Л.Шагдарсүрэн: Группын мөнгө гэдэг иргэдийн амьжиргааны эх үүсвэр биш

Л.Шагдарсүрэн: Группын мөнгө гэдэг иргэдийн амьжиргааны эх үүсвэр биш

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Шагдарсүрэнтэй ярилцлаа.

-Төр засгийн удирдлагууд солигдсонтой хол­бог­дуу­лан улсын гэх тодотголтой бүх байгууллагуудад бү­тэц бүрэл­дэхүүнээ шинэчлэх ажил өрнөсөн. Энэ ажил жиг­дэр­сэн байх гэж бодож байна. Дорно­говь эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлт­сийн 2017 оны төсөв ямар байдалтай байна вэ. Ер нь хөдөө орон нутгийн төсөв, санхүү шаардлагатай зүйлдээ хүрэлцдэг үү?

-Шинэ бүтцээр үйл ажил­л­агаа явуулах ажлыг гольд­ролд нь оруулахын тулд эх­лээд бүтэц, зохион бай­гуу­лал­тын өөрчлөлтийг хий­лээ. Тэгэх­дээ хоёр зарчим баримт­ла­хыг зорьсон. Нэг­дүгээрт, тогт­вор­той байдлыг хад­га­ла­хыг зорьсон. Учир нь манай бай­гуул­­ла­га өөрийн гэсэн онц­лог­той. Нийг­мийн эмзэг бүл­гийн­хэн­тэй харьцдаг мэргэш­сэн байгууллага л даа.

Эрхэлсэн ажилдаа мэргэшсэн хүмүүс төрийн захиргаанд ажилладаг учраас халах, солих асуудлыг Төрийн албаны тухай хуулиар явагддаг. Тиймээс ч бид тогтвортой байдлыг нэлээд барьж ажилласан. Одоогийн бүрэлдэхүүний 90 гаруй хувийг хуучин ажиллаж байсан хүмүүс бүрдүүлж байна. Ер нь аливаа баг тогтвортой ажиллана гэдэг тухайн бүс нутгийн хөгжилтэй шууд холбоотой байдаг. Сүүлийн саруудад ажилд орсон, албан тушаал нь өөрчлөгдсөн хүмүүсийг судалж үзсэн. Хүмүүсийг халахдаа үндэслэлтэй, эс үндэслэлтэй хандаж уу гэдгийг дахин судалсан. Судалгааны үр дүнгээс хамаарч, нийт ажилчдынхаа 80 орчим хувьд нь халаа, сэлгээ хийгээгүй. Харин 5-аас дээш жил нэг албан тушаалд ажилласан хүмүүсийг сэлгэн ажиллуулах талаар зохицуулсан. Хөдөө сумдад олон жил ажилласан аймгийн төвд ажиллах сонирхолтой хүмүүс нэлээдгүй байсан учраас судалгааг авч, энэ чиглэлээр өөрчлөлт хийлээ. Суманд ажиллаж байсан хүмүүс таван төрлийн сан, зургаан төрлийн тэтгэврийн асуудалд мэргэшсэн, ажил амьдралын хатууг үзсэн байдаг. Харин төвд ажилладаг хүмүүс нэг чиглэлээрээ төрөлжчихсөн байдаг.

Тиймээс тэдгээр хүмүүсийг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэж бодсон. Хоёрдугаарт, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага нэлээд хуримтлагдсан байна. Энэ бол гажуудал, өр, авлага гарах учиргүй юм. Тухайн ажилтан цалин авч л байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч байгууллага нь төлөх ёстой. Энэ асуудлыг ажил авсныхаа маргааш нь аймгийнхаа Засаг даргатай зөвшилцөж, уул уурхай болон төсвийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Уулзалтын үеэр ажил олгогчдод 2.2 тэрбум төгрөгийн авлага үүссэн талаар хэлж, 45 хоногийн ажил зохион байгуулсан. Энэ хугацаанд нэг тэрбум орчим төгрөгийн төлөлтийг ажил олгогчдоор хийлгэлээ.

Энэ бол амаргүй ажил л даа. Гэхдээ жаахан хатуу хандах зүйл дээр хатуухан хандсан. Тэгэхээс ч өөр арга алга байна. Нийгмийн даатгалынхаа хуульд заасны дагуу дансыг нь хааж байгаад нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх ёстой. Тиймээс хуулиа хатуу барьж ажиллаж байна. Нөгөө талаас бидний бүрдүүлэх гээд байгаа орлого бол эрсдлийн шинж чанартай тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдийн эмнэлгийнх нь л мөнгө гэсэн үг. Ер нь ажилчиддаа цалингаа тавьсан хэрнээ нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна гэдэг гэмт хэрэг шүү дээ.

