүй хямд үнээр халаах, үнэ одоогийн байгаагаасаа 35-40 хувиар буурах, шинээр баригдаж буй том объектуудаа халаах асуудлыг цогцоор нь шийдэх гэх мэтийн олон давуу талтай юм. Одоо байгаа манай уурын зуухны ашиглалтын хугацаа ерөнхийдөө дууссан, эвдрэл гэмтэл их гардаг, тоног төхөөрөмжүүд нь элэгдэж хуучирсан гээд зовлон тоочвол асуудал их. Тэнд ажиллаж байгаа ажлаа мэддэг инженер, үйлдвэрийн ажилтнууд л гал алдуулчихгүй авч яваа.

-Таныг залуусаа дэмжсэн олон чухал шийдвэрүүдийг гаргасан гэж ярих юм билээ?

-Сэлэнгэ аймгийн нэр, алдрыг дуурсгах авъяас, чадвартай олон сайхан залуучууд зөвхөн Сэлэнгэ гэлтгүй Монгол орныхоо нэрийг гаргаж тив, дэлхийн тэмцээн уралдаанд явах гэхээр санхүүгийн асуудал тулгамддаг. Тэр бүгдэд аймгийнхаа зүгээс чадах хэмжээгээрээ л туслах, дэмжихийг зорьж байна. Эдгээр залуучууд итгэлийн хариуд ганзага дүүрэн эргэж уулзаж байгаа нь сайхан юм. Ер нь ирэх жилүүдэд спорт, эрүүл мэндийн салбарыг анхаарлынхаа төвд байлгана гэж дээр хэлсэнчлэн энэ салбарынхантайгаа их ойр байна гэж бодож байгаа шүү.

-Сэлэнгэ аймаг газар тариалангийн гол үйлдвэрлэгч аймаг. Газар тариалан хөгжихийн хэрээр мал аж ахуйтайгаа зөрчилдөх асуудал ихэссэнийг үе үеийн Засаг дарга нар бүгд л ярьдаг байсан. Газар тариалангийн бүс нутгийн хувьд энэ асуудлаа зохицуулахад аймгийн зүгээс тодорхой бодлого барин ажиллаж байгаа байх. Таны бодлоор цаашид ямар төвшинд байлгавал зүгээр юм бол?

-Энэ асуудлыг шийдвэрлэх гаргалгааг үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсан байгаа. Сэлэнгэ аймаг хэзээнээсээ газар тариалангийн бүс нутаг байж ирсэн түүхтэй. Манай аймгийн анхны нэр хүртэл “Тариалангийн аймаг” шүү дээ. Тэгэхээр бид улсынхаа өмнө монгол түмнээ экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах үүрэг хүлээсэн улс. Энэ үүргээ нэр төртэй биелүүлж явахын тулд жил бүр ургац алдахгүй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй юм. Нэгдэл САА-н үед Сэлэнгэ аймгийн мал сүрэг 700-800 мянган тоо, толгойд л байсан гэдэг. Одоо нэг дахин нэмэгдээд 1.6 саяд хүрчихсэн байгаа. Энэ тоо толгойн өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь өөр аймгуудаас ялангуяа баруун аймгуудаас шилжиж ирэгсэд зохиомол өсөлтийг бий болгоод байна. Тэгэхээр бид одоо Үндсэн хуульд заасан “Хүн бүр оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болж байна. Энэ заалтад хүн бүр гэсэн болохоос хүн бүр малтайгаа хамт гээгүй байгаа биз дээ. Тэгэхээр хэрэв та Сэлэнгэ аймгийн иргэн болох гэж байгаа бол наад олон малаа тэр борлуулах газарт нь борлуулаад ир ээ. Тэгээд манай аймгаас өндөр ашиг шимтэй малаа худалдаж аваад амьдарч болно гэх юм. Өөрөөр хэлбэл тооны араас биш чанарын араас амьдар гэж малчиддаа ойлгуулах нь чухал байна. Байдлыг анзаараад байхад газар тариалан, мал аж ахуй хоёр үнэхээр л таарч өгөхгүй байгаа. Тариаланчид маань өр, зээл тавиад тухайн газартаа ихээхэн хэмжээний хөрөнгө хаяж байж арвин ургац авдаг жамтай. Ургацаа авахаас нь өмнө олон малын хөл талбайг нь сийрүүлж, хамаг үржил, чийгийг нь агаарт замхруулаад хаячихдаг. Тэгээд л өнөөх ургацын хэмжээ буурна. Ингээд байхаар хэн дуртай байх вэ дээ.

