АН-ын их хурал шинэ салхи сэвэлзүүлэх үү

АН-ын их хурал шинэ салхи сэвэлзүүлэх үү

АН-ынхан 2007 оноос хойш нийтдээ есөн жилийн дараа ийнхүү Их хурлаа хийж байна. Их хуралд нийтдээ 1210 төлөөлөгч оролцож байна. Энэ хурлаараа АН үзэл баримтлал, үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгоно гэсэн мэдээлэл байгаа юм. УИХ, аймаг, орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсэн АН-ын шинэчлэл нийгэмд хүлээлт үүсгээд байгаа, Их хурлын төлөөлөгчид Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хонхны дуу эгшиглүүлсэнээр албан ёсоор нээлтээ хийлээ. Хурлын эхэнд намын дарга З.Энхболд эдийн засаг болоод эрх баригчид руу чиглэсэн улс төрийн илтгэл тавьсан юм.

Энэхүү илтгэлээрээ засгийн эрхийг барьж байгаа МАН-ын амлалт, бодлогыг шүүмжилж, өнгөрсөн таван сар АН-ын бодлогуудыг шүүмжилсэн эрх баригчдын улстөржилтөд хатуухан хариулт өглөө. Үүний дараа АН-ын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Тэрбээр “Ардчилсан намд эв нэгдэлтэй байж чадаагүй гэдэг. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг биш ээ. АН-ын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрмэн дээрээ нэгдэхийг хэлнэ. АН бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг. АН-ыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой.

Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачилгыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна.  Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхүү хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагдсан хүмүүсийн тэмцлийн талбар болно.  АН-д шинэ салхи хэрэгтэй байна. Тогтмол ус үмхийрдэг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ.

Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам  гэдэг энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, гишүүдтэй болно” гэв. Шинэтгэлийн хөтөлбөрт АН-ын ҮЗХ-г 330 хүнтэй болгох, Гүйцэтгэх зөвлөлийг Ерөнхий зөвлөл болгох, ҮЗХ-ны гишүүдийн нэг жилийн татварыг таван сая төгрөгөөр тогтоож байгаа юм байна. Ийнхүү АН-ын VI Их хурал түр завсарлаад, одоо төлөөлөгчид санал шүүмжлэл хэлэх агшинд хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Санал шүүмжлэлээр намын даргын үйл ажиллагаа, 2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдал, нам шинэчлэгдэх процесс, намын дүрэм тойрсон заалт зэрэг асуудал хөндөх юм.

Уг хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэдний 800 гаруй эрэгтэйчүүд бол 200 гаруй нь эмэгтэй гишүүд юм. Мөн гишүүдийнх нь 858 нь дээд боловсролтой бол 250 гаруй нь эрдмийн зэрэг цолтой аж.Энэ удаагийн Их хурлаас Ардчилсан намынхан намын дүрмийн шинэчлэлээ хэлэлцэн, батална. Үүний дараа анхан, дунд шатанд сунгаа явж, Үндэсний зөвлөлдөх хороо, Их хурлын гишүүдийг шинээр сонгох үйл явц эхэлнэ.

Ингээд Их хурлын үеэр зарим гишүүдийн байр суурийг сонслоо.

З.Энхболд: МАН сонгуулиар мөнгө тараасан ч хууль, шүүхийнхэн нүдээ аниад өнгөрсөн

/АН-ын дарга/

-Сонгуулийн үед царцааны нүүдлээс болж Хөвсгөл, Увс, Баянхонгор зэрэг аймагт АН 10-аадхан саналаар ялагдсан. УИХ-ын сонгуулиар нэг хүний саналыг дахин дахин өгсөн ноцтой асуудал гарсан. МАН сонгуулиар мөнгө тараасан. Гэвч хууль, шүүхийнхэн нүдээ аниад өнгөрсөн. МАН-ыг засагтаа оруулсан нь Үндсэн хуулийг өөрчлөх явдал байсан. Үндсэн хуулийг өөрчилж чадаагүй.

