А.Ишдорж: Аймгийнхаа хөтөлбөрийг Засгийн газрынхтай уялдуулаад явна гэсэн төлөвлөгөөтэй байна

А.Ишдорж: Аймгийнхаа хөтөлбөрийг Засгийн газрынхтай уялдуулаад явна гэсэн төлөвлөгөөтэй байна

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Өвөрхангай аймагт зуншлага хэр болов. Одоо сайхан намаржиж байна уу. Өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орчихсон уу?

-Ерөнхийдөаө манай аймагт зуншлага сайхан болсон. Малчид маань боломжоороо гар тэжээл, хадлангаа аваад өвөлжилтөд бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар болон Онцгой байдлын газрын албан даалгаврын хүрээнд бүх сум, багуудад өвс тэжээл бэлтгэх хуваарь гаргаад, үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна. Хадлан бол боломжийн хэмжээнд байна. Аймгийн Гучин-Ус, Төгрөг сумдаар зуншлага жаахан оройтсон боловч сүүлд бороо орж, нэлээд гайгүй болсон.

-Ерөнхийдөө бороо хур хэр байв. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад...?

-Бороо хур элбэг, нэлээд гайгүй байсны хүчинд хадлан авах бололцоотой байна.

-Өвөрхангай аймгийн хувьд нэлээд асуудал үүсээд байгаа шүү дээ. Тэр дундаа малчдад нэлээд асуудал тулгамдаад байх шиг байна. Гол ус бохирдсон, бэлчээргүй болсон гээд л?

-Манай аймаг өнгөрсөн жил малын тоогоороо улсад тэргүүлсэн. Хамгийн олон малтай аймаг боллоо. Түүнчлэн зөвхөн Өвөрхангай аймаг гэлтгүй улсын хэмжээнд малын тоо толгой өсч байна. Үүнтэй холбогдуулаад бэлчээрийн даацын асуудал үүсч, малчид хоорондоо бэлчээрээ булаацалдах асуудал гарч байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд малын тоо толгойг зохистой хэмжээнд барих, гадагшаа зах зээлд борлуулах зэрэг боломж бололцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Өвөрхангай бол малын халдварт өвчин гардаггүй, тайван бүс. Халдварт өвчингүй, тайван бүс гэж баруун аймгуудаасаа ялгарсан. Тиймээс гадаад зах зээлд мах гаргах бүрэн боломжтой. Түүнчлэн энэ жил алдарт бичин жил тохиож байна. Цас зуд ихтэй байвал нэг, хоёрхон сарын дотор мал байхгүй болж, малчдын амьдрал хүнд болж болзошгүй. Тэгэхээр малыг борлуулах тал дээр нэлээд анхаарч, зохион байгуулах шаардлагатай гэж бодож байна.

-Бэлчээрээс гадна уул уурхайн олборлолт, алтны ком­паниуд танай нутагт ихээр үйл ажиллагаа явуулж байна. Хор уршиг их гарч байгаа талаар ч байнга мэдээлэл цацаг­даж байна. Энэ тал дээр?

-Аймгийн хэмжээнд тулгам­даж буй хоёр дахь асуудал гэвэл алтны компаниудын нөлөөгөөр Орхон гол бохирдож байгаа асуудал байна. Орхон гол маань Монгол Улсын хамгийн урт гол, 1224 км урсдаг, Байгаль нуурт цутгадаг. Орхон голын эх маань Архангай аймгийн Цэнхэр сум, төрийн тахилгат Суварга хайрхнаас эх авдаг. Мөн Орхон голын эх бүрдэх Шийрт, Өлт, Тээл, Бодонт, Харгуйт зэрэг хөндий байж байгаа. Гэтэл энэ Шийртийн уурхай дээр 2-3 лицензийг өнгөрсөн жил Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа сэргээсэн байдаг. Урт нэртэй хуулиас гаргаж, сэргээсэн гэсэн үг шүү дээ.

Үүний нөлөөгөөр 40 гаруй уурхай ажиллаж байна. Энэ жил Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаж байна. Үүнээс гадна хөндий, тал гэхээргүй болтлоо сүйтгэгдэж, газрын хөрсийг эргүүлж, энд тэндгүй хэдэн метр өндөр болтол нь овоолсон шороо, шороогоо угаасан ус нь шуудуу, сувгаа халин улаан шар өнгийн зуурмаг болон урсаж байна. Хүн мал уух ямар ч арга байхгүй.

Орхон гол долоон аймгийн 113 багийг дамжиж урсч байгаа. Нэг талдаа улс орны эдийн засаг хүнд байгаатай холбогдуулаад бид газрын баялгаа ашиглах ёстой гэж байгаа боловч яг бодит байдал дээр Шийртийн алтны уурхайгаас улс орны эдийн засагт ямар дэмжлэг үзүүлсэн юм бэ, Монголбанкинд хэчнээн хэмжээний алт тушаагаад, ямар валютын нөөц бүрдүүлчихсэн юм бэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Нөгөө талдаа Орхон голын сав дагуух 113 багт амьдарч буй хүн ам, малын тоо толгойг тоолоод үзвэл хэчнээн тоо гарах вэ гэдэг маш том асуудал байна.