-Ний нуугүй ярихад гаднаас ирж байгаа олон тооны малтай айлуудыг өөхшүүлээд нутагшуулаад байгаа хэргийн эзэд нь зарим баг, сумын дарга нар. Тэд асуудлыг нуудаг гэхмэтчилэн. Энэ таны анхааралдаа авах асуудлуудын нэг байх?

-Энэ чиглэлд сумдынхаа дарга нарт тодорхой үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллана. Өөр аймгуудаас ирж байгаа мал манай аймгийн малын тоо, толгойг зохиомлоор өсгөхөөс гадна улирлын болоод цаг үеийн тарилга, туулгадаа хамрагдсан эсэх нь тодорхойгүй, энэ нь эргээд гоц халдварт өвчин гаргах магадлалыг ихэсгэдэг. Тиймээс энэ талд онцгой анхаарах зайлшгүй шаардлага байна. Тухайн нутгийн иргэдийн оролцоо, хяналт бас их чухал гэдгийг онцлон хэлмээр байна. Аймгийн Засаг даргын Тамгын газарт иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах зориулалттай 7036-1111 утас ажлын цагаар байнгын ажиллагаатай ажилладаг. Үүгээр дамжуулаад ч юм уу холбогдох хүмүүст манай сум, багийн нутагт тэр аймгаас тийм хэмжээний малтай өрх, зөвшөөрөлгүйгээр ирсэн гэж тухай бүр нь мэдээлж ажиллах юм бол бид асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллана.

-Сүүлийн үед хот гэлтгүй орон нутагт ч агаарын бохирдол үүсэх магадлал өндөр байна. Тэр тусмаа өвлийн улиралд. Сэлэнгэ аймгийн хүн ам нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Бага ч гэлтгүй агаарын бохирдлын асуудлыг яаж шийдвэл зүгээр юм бол?

-Энэ асуудлыг бид цаг алдахгүй шийдвэрлэхийн төлөө, барьж авах нь чухал болоод байна. Нэгэнт дийлэхгүй хэмжээнд асуудлыг хүргэвэл ямар болох вэ гэдгийг Улаанбаатар болоод Дархан-Уул аймгийн жишээн дээр тод харж болохоор байна шүү дээ. Тэгэхээр өнөөх нэгдсэн нэг халаалттай болох Дулааны цахилгаан станцын тухай эргээд ярих хэрэгтэй болж байна. Аймгийн айл, өрхүүд 21-р зуунд тус тусдаа галаа түлж утаа үйлдвэрлээд байх уу, эсвэл нэгдсэн нэг халаалттай, цэвэр бохир устай, тохилог байранд амьдрах уу. Ийм л үүднээс энэ станцыг ажил болгоё гэж зориод байгаа юм. Цаашлаад хүн амын төвлөрөл ихтэй Мандал, Сайхан сумдын шинэ удирдлагууд үйл ажиллагааны хөтөлбөртөө утаагаа бууруулах, багасгах талаар тодорхой асуудлууд тусгасан байх гэж бодож байна. Асуудлаа оновчтой тодорхойлоод ажил хэрэг болгоё гээд ирвэл аймгийн зүгээс бүх талаар нь дэмжиж ажиллана. “Бид хийхгүй бол хэн хийх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ” гэдэг үг байдаг даа. Энэ үг өнөөдөр яг энэ асуудалд зориулагдсан гэж ойлгохоор байна.