АН-ыг хагаралдуулах оролдлого удаа дараа гарсан. Ардчиллаар замнасан 26 жилд аль нэг нам дараалан ялалт байгуулсан удаа байсангүй. Дөрвөн жилд нэг удаа эрх баригчдаа сольдог сонгогчтой болжээ. Сүүлийн долоон сонгуулиар сонгогчид дөрвөн жил тутамд эрх баригч намаа сольж ирсэн. Үүнээс харахад ард түмэн маш богино хугацаанд үр дүнг харж байдаг.

Найм дахь сонгуулийн үр дүнг таавал хэрвээ бид сөрөг хүчний ажлаа сайн хийвэл, одоо хийх шинэчлэлээ сайн хийвэл 2020 онд АН ялах боломжтой. Бид улс төрийн тавцанд гол тоглогч байсаар байгаа. Сонгуульд 65 суудал авчихаад МАН сонгуулиар амалсан амлалтаасаа буцаж, өнгөрсөн дөрвөн жил хийсэн ололтоосоо ухарсан.  Ямар засгийн газар байгуулсныг та бүхэн харж байгаа. Би АН-ын даргаар хоёр жил ажилласан.

АН-ыг би фракцигүй, бодлогын нам болгохоор зорьсон. Намын даргыг намын нийт гишүүдээсээ сонгогддог байх нь зөв гэдэг бол манай намын бодлогын томоохон шинэчлэл болно. Ардчилсан нам өөрийн байгуулсан засгаа унагах нь бодлогын өрсөлдөөн биш гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнийг дахин гаргахгүйн тулд дүрмээ өөрчлөх ёстой. МАН-ынхан бондын мөнгийг ард түмэн төлнө гэж улстөржүүлээд байна.

Тус нам гишүүдийнхээ  авсан зээлийг ард түмнээр төлүүлнэ гэж ямар ч тохиолдолд байхгүй. МАН-ын ургийн мод өдрөөс өдөрт нахиалан цэцэглэж байна. Дэлхийн энх тайваны бэлгэ тэмдэг Далай багш Монголд өмнө нь ирж л байсан, явж л байсан. Энэ бүхнийг бид дипломат аргаар шийддэг байсан. Тэгсэн өнөөдөр хилийн хураамжаа нэмэгдүүлж, бүх албан ёсны хэлэлцээрээ зогсоочихоод буруутанг хайж байна. МАН ажлаа хий. Цөөн тооны  Монголын улстөрч  оффшор данстай, оффшор компанитай байгаа талаар их ярьж байна.

Манай УИХ, Засгийн газар оффшортой эвлэрэхгүй байх юм бол хуулийн хяналтныхнаар асуулгахад мэдээлэл авах бүрэн нээлттэй болсон. АН-ын үед эрдэс баялгийн үнэ тасралтгүй өсч байсан бол МАН-ын үед коксжих нүүрний үнэ өслөө.  Эрх баригч МАН-ынхан  дөрвөн тэрбумын өр тавихаар 40 сая тоннын нүүрсээ зар.  МАН-ын төрийн ажлын туршлагагүй, мэргэжлийн бус сайд дарга нар, Монголбанкны ерөнхийлөгч нар зөвхөн АН-ыг гутаан доромжилсноос болоод эдийн засаг уналтад орсон. Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооц.  

Л.Эрхэмбаяр: Одоогийн байдлаар 4-5 хүн намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн

/АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч/

-АН улс төрийн намынхаа хувьд төлөвшлийн шинэ үе шатанд ирж байна. Шинэтгэлийн асуудал бол зөвхөн зургадугаар их хурлаар хийгдээд зогсчих дуусчих асуудал биш. АН-ыг фракцад хуваагдсан хувьчлагдсан гэсэн шүүмжлэлийг жирийн гишүүдээс ирүүлж байгаа. Тиймээс бүртгэлийг цахимаар хийдэг больё, хариуцлагын тогтолцоотой больё,  нээлттэй ил тод зарчимд шилжие итгэл даадаг нам болж төлөвшие гэдэг зарчмын асуудлуудыг АН-ын шинэтгэлийн хөтөлбөрөөрөө хэлэлцэж батлах гэж байна. Шинэтгэлийн хөтөлбөр бол манай намын ойрын дунд хугацаанд баримтлах үндсэн чиг баримжаа болох юм.

