ХОМ-ийг авах гэж хэдэн арван саяыг зарлагдах шаардлагагүй боллоо

ХОМ-ийг авах гэж хэдэн арван саяыг зарлагдах шаардлагагүй боллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 35 минутад өнөөдрийн хуралдаанаа эхлүүлж, “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй Байнгын хороо батлаад хэрэгжүүлэх эрхтэй байдаг байна. Ингэснээр Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг зэрэг мэдүүлгүүдийг цахимаар өгдөг болж байна.

Тогтоолын төслийн талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд холбогдох хуулийн үйлчлэлд хамрагдах 38 мянга орчим албан тушаалтан хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлыг мэдүүлэг  /ХАСМ/ болон хөрөнгө орлогын мэдүүлгийг  /ХОМ/ АТГ цахим систем буюу https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар бүртгэдэг байна. Үүний зэрэгцээ давхар цаасан хэлбэрээр гаргуулан дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа гэв. Албан тушаалтнуудаас гаргаж буй ХАСМ, ХОМ-ийг цахим хэлбэрээр гаргуулан авснаар төрийн албан хаагчид интернэт бүхий орчинд хаанаас ч мэдүүлэг гаргах боломж бүрдэх юм байна.

 Ингэснээр улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ХОМ-т олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийг мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой. 2012 оноос ХАСМ болон ХОМ-ийг цаасан хэлбэрээр авахаас бүрэн татгалзах зорилт тавьж ирсэн, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хэрэгжих нөхцөл боломж хангалтгүй явж иржээ. Монгол Улсын хувьд цахим болон тоон гарын үсэг хэрэглэх эрх бүхий үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн түлхүүрийн нийтийн дэд бүтцийг бий болгон, үйлчлэх хүрээний хувьд төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан хэдий ч 2016 онд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг аж ахуйн нэгжид олгожээ.

 Гэвч хуулийн хэрэгжилт хангалттай биш байгаа аж. Иймд одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд мэдүүлэг гаргагч нь ХАСМ, ХОМ-ээ цахим бүртгэлийн программд оруулаад, баталгаажуулсны дараа хэвлэн, хуудас бүрт гарын үсэг зурж, тухайн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгнө. Үүний дараа АТГ-ын даргын 2012 оны 91 дүгээр тушаалын дөрөв дүгээр хавсралтаар батлагдсан ХАСМ, ХОМ-ийг хүлээн авсан тухай бүртгэлд бүртгүүлэх буюу цахимаар болон цаасаар давхар хэвлэн өгдөг хэлбэрээр явж байгааг тэрээр танилцуулгадаа дурдсан юм.

Өнөөдрийн байдлаар цахим санд 2013-2016 оны хооронд гаргасан 161831 ХАСМ, ХОМ бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр мэдүүлгийг ердөө хэвлэхэд л нийтдээ 90.9 сая төгрөг зарцуулсан талаарх тооцоолол гаргасан байна. АТГ-аас ХАСМ болон хяналтын ажлыг цахимжуулахаар бэлтгэл ханган, дуусах шатандаа явж байгаа гэлээ.

 АТГ жилд дунджаар 10 мянга орчим иргэний ХАСМ-ийг хянаж, хариу хүргүүлдэг бөгөөд 2015 онд 14.4 сая төгрөгийн зардал гаргажээ. Цаашид ХАСМ болон ХОМ-ийг цахим хэлбэрээр бүртгэн, цаасан хэлбэрээр авахаас татгалзах нь төсвийн хөрөнгө хэмнэх, мэдүүлэг гаргагч болон бүртгэгч, хянагчийн цагийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулгынхаа төгсгөлд онцолсон юм.

Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй. асуудлыг хэлэлцэж баталлаа. Хэлэлцгийн дараа Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж, Н.Оюундарь, Л.Болд нар багтсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.