-Сүүлийн үед эдийн зас­гийн хямралын талаар их ярих болсон. Ер нь албан бай­гууллагуудад нөөц байна уу?

-Нөөц бага байна. Заримыг нь зах зээлийн эрсдэл дайрч, олон байгууллага үүдээ хааж байна. Дээрээс нь өртэй байгууллагууд байна шүү дээ. Яах вэ, 200-300 мянган төгрөгийн үлдэгдлээ төлөөгүй жижиг аж ахуйн нэгжүүд ч бий. Цайны   газар, жижиглэн худалдааны дэлгүүрүүд гэх мэтчилэн. Эдгээр газруудад бид жаахан эелдэг хандаж байна. Тухайлбал, дансыг чинь нээхгүй, гэхдээ тодорхой хугацаатай гэрээ байгуулах хүсэлтийг тавьсан.

Бид таны нөхцөл байдлыг мэднэ. Харин та энэ сард 50 мянган төгрөг, дараа сард 40 мянган төгрөг хийгээрэй гээд бодлогоор уян хатан хандаад ирэхээр жижиг байгууллагууд өрөө бага багаар барагдуулж байна. Зөвхөн байгууллагуудаас өрөө авах гэлтгүй тэднийг дэмжиж ажиллах тал дээр ч анхаарлаа. Аймгийн Ажил олгогч эздийн холбоо болон банкны удирдлагуудтай уулзаж, та нар зээл олголтоо битгий зогсоо. Энэ хүмүүс Дорноговь аймгийн татварын бааз суурьт хэрэгтэй гэдэг талаар хэлж ярилцсан. Мөн Татварын албаны хэлтсийн даргатай хамтран уул уурхай, газрын тосны чиглэлийн томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй энэ талаар хатуу ярилаа. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлөөгүй байгууллага байвал Дорноговь аймагт газар эзэмших, лиценз эзэмших эрхтэй чинь ярина гэдгийг уулзалтад ирсэн томоохон аж, ахуйн нэгжийн төлөөллүүдэд хэлсэн.

Үнэхээр олон жил дуугүй явчихсан, ужгирсан байгууллагууд байсан. Жишээлбэл, Монгол Росцветмет нэгдэл, хуучин Айргийн жоншны үйлдвэр, Өргөн сумын жоншны үйлдвэр тэр уулзалтаас хойш 60, 60 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлсөн. Энэ мэтчилэн олон жил өртэй байсан байгууллагууд эхнээсээ өрөө төлж байгаа, гэхдээ бүрэн төлж дуусаагүй л дээ. Нэг нь 380 орчим сая төгрөг, нөгөө нь 140 сая төгрөгийн нийгмийн даатгалын өглөгтэй. Энэ нутаг усанд үйл ажиллагаа явуулах эрх нь хаагдсан, харуул хамгаалалтын ганц, хоёр хүн үлдчихсэн байгууллагуудаас тус бүр 60 сая төгрөгийн өрийг нь төлүүлнэ гэдэг том алхам. Энэ мэтчилэн Нийгмийн даатгалын газрын авлагыг барагдуулах ажилд ахиц дэвшил гарч байна.