Энэ шинэтгэлийн нэг хэсэг нь АН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар эхэлж байгаа юм. Энэ дүрмээр АН-ын даргыг нийт саналын эрхтэй гишүүдээс сонгодог больё гэсэн зарчмын өөрчлөлтийг оруулж байгаа. АН-ын дунд шатны байгууллагын дарга нарыг өөрөөр хэлбэл аймаг нийслэл дүүргийн намын дарга нарыг зөвхөн намын хорооны гишүүдээс биш өргөсөн төлөөллөөр ил тод сонгоё гэсэн санал гаргаж байгаа. Эдгээр саналыг хэлэлцээд маргааш /өнөөдөр/ бараг батлах байх.

Нэгдүгээр сарын 08-ны хүртэл АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэл явагдана. Үүний дараа нэгдүгээр сарын 22-нд улс орон даяар 330 сум есөн дүүрэгт бүх анхан шатны намын үүрүүдийн хурал болно. Энэ хурлаар намын үүрийн дарга нараа нээлттэй ил тод сонгоно. Дараа нь буюу нэгдүгээр сарын 29-ний хавьцаа бүх шатны сонгуулиуд явагдана. Аймгийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүний сонгууль, ҮЗХ-ны сонгууль, нийслэл, дүүргийн сонгуулиуд болно. Үүний дараа хоёрдугаар сарын 20-доор орон даяар сунгаагаар намын даргаа сонгох ажлуудыг төлөвлөж байна.

Намын даргын тухайд одоогийн байдлаар 4-5 хүн намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн байгаа. Гэхдээ 10 нь ч хүн дэвшиж магадгүй. Тэгвэл 10-ууланг нь өрсөлдүүлэх үү гэдэг асуудал гарч байгаа. Тийм учраас үүнийг хоёр шаттай болгоё гэсэн санал гарч байгаа. Эхний шат нь ҮЗХ дээр хамгийн өндөр санал авсан дөрвөн хүнийг цааш нь явуулья гэсэн санал гаргасан. Тэгэхгүй бол сонгон шалгаруулалт явуулахад их төвөгтэй байгаа. Тэр дөрөв нь улс орон даяар марафонд ороод явдаг больё гэж байгаа юм. Ийм төсөл орж ирж байгаа.

Ж.Батзандан: АН шинэчлэгдсэнээр Монголын ардчилал шинэчлэгдэнэ

/УИХ-ын гишүүн/

-Намын эв нэгдэлийг хангах дүрмийн өөрчлалтийг бий болгохоор ажиллаж байна. Энэ удаагийн өөрчлөлт маш том өөрчлөлт байх болно. Цаашид намын дүрмийн өөрчлөлтийн хүрээнд бид намаа шилэн нам болгоё, АН-ын бүртгэлийн системийг илүү сайжруулах, АН төрийн болон дотоод сунгаанаа шударга явуулдаг тэр тогтолцоог бий болгохыг зорьж байна.

Бүх шатны намын дарга нарыг гишүүд дэмжигчдээсээ сонгодог тогтолцоо руу орох томоохон өөрчлөлтийн саналууд өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар хэлэлцэгдэнэ. ҮЗХ-ны 228 гишүүн байж байгаад сүүлд өргөжөөд 256 болсон. Дүрмийн шинэчлэлээр 304 орчим болгох санал гарсан. Үүн дээр шууд суудал гэж бий болж байгаа.

