Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар мэдээлэл сонслоо

Ажлын  байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл сонссон юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах асуудлаар тус яамнаас хийж хэрэгжүүлсэн мөн төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Тэрээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс гарсан санал болон ажлын үр дүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг 2017 оны 01 дүгээр сарын 19-нд байгуулж, гарын үсэг зурсан. Энэхүү ажлын хүрээнд Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын нийтлэг асуудлаар зөвшилцөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байх, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах зарчим баримталсан. 2017-2018 онуудад хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох; хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах; хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал гэсэн 4 бүлэг 49 заалт бүхий арга хэмжээг тусгасан. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Хүн амын бодит орлогыг хамгаалахад чиглэсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах мөн зорилтот бүлгийн иргэдийг халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх, ажлын байр бий болгох, хадгалах чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг шинэчлэхээр ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн хуралдаан болж байгааг дуулгаж, энэ сарын 27-нд хоёр дахь ээлжит хурал болно гэлээ. Хурлаар хэд хэдэн чухал хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр тусгасан байгааг танилцуулсан юм. Үүнд, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр мөн хөдөө орон нутагт ажиллаж буй залуусыг дэмжих буюу малчдыг дэмжих хөтөлбөр багтсан байгаа гээд цаашид хийх ажил болон тус яамнаас хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулав.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гадаадад ажиллах хүч гаргах асуудал яригдсаар ирсэн энэ талаар хийж буй ажлыг тодруулахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, эдийн засгийн хямралтай үед иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар өндөр цалинтай ажлын байранд зуучлах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 2016 онд мянга гаруй иргэдийг Япон, БНСУ-д ур чадварын дадлага эзэмшүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэрийн салбарт ажиллуулахаар зуучилсан бол 2017 онд Япон Улсад ур чадварын дадлага эзэмшүүлэх Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, мөн Австрали Улсад “Ажиллах ба амрах хөтөлбөр”-ийн хүрээнд 4 хүртэлх сар суралцах, 6 хүртэлх сар ажиллахад дэмжих Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих системийн талаар ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар тодруулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, жижиг, дунд бизнес эрхлэгч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах зорилт, үйл ажиллагааг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх төлөвлөгөө болон “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тусгасан бөгөөд холбогдох яамд, байгууллагаас боловсруулан танилцуулах болно гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийхийн зэрэгцээ байр сууриа илэрхийлэв. Тухайлахад Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, гурван талт хэлэлцээрээр бид зарчимаа тохирсон. Нийт ахмад настнуудын 65 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Яамны зүгээс ахмад настны хөдөлмөр эрхлэх хөтөлбөрийг дэмжинэ гэсэн. Бид энэхүү хөтөлбөрт саналаа нэмж тусгасан гэлээ.

Түүнчлэн Ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес, инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа нар хөдөө, орон нутагт хөлсөөр мал маллаж буй асуудлыг анхаарах, мөн инновацийн бодлогыг төр худалдаж авах зэрэг саналууд хэлж байсан юм.

Ийнхүү “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл, УИХ-ын гишүүдийн саналыг сонссоны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдрийн хуралдааныг дүгнэж, өндөрлүүлсэн юм

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.