-Хот хөдөөгүй яригддаг асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж. Аймгийн хувьд энэ байдал ямар төвшинд байна вэ? Ирэх жилүүдэд шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн тухайд?

-Сэлэнгэ нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах зөв хүнийг төлөвшүүлэх анхны алхам бол сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүмүүжил юу юунаас илүү чухал. Хүүхдээ гэртээ цоожлоод ажлаа хийж байгаа хүн ажилдаа анхаарлаа хандуулж амжилттай ажиллах нь юу л бол. Тиймээс бид ирэх жилүүдэд Сэлэнгэ аймагт шинээр барилга, орон сууц баригдах юм бол нэг давхарт нь цэцэрлэгийн асуудлыг хамт шийдэх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана. Үүний эхлэл болгож манай аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр ерөө гол” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ерөө сумын төвд баригдсан таван давхар орон сууцны нэг давхрыг худалдан авч цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж суманд нь хүлээлгэн өгөөд байна. Энэ бол ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө хийж байгаа буянтай ажил юм гэж ойлгож байгаа. Одоо аймгийн төвд баригдсан 10 давхар байрны нэг давхрыг цэцэрлэг болгох асуудлыг судлаж байна. Мөн Мандалд ч гэсэн адил. Энэ жил л гэхэд хэд хэдэн цэцэрлэгийн байр шинээр ашиглалтад орж байгаа. Энэ мэтчилэн асуудлуудыг алхам алхамаар шийдээд явна.

-Үзэсгэлэнт сайхан байгал, түүх соёлоороо бас л онцлог нутаг даа?

-Манай аймаг чинь гурван мэргэдийн нутаг гэдгээсээ эхлээд түүх соёлын дурсгалт болоод байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй. Зөвхөн байгалийн сайхнаар тогтохгүй ховор болон нэн ховор ан амьтад, жимс, жимсгэнэ гээд бүх л зүйл байна. Тэгэхээр бид энэ сайхан газар нутагт төрснөөрөө үргэлжид бахархаж явах ёстой шүү. Монгол хүн бүрийн зорьж ирдэг “Ээж мод” түүхийн үнэт “Амарбаясгалант”, “Сайхны хөтөл”, “Ерөөгийн халуун рашаан” гээд яриад байвал зөндөө дөө. Эрт дээр үеэсээ бахархах үүх түүхтэй Хулан хатан, Ханын хөндий, Оргидог булаг, Алтан арал гээд энэ бүх боломжоо бид бүрэн дүүрэн ашиглаж байгалийн унаган төрхийг нь алдагдуулахгүй хамгаалах, зах зээлийн эргэлтэд буюу аялал жуулчлалын урсгалыг татах нь чухал байна. Энэ салбар хөгжих боломж, онцлог нь дэд бүтцийн давуу тал, газар нутгийн байршил байна. Үүндээ түшиглээд ажлын байр бий болгох, аймгийнхаа төсвийг зузаатгах гээд бодож, санаж байгаа ажлууд их байна.

-Сэлэнгэ аймаг Монгол улсын тэргүүний аймаг. Энэ амжилтаа хадгалан цаашид хөгжлийн шинэ төвшинд хүрэхийн төлөө ажиллахыг танаас Сэлэнгийн ард иргэд харж хүлээж байгаа байх гэж бодож байна?

-Манайх чинь есөн удаа улсынхаа шилдгээр шалгарч байгаа бахархам амжилттай аймаг. Дээрээс нь төрийн гурван одонтой анхны аймаг. Энэ амжилтуудыг гаргахад айл бүр нь ажилсаг, өрх бүр нь үйлдвэрлэгч ард иргэдийн маань оролцоо чухал байсан нь тодорхой. Энэ ч утгаараа би 2016-2020 оны үйл ажиллагааны эрхэм зорилгоо “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэж тодорхойлсон юм. Хүн бүр л өмнөө тавьсан зорилтоо, хариуцсан ажлаа ямар нэгэн асуудалгүй, сэтгэлээсээ хийгээд байвал амжилтад хүрнэ гэж би боддог. Тэгээд аймгийн удирдлагын хувьд хийе, бүтээе гэсэн хэнийг ч болов аймгийнхаа боломж, бололцооныхоо хэмжээнд дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ үүгээр дамжуулаад хэлэх байна даа.