Энэ нь УИХ-ын гишүүн болсон АН-ын гишүүн ҮЗХ-нд шууд сууна. Ингээд ҮЗХ нийт 350-360 гишүүнтэй болж байгаа. Одоогийнхоос 100-гаар нэмэгдэнэ гэсэн үг. Өнөөдрийг хүртэл шат шатны хурлууд намын даргын асуудлыг л ярьдаг байлаа. Намын дарга хэн болохоос хамаараад, фракц бүлэглэлийн харьцаа өөрчлөгдөж, дотоод зодоон бий болдог. Тэгвэл одоо шат шатны хурлуудаар намын даргын асуудлыш ярихыг хориглож байгаа.

Өөрөөр хэлбэл, намын даргыг зөвхөн нийт гишүүд сонгодог болоё, шат шатны хурлууд намын бодлогын асуудлыг шийдвэрлэдэг болоё гэдэг өөрчлөлтийн санал явж байгаа. Монголын ардчилал болоод АН хоёр нэг шугам дээр давахцах ёстой гэж боддог. Сүүлийн жилүүдэд АН маань ардчилсан зарчмаасаа буюу үнэт зүйлээсээ хазайх тохиолдол цөөнгүй байлаа. Одоо харин АН-ыг өөрийнх нь үнэт зүйл, зарчим, үзэл бодол дээр эргүүлэн авч ирэх нь намын дүрмийн шинэчлэлийн энэ хурлын зорилго зорилт байх болно. АН шинэчлэгдсэнээр Монголын ардчилал шинэчлэгдэнэ. Ийнхүү монголын ардчилал шинэчлэгдсэнээр ирээдүй эрх чөлөө илүү баталгаатай болно гэж бид ойлгож байгаа.

Р.Гончигдорж: Бүх асуудал дээр фракц байдаг

/УИХ-ын гишүүн асан/

-АН шинэчлэлийнхээ хөтөлбөрийг энэ Их хурлаараа хэлэлцэж байна. Шинэчлэлийн нэг чухал зүйл нь мэдээж хэрэг намын дүрмийн шинэчлэлийн асуудал юм. Дүрмийн шинэчлэлийн асуудлыг хоёр үе шаттайгаар хийгдэж байгаа. Энэ удаагийн Их хурлаар намын дүрмийн шинэчлэлийг эхлүүлж, хамгийн түрүүнд намаа илүү нээлттэй болгохыг зорилго болгож байна.

Тухайлбал, намын гишүүнчлэллийг илүү нээлттэй байх, намын удирдлагуудыг сонгох үйл ажиллагаа нээлттэй байх, намын бүх шатны байгууллагууд энэ чиглэлээрээ тодорхой хугацаанд хуралддаг, зөвлөлддөг байх хэрэгтэй. Харин асуудал нь орон нутгийн болоод улсын хэмжээний асуудлаа нээлттэй хэлэлцдэг дүрэм, журамтай болох хамгийн эхний алхам нь юм.

Уг нь АН өөрийн бодлого, үзэл баримтлалтай шүү дээ. Зүгээр л АН бодлогын нам болно гэж энгийн үгээр томъёолж яриад байгаа юм. Тиймээс бидний хэлэлцдэг асуудал ямар нэгэн дарга, цэргийн асуудал биш бодлогоо хэлэлцдэг бүх шатны намын байгууллагатай байх л зорилготой байна. Улс төрийн намуудын фракц гэж яриад байна. Асуудал нь юугаар фракцлах вэ гэдэг нь чухал асуудал юм.

Түүнээс бүх асуудал дээр фракц байдаг. Тухайлбал, гэр бүлд гэхэд л маргааш кино үзэх үү, дэлгүүр хэсэх үү, салхинд гарах уу гээд талцаж таараа шүү дээ. Үүнтэй нэгэн адил АН бодлогын нам гэдэг утгаараа хэлэлцэж буй асуудал дээрээ тодорхой хэмжээний фракциудыг бий болгож байна. Үүнээс нэг хэсэг нь цөөнх нөгөө хэсэг нь олонхи болно. Гэхдээ олонхи гэдэг утгаараа дулдуйдахгүй, цөөнх байлаа гээд хазайхгүй байх соёлтой байхыг л фракцгүй гэж тодотгоод байгаа юм.