Ер нь бол Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа юм. Уул уурхайгаа ашиглаж эдийн засгаа сэргээж болох ч нөгөө талдаа иргэдийнхээ аюулгүй байдал, амь насны асуудлыг гаргуунд нь гаргаж болохгүй. Бат-Өлзий сумын малчид, иргэд над руу байнга ярьж байна. Мал үхэж байна гэж. Хөдөө аж ахуйн яамнаас малыг эрүүлжүүлнэ гээд л том бодлого хөтөлбөр яриад л байдаг. Гэтэл энэ голоос ууж байгаа мал өвчилж байна. Өвчилсөн малынхаа сүү сааль, махыг идэж байгаа хүмүүс ямар байх вэ. Эдийн засгийн хувьд ч хүнд нөхцөл байдал үүсч байна шүү дээ. Тухайлбал, Орхоны сав дагуу зусч байгаа малчид доод тал нь 5-10 км газарт явж, ус зөөж ууж байна.

Энэ мэтчилэн маш хүнд асуудал тулгараад байна. Тэгэхээр Монгол Улсад өнөөдөр хууль хэрэгжих цаг болсон. Нэгэнт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу урт нэртэй хуульд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн бол түүнийгээ хориглох л ёстой. Угтаа бол иргэд болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, гол ус бохирдуулахгүй, технологи стандартын дагуу нөхөн сэргээлтээ хийгээд явдаг хариуцлагатай уул уурхай байх юм бол түүнийг эсэргүүцээд байх юм алга. Улс орны эдийн засгийн хүндрэлээс гарах гэж гарц хайж байгаа энэ цаг үед бодлогыг нь дэмжилгүй яах вэ. Тэгэхдээ цаана нь улс орны бодлого хэрэгжүүлэх гэж байна гээд олон хүн мал хохироож болохгүй гэдгийг л хэлмээр байна.

-Орон нутгийн удирд­ла­гуу­дын зүгээс эдгээр алтны компаниудад шаардлага хүргүүлсэн үү. Холбогдох албаныхан хяналт шалгалт хийж, шаардлага тавьсан удаа бий юу. Ер нь хэчнээн тооны компани үйл ажил­лагаа явуулаад байна вэ?

-БОАЖЯ, УУЯ, МХЕГ, зарим ТББ-ын хамтарсан ажлын хэсэг Шийртийн алтны уурхайд ажилласан гэж байгаа боловч аймгийн удирдлагуудад огт мэдэгдээгүй. Уг нь гол бохирдож байгаа асуудал Өвөрхангай, Булган, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймаг, цаашлаад магадгүй Байгаль нуур бохирдож байгаа эсэх тухай асуудал яригдаж байгаа. Гэтэл Орхон голын сав дагуу шалгалт хийхдээ бидэнд огт мэдэгдээгүй. Тийм учраас би БОАЖ-ын сайдаас тодруулж, асуусан. Ямар ч байсан дүн шинжилгээ нь гарч байгаа юм байна. Арга хэмжээ авсан юм байна. Гэтэл ер нь бол хяналт шалгалт яваад, бараг тоос нь далд ороогүй байхад л уул уурхайн компаниуд лацыг нь аваад л ажиллаж эхэлдэг. Тэгэхээр ярьж байгаа мэдээлэл, бодит байдал хоёр зарчмын зөрүүтэй байна гэж үзэж байгаа.

-Орхон голд хэчнээн олон гол цутгадаг, дээрээс нь аялагч жуулчдын ихээр очдог Улаан цутгалан гэж байгалийн үзэсгэлэнт газар байдаг. Мөн Орхон голд загасчлахаар олон хүн очдог байсан шүү дээ. Одоо бүр загас жараахай ч үгүй болсон уу?

-Би өөрөө Орхон гол дээр өссөн хүүхэд. Орхон голын дагуу эрт дээр үеэс хаад, ноёд нутаглаж ирсэн түүхтэй. Төрөл бүрийн загас жараахайтай, ус арвинтай гол байсан. Мөн Орхон голд хамгийн багадаа 40-50 том, жижиг голууд цутгадаг. Үүнийг дагаад Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Ихтээл, Өлзийттээл, Хошигт, Гүрд, Шивэртийн гол бүгд Орхон голд нийлдэг. Цааш нь Баянхонгор аймгийн Эрхэт, Тамч, Улиастайн гол Орхонтой нийлж урсдаг. Төв аймгийн Батцэнгэл, Өлзийт сумын урдуур урсдаг Орхон голтой Архангай аймгийн Тамирын гол нийлж урсана. Урд Тамирын гол эхэндээ Суварга хайрхан уулын зүүн суганаас эх авсан. Мөн олон жижиг булаг, шанд нийлсэн байдаг. Гэтэл одоо энэ олон булаг шанд бохирдох эх үүсвэр болоод байна. Мөн Орхон гол нэг ширхэг ч загас жараахай байхгүй. Тиймээс Орхон голын экологи, эдийн засгийн үнэлгээг тооцуулаад, загас жараахай, ус гол бохирдуулсан талаар аль ч шатны байгууллагад хандахад хангалттай хэмжээнд хариуцлага тооцох бүрэн боломж нөхцөл бий. Гэвч энэ асуудал дээр хөдлөхгүй байна уу, хөдлөх сонирхол байга байна уу даа гэж бодогдох юм. Аймаг орон нутгийн удирдлагууд бүгдээрээ л шинээр томилогдсон. Тэгэхээр одоо уулзаж, ярилцаж, шийдэлд хүрье гэсэн санал санаачилга гарч байна даа, эхнээсээ.

