Арбитрын тухай хуулийн ганцхан өгүүлбэр гай тарина гэв

Арбитрын тухай хуулийн ганцхан өгүүлбэр гай тарина гэв

Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 75 хувийн саналаар дэмжээд байгаа. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолж буй. Тэгвэл энэхүү хуулийн асуудлаар УИХ-ын гишүүн  О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би уг хуультай холбоотой асуудлыг яагаад хөндөөд байгаа вэ гэхээр өмнөх парламентын үед би энэ хуулийн ажлын хэсгийг ахлаж байсан. Асуудлын гол нь юу вэ гэхээр Арбитрын хуулийг шинэчлэх ёстой юу гэвэл шинэчлэх ёстой. Өнөөдөр яаралтай батлах ёстой юу гэвэл батлах ёстой. Би үүнийг эсэргүүцээд байгаа юм биш. Хамгийн гол нь Арбитрын хуулийг дагалдаж орж ирсэн зарим хуулиуд асуудалтай байна. Тухайлбал, Газрын тухай, Банкны тухай, Газрын тосны, Эрчим хүчний, Харилцаа холбооны тухай хууль гээд гол хуулиудын заалтад нэмэлт оруулж байгаа. Энэхүү нэмэлт нь “арбитрийн хэлэлцээртэй байвал арбитраар бусад тохиолдолд шүүхээр шийдүүлнэ” гэсэн өгүүлбэр оруулсан.

Тэгэхээр Арбитрын тухай хуулийн дагуу арбитрын хэлэлээр гэдгийг ву гэж ойлгох вэ гэхээр арбитрын хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол олон улсын арбитрын маргаан гэж үздэг. Одоо ямар нэгэн газрын маргаан гарвал Захиргааны шүүхээр шийдүүлдэг. Тэгвэл уг Арбитрын тухай хууль батлагдчихвал гадаадын иргэд манай улсад газар эзэмших нэрээр аваад, ямар нэгэн байдлаар маргаан гарвал олон улсын маргаан гэж үзнэ. Тиймээс бидний асуудал арбитраар шийдүүлэх асуудал үүсэх юм. Тэгвэл аливаа асуудлыг олон улсын арбитраар шийдүүлэхийн зовлон гэж байдаг.

Тухайлбал, олон улсын арбитрт оролцоход олон улсын өмгөөлөгч нарыг авдаг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол “Хан ресурс”-ын асуудлаас болоод бид 300 сая долларын өрөнд орж байлаа. Тухайн үедээ Засгийн газар хэлэлцээр хийгээд, 70 сая доллар төлөөд хааж байсан. Энэ нь 140 тэрбум төгрөг талсан гэсэн үг. Түүнчлэн “Буян”-ын Жагаа марубений асуудлаар 500 сая долларын асуудлаар Монгол Улсын шүүхэд өгсөн. Тухайн үедээ монголын тал төлөх ёсгүй гэдэг шийдвэр гаргаж байсан. Гэвч бид өмгөөллийн зардалд 10-20 сая доллар буюу хэдэн арван тэрбум төгрөг зарцуулсан. Зөвхөн өмгөөллийн зардалд шүү дээ. Ялж байгаа нь сайхан юм шиг болов ч их хэмжээний зардал гаргасан.

Тиймээс энэ хуулиар маргааны хэлбэрийг улам өргөжүүлж өгч байгаа гэсэн үг” гэлээ. Мөн тэрбээр “өчигдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тайлбарлахдаа “Гадны хөрөнгө оруулагчид танайх арбитраар маргаан үүсгэх боломжгүй байгаа бол бид хөрөнгө оруулахгүй” гэдэг асуудал ярьдаг гэж тайлбарлаад байгаа. Хоёрдугаарт, заавал гадаадад биш дотоодод шийдэж болно” гээд байгаа. Гэтэл арбитрын өөрийнх нь зарчим гэж нэг юм байдаг. Шүүхийн маргаан үүсгэх харьяаллаа гэрээгээрээ шийдчихдэг. Тухайлбал, газрын тосны асуудал гэхэд л “Петрочайна дачин тамсаг”, одоо Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компани маргаан үүсгэлээ гэхэд  солбилцлын асуудлаар бид нөгөө талд буюу гадагшаа тодорхой мэдээлэл өгнө. Мөн гадны хөрөнгө оруулалттай банк орж ирлээ гэхэд маргаан үүсгэхэд бид Монголбанктай холбоотой мэдээллийг гадшаа гарах  асуудал гарна. Тэгэхээр заавал гадаадад биш дотооддоо маргааныг шийдвэрлэж болно гээд байгаа хариултын тухайд гэвэл харамсалтай нь нэхэмжлэгч, хариуцагч гэрээгээрээ харьяаллаа тогтоочихдог болохоор зөвхөн Монголд гэсэн баталгаа байхгүй.

Тэгэхээр энэ мэт маргаанаас болоод олон мэдээллийг гадагш нь алдаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болоод Эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлэх болно гэсэн үг. Тиймээс бид Үндэсний аюулгүй байдлын асуудал гэдэг утгаар нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ асуудлаар дахин санал дүгнэлт оруулж ирээч ээ гэж байгаа. Харахад ганцхан өгүүлбэр мэт боловч асуудал нь том байгаа” хэмээн талбарлаж байлаа.

Тиймээс ч Арбитрын тухай хуулийн дагалдах хуулиудыг дэмжихгүй байгаа ч гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.