Х.Баттулга: Би намын даргад нэр дэвшихгүй

/УИХ-ын гишүүн асан/

-Манай намын их хурал олон жил болсонгүй. Энэ удаагийн хурлаар намынхаа доторх асуудлыг ярья гэж байна. Тэгэхдээ шинэчлэл нэрийн дор явж байна. Хувь хүнд ч гэсэн шинэчлэл хэрэгтэй. Монгол Улс  ч гэсэн шинэчлэгдэх болсон шиг байна. Бид 1990 онд нэг улсаас хараат байна, тусгаар тогтносон улсын чадамж алга гэж ярьж байсан.

Одоо хөршөө сольчихсон чинь урд хөршөөсөө хамааралтай болчихлоо. Эдийн засаг болоод бүхий л шийдвэрүүд урд хөршөөсөө хамааралтай болсныг дүгнэж ярих хэрэгтэй болсон юм болов уу гэж бодож байна. Ганцхан манай нам ч биш. Монгол Улс тэр чигээрээ энэ талаар ярих ёстой болсон. Эдийн засгийн хараат боллоо, шийдвэр гаргаж чадахаа болилоо гэсэн зүйлүүдийг ярих байх.

Миний бодлоор зөв. Яагаад гэвэл их хурлаар даргаа сонгодог. Нөгөө дарга нь таалагдахгүй бол фракциуд нь нийлдэг ч юм уу. АН-ын гишүүдээсээ сонгогдсон намын дарга нэлээд байр суурьтай, дэмжлэг авсан учраас зоригтой зүйлүүдийг хийгээд явчих болов уу гэсэн бодолтой байна. Ер нь чөлөөтэй шүү дээ. Энэ заалнаас ч хүн нэр дэвшиж болно. Би намын даргад нэр дэвшихгүй.

Х.Тэмүүжин: АН фракцгүй нам болж чадвал сайн

/УИХ-ын гишүүн асан/

-АН-ын дүрмийн төсөлд үндсэндээ зургаан үндсэн өөрчлөлтийн багана байгаа. Манай намыг хамгийн их шүүмжилдэг эв нэгдэлгүй өөр хоорондоо зөрчилддөг гэдэг. Зөрчил нь намынхаа хил хязгаараас халиад төрийн үйл хэрэг рүү орж ирдэг гэдэг шүүмжлэл байдаг. Тиймээс энэхүү дотоод зөрчилдөөнөө дотроо зөв зохистой шийдвэрлэх чадварт АН суралцахгүйгээр нэгдмэл нэг зорилттой нам байж чадахгүй юм байна гэдэг нь харагдаж байгаа. Гэхдээ дотороо эв нэгдэлтэй байна гэдэг нь нэг нэгнийхээ буруу зөрүүг хааж, нуугаад явна гэсэн үг биш.

Намуудын эв нэгдэлтэй байдал буюу нэгдмэл байр суурийг харахаар ардчилал сайн тогтвортой хөгжсөн улс орнуудын улс төрийн намуудын нэгдмэл байдлыг хангадаг гуравхан л зүйл байна. Нэгдүгээрт, маш тодорхой үзэл баримтлал буюу ямар үндсэн зарчим дээр нэгдсэн юм гэдгээ тодорхой болгох ёстой. Хоёрдугаарт, оролцоо буюу нээлттэй байдал эрүүл саруул оюун ухаанаар өрсөлдөх боломжтой дүрэм байх юм.