-Өвлийн сар гарснаас хойш цас нэлээдгүй орлоо. Аймгийн өвөлжилтийн байдал хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Өвлийн бэлтгэлээ ямар төвшинд базаасан байгаа вэ?

-2016-2017 оны өвөлжилт манай аймгийн хэмжээнд бас ч гэж тийм ч амар амгалан биш байна. Цаг хугацааны хувьд эрт их хэмжээний цас орж бог мал үндсэндээ бэлчээрлэх боломжгүй болсон. Дээрээс нь нийтийн сэтгэл зүйд бичин жил гэсэн айдас сууж, уулархаг бүсийн есөн сум цас ихтэй байна. Манай аймгийн үндсэн малчид, мал бүхий иргэд бол хэзээнээсээ хадлан, тэжээлээ бэлдээд сурчихсан улс. Хэр барагтай цас бороонд яарч сандраад байдаггүй. Гэсэн хэдий ч байдал ийм байгаа үед бид малчдаа анхаарч, аймгийнхаа эрүүл мэндийн газраас баг гарган сумдад ажиллуулж байна. Малчин иргэд маань сум, аймгийн төв ороод эрүүл мэндээ үзүүлчих цаг завгүй л хөдөлмөрлөдөг улс. Тийм учраас байгаа газар нь, хотонд нь очиж айл саахалтаар нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлье гэж зорьж байгаа юм.

-Одоо хувь хүн талаас чинь ярилцмаар байна. Та өөрийгөө товчхон тодорхойлооч?

-Миний хувьд Сэлэнгэ нутгийн эгэл жирийн нэгэн сэхээтэн айлын бага хүү. Ээж ааваас тавуулаа. Гурван эгч, нэг ахтай. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрж, цэцэрлэг болон сургуульд аймгийнхаа төвд сурч, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг дулааны инженер, ИЗИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Шаамар, Сүхбаатар сумд газар нутгийн хувьд их ойрхон болохоор хоёр сумынхаа хооронд л гүйж, тоглож өссөн дөө.

-Та Сэлэнгэ нутгийн унаган хүүхэд, бага насны сайхан дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Манайх аймгийн захиргааны зүүн талын ягаан хоёр давхарт байсан юм. Тэгээд “Сэлэнгийн долгио” чуулга, II сургууль, “Алтанбулаг” кино театр гээд л энэ л хавиар миний бага нас өнгөрсөн дөө. Өнөөдөр хажууханд нь ажиллаж, амьдарч байна. Хааяа цонхоороо хараад бага насаа бодохоор бас сайхан байдаг.

-Аав, ээжийнхээ тухай яривал?

-Миний аав Цэндсүрэнгийн Шархүү гэж Монгол Улсын болон ОХУ-ын Буриад Улсын Гавъяат жүжигчин, “Сэлэнгийн долгио” чуулгад насаараа дуулсан хүн дээ. Ээжийг маань Өлзийтогтохын Одончимэг, Хушаат сумын уугуул, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, мөн л насаараа боловсролын байгууллагад ажиллаж байсан. Одоо манай хоёр гэртээ ач зээ нартайгаа шуугилдаад л байж байдаг юм.

-Нэгэн уламжлалт гэмээр асуулт байдаг. Амжилттай яваа хүний ард сайн хань гэдэг?