-Нийгмийн даатгалын газар гэдэг иргэдийн нийгмийн асуудлыг шийдэхэд туслах нэг гүүр болдог. Өөрөөр хэлбэл, байгууллагын төлсөн нийгмийн даатгалын шимтгэл ажилчид нь эмнэлэгт хэвтэх, бэртэж, гэмтэх үед хэрэг болдог. Тэгэхээр танай байгууллагын хувьд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Тийм. Миний ажлаа аваад бодсон зүйлийн нэг бол энэ асуудал. Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавих шаардлагатай. Манай байгууллагад цаг хугацааны хувьд олон жил ажилласан хүмүүс нэлээд бий. Мөн 2-3 жил ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүд ч байдаг. Яах вэ, олон жил ажилласан хүмүүс орон байртай болохоос эхлээд асуудлаа шийдэж, байр сууриа олсон байна. Харин ажилд ороод удаагүй шинэ залуу боловсон хүчинд орон сууцны асуудал тулгардаг. Түүнчлэн нэг албан тушаалдаа хэт удаан ажилласан хүмүүс ч байна л даа. Эдгээр хүмүүсийн ажлын байрыг сольж, өөрчлөхийг бодоогүй. 20 гаруй жил байцаагч хийсэн хүн нэг суманд очоод ажиллая гэхээр хүнд  шүү дээ. Яагаад гэвэл тэр хүн насаараа суугаа ажил хийчихсэн учраас бие организм нь ч дасчихсан байгаа. Гэхдээ тэр хүнд шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тиймээс ажилчидтайгаа уулзалт зохион байгуулж, тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд ижил зэргэлдээ сумандаа зөрж ажиллахаар боллоо. Энэхүү солилцооны зорилго туршлага хуримтлуулж, ажилчдыг чадавхи­жуулах. Өөрөөр хэлбэл, ажилчид томилогдож очсон сумынхаа сайн, муу талыг мэдэхийн зэрэгцээ залуу хүмүүс туршлага судална. Мэдээж солилцоо хийхэд хүндрэл байхгүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс ажлаа мэддэг учраас мэдэхгүй, чадахгүй гэх зүйл гарахгүй. Энэ мэтчилэн ажилчдаа дэмжих, мэргэжил, ур чадварын хувьд дадлагажуулах, туршлага хуримтлуулахад нь чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.

-Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай ярьж байна. Ер нь мэргэжлийн хүний нүдээр харахад,  амьдралд хэр нийцтэй юм ярьж байна вэ. Зарим нь нийгмийн даатгалын ажилчдад ачаалал  ирнэ, нөхөн төлүүлэх учраас ачаалал ирэх­гүй гэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон ажлаа хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидэнд ачаалал ирсэн ч иргэдийнхээ асуудлыг шийдэж өгөх л хэрэгтэй. Бид бол төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэгтэй байгууллага. Тэгэхээр бидний ажлын ачаалал гэхээс илүү малчдын асуудал чухал. Яагаад гэвэл малчид цаг, наргүй хөдөлмөрлөж байна. Халуун, хүйтэн, цас, бороо орж байсан ч малаа маллаад ажлаа хийж л байдаг. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр 60 нас хүрээд тэтгэвэртээ гарсан хойноо он удаан жил ажиллаж байгаа малчинг бид олж харахгүй байна шүү дээ. Тэтгэврийн насанд хүрэнд 2-3 жил болоод л бурхан болчихож байна. Тэр дундаа говийн хувьд байдал хүнд байдаг. Нарийн ярьвал малчдын нөхцөлийг байгаль, цаг уурын нөхцөл байдлаас хамаарч тогтоох хэрэгтэй.  Говь, тал, хангай гээд бүс болгонд өөр өөрийн араншинтай. Энэ асуудлыг дэмжиж байна. Амьдралд нийцсэн шийдвэр. Гэхдээ малчдын хөдөлмөрийн нөхцөл байдлыг илүү сайн судалж үзэх хэрэгтэй.

-Одоогийн байдлаар Дорно­говь аймгийн хэчнээн хүнд нийгмийн даатгалын үйлчил­гээг үзүүлж байна вэ?

-Манай аймаг нийт 62 мянган оршин суугчидтай. Өнөөдрийн байдлаар бид өндөр настны тэтгэврийг 5000 орчим, тахир дутуугийн тэтгэврийг 2000, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 1500 орчим иргэн, тэтгэмжийн үйлчилгээг 7000 орчим иргэнд үзүүлсэн байна. Мөн давхардсан тоогоор 112000 гаруй иргэнд эмнэлгийн туслаж үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлтийг санхүүжүүлж ажиллалаа.

-Зарим иргэд нийгмийн даат­гал гэхээр листний мөнгө, хүүхэд гаргавал тэт­гэмж, хөдөлмөрийн чадвар алд­вал групп, өндөр настай бол­бол тэтгэвэр авна гэдгээр л төсөөлж боддог юм шиг санагд­даг. Энэ тал дээр иргэ­дийн мэдлэг, мэдээлэл хэр байдаг вэ?

-Одоогийн Нийгмийн даат­­га­лын тухай хууль амьдралд нэ­лээд ойрхон хэд хэдэн өөрчлөл­тийг оруулсан. Их сайн хууль болсон. Яах вэ, иргэд хуулийн заалтыг тэр бүр сайн мэддэггүй. Түүнээс болж өөрийгөө хуулийн дагуу өмгөөлж, хамгаалах, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх тал дээр дутмаг юм шиг санагддаг. Социализмын үеийнх шиг лекц хүмүүжлийн цагаар албан байгууллага дээр очоод иргэдэд ярьж, тайлбарлаад явдаг хүн цөөхөн болсон. Бид сар гаруйн хугацаанд хэд хэдэн томоохон байгууллагууд дээр нийгмийн даатгалын хуулийг таниулах сургалт зохион байгуулсан.

