Н.Номтойбаяр: Аль банк бага хүү санал болгоно, тэрэнтэй л хамтарч ажиллана

Н.Номтойбаяр: Аль банк бага хүү санал болгоно, тэрэнтэй л хамтарч ажиллана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнөөдөр 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Тус яам Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд салбарынхаа чиглэлээр 47 зорилт тусгасан бөгөөд 100 хоногийн хугацаанд 13-ыг нь хэрэгжүүлэхээр санаачилга гарган ажиллажээ. Тухайлбал, ахмадуудад “Насны хишиг”-ийг жилд хоёр удаад олгох хуулийн төслийг санаачилсан байна.
 
Мөн Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж. Цаашлаад цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээвэрт үнэгүй зорчуулах асуудлыг ч шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 373 аж ахуйн нэгжийн хаагдсан дансыг нээсэн гээд цөөнгүй ажил амжуулсан байна. Мэдээллийн дараа ХНХ-ын сайд Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  
 
-Та өнгөрсөн дөрвөн жилд уг яамны өмнөх удирдлагуудын үйл ажиллагаанд их шүүмжлэлтэй ханддаг байсан. Ялангуяа ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой гэж мэдэгддэг байсан. Ахмадын зээлийн хүүг бууруулах боломжтой юу. Судалж үзсэн үү?
-Өмнө нь эрх барьж байсан АН-ынхан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж байсан ч сүүлдээ үнэнд гүйцэгдэж боломжтой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ ажлын хүрээнд Төрийн банктай хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг гарч ажилласан. Нэг сайн мэдээ дуулгахад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Хэттээ цалингийн зээлийг ч бууруулах боломжтой. Арга зам нь маш тодорхой.
 
Хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулахгүйгээр банкны тухай хуулийн 9.1 дүгээр заалтыг удирдлага болгоод та бүгдийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөний хуримтлалыг арилжааны банкинд байршуулах арга замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой. Энэ бол төсвөөс татаас авах арга биш. Харамсалтай нь Төрийн банкны зардал маш өндөр байна. Төрийн банкны урсгал зардал өндөр байгаа нь өгч байгаа зээлийнхээ хүүнд шингэнэ гэсэн үг. Өөрсдийнхөө зардлыг зургаан хувьд багтаах боломж байна гэдэг хариуг тус банкнаас надад өгсөн. Энэ бол маш өндөр. Өөр бусад арилжааны банкууд надад гурав орчим хүүгийн орлогын нэмэгдлийг нэмье гэдэг саналаа илэрхийлээд байгаа. Гэтэл Төрийн банк дэндүү өндөр зардалтай байна.
 
Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн зардлын чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулахдаа хуваалцах шаардлагатай болчихоод байна. Хуваалцахын хэрээр нийгмийн даатгалын орлогын мөнгө буурна. Тэгэхээр би тийм шийдвэрийг гаргаж чадашгүй нь ээ.Төрийн банкны захиралтай уулзаад “Энэ зургаан хувиа буулгах хэрэгтэй” гэдэг шаардлагыг тавьсан. Энэ бол цэвэр арилжааны зарчмаар явж байна. Төрийн банк хүүгээ буулгаж чадахгүй бол би бусад банкинд хүсэлт тавина. Аль банк бага хүү санал болгоно би тус банктай хамтарч ажиллана.
 
- 2019 онд нийт хүүхдийн 40 хувь нь хүүхдийн мөнгөө бөөнд нь авна. Тэр мөнгөний санхүүжилтыг хаанаас гаргах вэ?
- 2019 онд хүүхдийн мөнгийг өгнө. 392 тэрбум төгрөгийг төлнө. Энэ мөнгийг төсвөөс өгнө.
 
-Ирэх оны төсөвт нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа гэдэг нь үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Нийгмийн даатгалын тогтолцоо маань албадан, шахаж шаардсан шинжтэйгээр ажлаа явуулдаг болсон байна. Энэ тогтолцоог өөрчилнө. Илүү арилжааны шинжтэй болгох зарчмын байр, суурийг баримталж байна. Бүрэн боломжтой юм байна лээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зах зээл 600.000 орчим төлөгчтэй байна. Тэгэхээр энэ хүмүүс рүү түлхүү чиглэсэн арилжааны, хүмүүсийг сайн дураар нь хамруулах бодлогыг хэрэгжүүлдэг баймаар байна. Нийгмийн даатгалын сан 587 тэрбум төгрөгийг улсаас татаас хэлбэрээр авдаг. Нийгмийн даатгалаараа улс төрийн оноо авах гэж ажиллаж ирсний үр дүн бол энэ. Сайн менежментээр нийгмийн даатгалын сангаа бид авармаар байна. Энэ тал дээр ажиллаж байгаа. 
 
-Нийгмийн даатгалын санд яг хэдэн төгрөг байгаа юм бэ?
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 577 тэрбум төгрөг 11.8 хувийн хүүтэй хадгалагдаж байсныг энэ оны тавдугаар сарын 17-нд 9 хувь болгож бууруулсан. Ингэснээр бид 17 орчим тэрбум төгрөг алдаж байна. Мөн харилцах хэлбэр буюу дөрвөн хувийн хүүтэй багагүй мөнгө явж байгаа. Тиймээс эхний ээлжинд харилцах хэлбэрт байгаа 80 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарсан.
 
Ингэснээр дунджаар 15 хувийн хүү авах болж байгаа юм. Зарим орнууд нийгмийн даатгалын сангийн мөнгөө хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр зарцуулдаг. Гэхдээ энэ тогтолцоог манай улсад нэвтрүүлэхэд асуудал үүсч мэднэ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд шударга байж чадахгүй хүн энэ салбарын сайдаар томилогдвол нийгмийн даатгалын сангийн мөнгөөр тоглож дуусна. Эхлээд улс төрчид хөгжих хэрэгтэй.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.