Тэр дүрмийнхээ дагуу шийдвэр буюу бодлого гэсэн гурван зүйл дээр нэгдмэл байх тухай ярих ёстой. Түүнээс эрх мэдэл албан тушаал, фракц, дарга тойрч нэгдэхийг нэгдмэл байдал гэж ойлгохгүй байгаа юм. Тиймээс ч АН энэ гурван зорилт дээр нэгдмэл байдлаа илэрхийлэх ёстой юм байна гэж харлаа. Энэ хүрээнд өнөөдөр дүрмийн том шинэчлэл хийхээс өөр арга байхгүй. Дүрмийн том шинэчлэл хийнэ гэдэг нь гишүүдээ нээлттэй оролцуулах, АН өөрөө үүд хаалгаа сайн нээж өгөхөөс гадна эрүүл саруул бодлогын өрсөлдөөн болдог нам болох ёстой юм байна гэж харж байгаа. ҮЗХ-оос томилсон дүрмийн ажлын хэсэгт би орж ажилласан.

Дүрмийн ажлын хэсэг дээр зөвхөн хуучин улс төр болоод энэ намын түүхтэй амьдарлаа холбосон хүмүүсээс гадна залуу үе, дунд үе ахмад үе гээд гурван үе оролцлоо. Энэ олон хүний шаардаж байгаа дүрмийн өөрчлөлтөд дээр хэлсэн үзэл санаанууд бүгд дуссан байгаа. Ер нь АН фракцгүй нам болж чадвал сайн. Бодит амьдрал дээр фракцгүй нам болно гэдэг хэцүү, төвөгтэй байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ эрх мэдэл тойрсон фракциасаа ядаж бодлогын салаа, мөчир болсон фракци болж хувирах нь АН өөрөө урт хугацаанд зөв явах алхам юм. Даргын асуудлыг энэ удаагийн хурлаар хэлэлцэхээр оруулаагүй. Учир нь Их хурлаар батлах дүрмээр даргыг нийт гишүүдээр сонгохоор төлөвлөж байгаа. Тэгээд сунгаан байдлаар ирэх хоёрдугаар сарын 20 гэхэд сонгогдоно гэсэн төлөвлөгөөтэй байна.

Ц.Оюунгэрэл: АН илүү их нээлттэй болж байна

/УИХ-ын гишүүн асан/

-Өнөөдрийн /өчигдөр/ намын Их хуралд хэлэлцүүлэхээр оруулах дүрмийн өөрчлөлтийн төслийг ҮЗХ-оор хэлэлцэж дэмжээд, оруулж ирсэн. Ер нь гишүүд шинэчлэл хийх гэж буй шинэчлэлүүдийг маш их дэмжиж үг хэлж байна. Яг одоо бол ороннутгаас ирсэн гишүүд үг хэлж байна. Намаа гишүүддээ эрх мэдэл олгосон буюу хаалга үүд нь нээлттэй өргөн хүрээнд хамтарч ажиллах чадах чадвартай нам болгох тал дээр олон гишүүн дэмжиж санал хэлж байна. Шинэчлэлийн хамгийн эхний чиглэл нь намаа илүү нээлттэй болгохыг зориод байгаа юм. Нээлттэй нам болгоно гэдэг нь шийдвэр гаргахдаа хаалттай буюу хязгаарлагдмал төвшинд гаргадаг байсаныг илүү олон гишүүдийн оролцоотойгоор гаргахыг хэлж байгаа.

Тиймээс шийдвэрүүд нь илүү нээлттэй гарна гэсэн үг. Тухайлбал, өмнө нь АН-ын даргыг ҮЗХ, Их хурал гээд удирдах төвшинд шийддэг байсан бол шинэ дүрмээр бол гишүүдийнхээ оролцоотой сугангаагаар намын даргаа сонгодог болох юм. Өнөөдөр хөдөө орон нутагийн жирийн гишүүдээс та АН дээр шийдвэр гаргах ямар үйл ажиллагаанд оролцох вэ гээд асуухаар ихэнх нь “мэдэхгүй” гэж хариулах болно.