Тухайлбал, “Та ингэвэл ингэнэ. Та өнөөдөр хөдөлмөрийн чадвараа алдсан бол ийм боломж байна. Таны эрхийг хуулиар ингэж хамгаалсан байна. Та үүнийг авбал өдий хэмжээний мөнгө, төгрөг авах бололцоотой байна” гэх мэтчилэн ярьж, тайлбарлахад хүмүүс их ойлгож байна билээ. Гэхдээ яг мөн чанартаа энэ чиглэлээр ажилладаг удирдах албаны дарга нар илүү бага мэдлэгтэй байдаг. Иргэд нэг үеэ бодвол өөрсдийнхөө төлөө явдаг болсон байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрт хэрэгтэй, ашигтай мэдээллийг үздэг болчихсон. Тэгэхээр иргэдийн ухамсар нэмэгдэж байгаа юм. Харин мэргэжлийн талын удирдах албан тушаалтнуудад асуудал байгаа юм шиг санагддаг.

-Нэг иргэн нийгмийн даат­галын чиглэлээр хэчнээн төр­лийн үйлчилгээ авах боломж­той байдаг юм бэ?

-Манай байгууллага нийт сан­гаасаа эхний ээлжинд Нийг­мийн даатгалын хуульд заасанч­лан 30 гаруй төрлийн үйл­чил­гээ үзүүлж байна. Энд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Нийгмийн даатгал, нийгмийн халамж өөр өөрийн чиглэл, үүрэгтэй хоёр тусдаа байгууллага. Гэтэл иргэд зарим зүйл дээр андуурах тохиолдол байдаг. Тухайлбал, зарим хүмүүс нийгмийн даатгалаас тэтгэврээ авч байна. Харин  хуульд заагдсан тэтгэвэр авах эрх үүсээгүй тохиолдолд халамжийн тэтгэвэр авагч болдог. Бид сүүлийн үед хөдөлмөр, магадлалын комиссын хурлыг нэлээд хийж байна.

Энэхүү хурлаар 2016 оны хуучин хугацаагүй гээд явж байсан групптэй хүмүүсийг магадалсны үндсэн дээр дахин зарим зүйл заалт хасагдсан. Гэтэл үүнийг иргэд сөрөг байдлаар хүлээн авч байна. Уг нь иргэн хагалгаа хийлгээд хоёр жилийн дараа хэвийн байдалдаа орсон бол группээс гарах ёстой. Харин иргэд группээ аваад байх сонирхолтой байдаг. Яагаад гэвэл группын мөнгө бол тухайн иргэний хөдөлгөөнийг нь магадлаж үзээд биеийнхээ эрүүл мэндийг сайжруулж, хэвийн ажиллагаанд оруул гэж өгч байгаа болохоос биш хүмүүсийн амьжиргааны эх үүсвэрийг хангах гэж өгдөггүй.

Иргэд би группээсээ  гарчихвал манай гэр бүл, миний гурван хүүхэд амьдрах өөр эх үүсвэр байхгүй болно гээд байдаг л даа. Иргэд энэ талаас нь ойлгодог. Гэтэл группын мөнгө гэж тухайн иргэнийг хоёр жил эмчийн хяналтад ороод “Та эд эрхтэн чинь төлжиж, ургаагүй бол хөнгөлөлттэй нөхцөлөөр хиймэл эрхтэн хийлгэж болно. Эсвэл ажлын байраа солих бололцоотой” гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг иргэд ойлгохдоо би хоёр жил болчихвол групп авахаа больчих юм байна гэж боддог.

Энэ буруу ойлголтоосоо болоод иргэд хагалгаанд орохгүй яваад байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийнх нь  төлөө өгч байгаа группыг ам бүлийнхээ амьжиргааны хэрэгсэл болгож байгаа юм. Энэ бол тэр хүмүүсийн буруу биш. Нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, ажлын байр олдохгүй зэрэг олон асуудал нөлөөлж байна шүү дээ. Одоо чинь өрөөсөн түнх муутай хүн ажилд орох нь байтугай эрүүл, саруул хүмүүст ажил олддоггүй л нийгэм. Энэ мэтчилэн зүйлээс болж иргэн, төрийн байгууллага хоёрын хооронд үл ойлголцол үүсч байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.