ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр суралцуулахаар болжээ

ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр суралцуулахаар болжээ

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр ОХУ-аас ганзага дүүрэн ирсэн байна. Тиймээс ч айлчлалын үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын сайдтай албан ёсны уулзалт хийж,  хоёр улсын салбарын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргажээ.

Мөн ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийгийн урилгаар ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Олон улсын соёлын V чуулга уулзалт”-д оролцож, хоёр улсын соёлын салбарт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байна. Айлчлалын хүрээнд арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй албан ёсны уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр дараах соёлын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Тодруулбал, хоёр улсын киноны өдрүүдийг 2017 онд харилцан зохион байгуулах, Монгол Улсын Хөгжим бүжгийн дунд сургуулийг Хөгжмийн их сургууль болгон өргөжүүлэхэд ОХУ-ын тал  дэмжлэг үзүүлэх, хоёр улсын сонгодог хөгжмийн тоглолтыг харилцан зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн хоёр улсын соёлын өдрүүдийг 2018 онд өргөн цар хүрээтэйгээр харилцан зохион байгуулах, ОХУ-ын Төв номын сан Монгол Улсын Төв номын сан хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

ОХУ-ын дасгалжуулагч нар  манай улсад гэрээгээр ажиллана

БСШУС-ын сайд Ж.Батсуурь ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын I орлогч дарга, ОХУ-ын Олимпийн хорооны Ерөнхийлөгч А.Д.Жуков, Төрийн Думын Биеийн тамир, спорт, аялал жуулчлал, залуучуудын байнгын хорооны дарга М.В.Дегтярев нартай арваннэгдүгээр сарын 29-нд, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобковтой арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тус тус  уулзжээ.

Улмаар  хоёр улсын биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцсон байна. Уулзалтын үеэр спортын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцоэ чаджээ. Тодруулбал, Спортын салбарт хамтран  ажиллах санамж бичигт 2017 оны долдугаар сард гарын үсэг зурах, хоёр улсын Үндэсний шигшээ багуудын хамтарсан бэлтгэл цугларалтыг 2018 оноос ээлжлэн зохион байгуулахаар харилцан тохиролцжээ.

Мөн ОХУ-ын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг манай улсад гэрээгээр ажиллуулах, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, төрийн байгууллагын болон спортын холбоодын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Спортын яамны харьяа Сочи хотын Олимпийн академид давтан сургах, мэргэшүүлэхээр болсон байна. Түүнчлэн ОХУ-д өвлийн болон багийн спортын дасгалжуулагчаар сургах оюутны тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад  2020 онд зохиогдох “Азийн хүүхдийн спортын наадам”-д шаардагдах төсөвт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургана

Айлчлалын хүрээнд салбарын сайд арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Ю.Васильеватай уулзлаа. Мөн энэ өдөр ОХУ-ын Россотрудничество агентлагийн дэд дарга Г.Д. Юрьевичтай албан ёсны уулзалт хийжээ. Энэ хүрээнд боловсролын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. 

Тодруулбал, 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр сургах, ОХУ-ын соёл, урлагийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг  их, дээд сургуульд элсэн суралцах Монгол иргэдийн сонгон шалгаруулалтыг 2017 оноос Монгол Улсад  зохион байгуулахаар болжээ.

Мөн Монгол Улсад ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулдаг, ОХУ-ын ерөнхий боловсролын гэрчилгээ хүлээн авдаг ерөнхий боловсролын сургууль (ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх сургууль, Плехановын нэрэмжит сургууль, Эрдэнэтийн сургууль, Орос-Монголын хамтарсан III сургууль) төгсөгчдийн төгсөлтийн ерөнхий шалгалт авах төвийг МУБИС-д  түшиглэн байгуулахаар болсон байна. Түүнчлэн эдгээр сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэн ОХУ-ын их, дээд сургуульд үнэгүй суралцуулах, Орос хэлний сургалтын төвийг ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн дэмжлэгээр МУБИС-д  байгуулахаар болсон аж. Орос хэлний бэлтгэл анги нээж хичээллүүлэх, Орос хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх зуны сургалтыг ОХУ-д зохион байгуулахаар болжээ.

Залуу судлаачдыг  ОХУ-д судалгаа хийх боломжоор хангана гэв

Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ОХУ-ын “Суурь судалгааны сан”-гийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  Энэ хүрээнд био анагаах, газар зүй гэсэн тэргүүлэх чиглэлүүдээр дараах арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцов. Үүнд, Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан хамтарсан олон улсын хурал зохион байгуулах, Хоёр улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ. Мөн палентологи, геологи, биологийн хамтарсан экспедицийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх, Монгол Улсын залуу судлаачдыг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд хамтарсан судалгаа хийлгэх, дадлагажуулах, сургалтад хамруулахаар болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.