Тийм хэмжээнд манай нам гишүүдээсээ хаалттай болж байсан. Харин энэ Их хурлын дараа энэ асуултыг гишүүдээс асуухад маш тодорхой гурван эрх мэдэлтэй гэж хэлнэ. Олон эрх мэдэл очиж байгаа. Гэхдээ хамгийн тодорхой нь гурван эрх мэдэл байна. Үүнд АН-д бүртгүүлсэн бүх гишүүд анхан шатны намын хорооны даргын сонгуульд шууд оролцож, санал өгнө. Энэ тохиодолд татвар төлсөн эсэх нь хамаагүй.

Бүртгэлтэйл бол болно. Хоёрдугаарт, АН-ын бүртгэлтэй татвараа төлөөд явж байгаа гишүүд илүү олон шатны таслах эрхийг эдэлнэ. Үүнд АН-ын даргын сунгаанд, ҮЗХны сунгаанд, аймаг дүүргийн намын хорооны гишүүдийг сонгох сунгаанд тус тус таслах эрхтэй оролцоно. Ингээд ирэхээр гишүүдийн шийдвэр гаргах дээд төвшинд оролцох эрх мэдэл илүү их нэмэгдэж байгаа. Тиймээс ч АН илүү их нээлттэй болж байна гэж харагдаж байгаа. Энэ бол шинэчлэлийн нэг л чиг хандлага юм.

С.Ламбаа: АН-ын дүрэм угаасаа тийм муу дүрэм биш

/УИХ-ын гишүүн асан/

-Манай намын дүрэм угаасаа тийм муу дүрэм биш. Учир нь бид 2000 онд АН-ын Их хурлыг таван нам нийлж хийхдээ маш сайн боловсруулж баталсан. Миний мөнхийн байр суури бол энэ сайн дүрмээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй. Ерөөсөө л хэн намын дарга болно тэр хүн өөрийнхөөрөө л явж байсан.

Тиймээс өнөөдөр АН-ын нэр хүндэд муугаар нөлөөлсөн янз бүрийн асуудал гарсан. Тиймээс энэ удаагийн Их хуралд бэлтгэх ажлын хэсэг 14 хоног ажиллаад эцэсдээ дүрэм шинэчилсэн наруулгаа болиод шинэчтгэлийн хөтөлбөр, үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болоод ороод ирлээ. Энэ бол яг цаг үетэйгээ тохирч байгаа юм. Өөрөөр хэлбэл, миний бодож явсантай бүрэн дүүрэн нийцэж байгаа.

Ер нь бол өнөөдөр 1200 хүн хуралдаад л АН-ын шинэчилчихнэ гэсэн зүйл байхгүй. Шинэчлэл нэлээд урт хугацаанд үргэлжлэнэ. Тиймээс ч өнөөдөр Их хурлаараа эхний гурван сар үргэлжлэх юмыг хийх гэж байна. Үүнд намын даргаа сунгаагаар сонгоно гэж байна. Дараа нь үүрээсээ эхлээд, ҮЗХ хүртэл бүх намын удирдлагын байгууллагуудыг бүгдийг нь татан буулгаад шинээр сонгоно гэж байна. Сонгох журмаа өнөөдөр батлах гэж байгаа.

яагаад энэ бүгдийг хийж байгаа юм гэхээр намын үүрээсээ эхлээд, ҮЗХ хүртэл шат бүртээ аймаг, сум, нийслэл, дүүргийн намууд чинь тодорхой нэг бүлэг хүмүүсийн өмчлөл рүү очоод байгаа. Тиймээс үүнийг задлах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жинхэнэ гишүүддээ АН-ын нь өгөх гэж байгаа. Та бүхэн намаа цааш нь аваад яв. Дарга, цэргээ хугацаанд нь дүрмийнхээ дагуу сонгож бай гэдгийг л хийж өгч байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.