-Тэгэлгүй яах вэ. Ар талдаа санаа зовох зүйлгүйгээр өмнөх ажилдаа анхаарч байж л их бага гэлтгүй ажил амжилтад хүрнэ гэдэгтэй 100 хувь санал нэг байдаг. Намайг энэ зэрэгтэй явахад миний ханийн оролцоо юу юунаас чухал. Эхнэрийг маань Ариунжаргал гэдэг.  Бид аймгийн Гаалийн газарт байхдаа анх танилцаж билээ.  Намайг Гаалийн газраас гарч Сэлэнгэ Энергод очихоос нэг сарын өмнө манай хүн Сэлэнгэд хуваарилагдаад ирж байсан юм. Одоо бид нэг хүүтэй. Хүү маань аавынхаа сурч байсан II  сургуульд сурч байна.

-Таныг бас шаггүй тамирчин гэдгийг мэдэх юм байна?

-Миний хувьд бүх л төрлийн спортыг өөрийнхөө хэмжээнд сонирхдог, ялангуяа сагс, волейболд дуртай. Спортын олон найз нөхөдтэй. Анх спортод хөл тавиулсан хүн бол Дугарсүрэнгийн Оюунболд гэж Монгол Улсын гавъяат тамирчин, Москвагийн олимпийн хүрэл медальт Монголын төдийгүй дэлхийн данстай сайхан хүн байлаа. Би багш дээрээ анх чөлөөт бөхийн спортоор хичээллэж тавдугаар ангиасаа аравдугаар ангиа төгстлөө явсан. Манай ангийнхнаас олон сайхан тамирчид төрөн гарсан.

-Таны бахархал?

-Эцэг эх маань юуны түрүүнд миний бахархал. Энэ хоёр маань намайг хүний орчлонд эрүүл саруул төрүүлж өсгөж, эрдэм боловсрол эзэмшүүлсэн ачтангууд минь. Мөн дээрээс нь эцэг, эхийн багаас олгосон хүмүүжил минь бас миний өдий зэрэгтэй явахад ихээхэн тус дэм болж байгаа болов уу гэж бодож байна.

-Хэлэх дуртай үг?

-“Санаа зөв бол заяа зөв” энэ их сайхан үг гэж боддог. Аливаа бүхэнд сайн сайхан санаад явж байхад ажил төрөл аандаа бүтээд, найз нөхөд, хамт олонтой явдаг юм байна гэж дотроо боддог доо.

-Сүүлийн жилүүдэд таны хурдан хүлгүүд аймаг, бүсийн наадмуудад олон түрүү, айраг авч байгаа байх аа?

-Монгол эр хүн болж төрсний хэрэг юу билээ, энэ сайхан уудам тал, үзэсгэлэнт нутгийн эзэд бид өөр бусад орон, улсуудаас ялгарах, бахархах эрийн гурван наадамтай түмэн. Түүний нэг нь төрийн сүлдэнд заларсан молор эрдэнэ болсон морь минь гэж ойлгодог. Би ч зарим уяачдыг бодвол хожуу морьтой “нөхөрлөсөн”. Гэсэн хэдий ч сайхан хурдан буянгууд, сайн уяач ах таарч сүүлийн жилүүдэд аймагтаа сайхан наадаж байна. Манай морьдын уяа сойлгыг аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбат ах маань тааруулдаг. Сэлэнгийнхэн Бужгаа гэхээр нь андахгүй дээ. Өнөө зуны наадмаар аймгийн алдарт уяач цолны болзлоо хангасан байсан. Тэгээд наадмын дараа ажлаа авахдаа С.Бүрэнбат даргатайгаа бид хэд ярьж сууж байсан чинь С.Бүрэнбат дарга сайхан мэдээ байна штээ, тэгвэл дараа нь ямар өөрөө өөртөө шийдвэр гаргаад аймгийн цолоо авалтай биш дээ, ерөөсөө би отгон захирамжаа болгоод цолыг чинь олгоноо гээд энэ хүндтэй цолыг авсан байгаа. Цол авах нэг хэрэг, цолоо дааж явах бас нэг хэрэг байх. Тиймээс хурдан хүлэг морио уралдуулж Монгол түмнээ баясгах, Монгол соёлоо ирээдүйн залуустаа өвлүүлэх үйл хэрэгтээ зүтгэнээ л гэж бодож байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.