-Улс орны эдийн засаг нэлээд хүнд байна. Танай аймгийн хувьд хэр байна. Аймгийн эдийн засгийн чадавхи, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө хэр хэмжээтэй байгаа вэ. Ирэх жилүүдэд аймгаа хөг­жүүлэх, үйл ажиллагаа явуу­лахад хэдий хэрийн төсөв шаардлагатай байгаа вэ?

-Өвөрхангай аймгийн тухайд төсвийн орлого харьцангуй гайгүй байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд санхүүжилт жаахан удаашралтай байгаа. Энэ бол улсын төсвөөс өгдөг учраас улсын төсвийн бүрдүүлэлттэй холбоотой дутмаг байгаа байх. Тэгэхдээ энэ хямралын үед аль болох өр үүсгэхгүй байх тал дээр хичээж ажиллана. Орон нутгийн хөгжлийн санд 2013 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 13 орчим тэрбум төгрөг батлагдчихсан. Тэр жилдээ 30 хувийг нь өгөөгүй, дараа жил нь дахиад 40 хувийг нь хассан гээд л багасаад байгаа. Тэгэхдээ бага гэхгүй Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө сумдын удирдлагууд заавал аймгийн удирдлагууд, Засгийн газарт хандахгүйгээр иргэдээрээ хэлэлцүүлж, нэн түрүүнд тулгамдаж буй чухал гэсэн асуудлаа сонгоод түүнийгээ хэрэгжүүлээд явах боломж бололцоо бол байгаа. Төсвийн сахилга батыг нэлээд сайн сахих цаг үе тохиож байна.

-Аймгийн удирдлагууд солигдсонтой холбоотойгоор халаа сэлгээ хийгдэж эхэллээ. Зарим аймаг дээр намаар ялгаварлах асуудал хүртэл гарч байна. Танай аймгийн хувьд ийм асуудал гарч байна уу?

-Манай аймаг улс төрийн хувьд харьцангуй тогтвортой. 1992 оноос хойш улс төрийн удирдлага нэг их өөрчлөгдөөгүй. Ер нь тогтвортой байх нь ч аймгийн хөгжилд үр нөлөөтэй юм. Аймгийн хөгжлийг ярьвал бусад аймгуудаас нэлээд дээгүүр төвшинд явж байгаа гэж хэлж чадна. УИХ-д гишүүнээр сонгогдсон Тогтохсүрэн дарга маань 16 жил Өвөрхангай аймгийн удирдлагаар ажилласан. Засаг дарга, ИТХ-ын даргаар тус бүр найман жил ажилласан. Энэ хүний тогтвортой удирдлагын үр дүнд аймаг хөгжиж байгаа. Ер нь хийж чадаж байгаа, тогтвортой, мэргэшсэн албан хаагчдыг аль болох өөрчлөхгүй байх нь чухал. Тиймээс Өвөрхангай аймагт халаа сэлгээний асуудал харьцангуй гайгүй. Босоо удирдлагатай ганц нэг газрууд дээрээсээ өөрчлөгдөх байх. Ер нь өнгөрсөн дөрвөн жил үүрэг гүйцэтгэгчээр янз бүрийн хүмүүсийг томилчихсон байсан. Эдгээр хүмүүсийн тухайд өөрчлөлт гарах байх.

-Төсөв мөнгө хүндрэлтэй байгаа гэдэг утгаараа цалин мөнгө хэмнэх зорилгоор орон тооны цомхотгол хийх үү?

-Босоо удирдлагатай хэлтэс, газрууд, аймгийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг баталж өгч байгаа. Тэр бүтэц, орон тоондоо л багтаана. Засгийн газраас тоог нь багасгаад баталж өгвөл цомхотгол хийхээс өөр арга байхгүй. Харин байгаа төвшин­дөө юм уу, орон тоог багас­гаа­гүй тохиолдолд цомхот­гол хийгээд байх шаардлагагүй.

-Тансаг хэрэглээг танана, зардлаа хэмнэнэ гээд л байгаа. Аймгийн хувьд зардлаа хэмнэх тал дээр хэр анхаарч байна?

-Тансаг хэрэглээ гэдгийг юу гэж ойлгох вэ гэдгээс л асуудал шийдэгдэх байх. Ер нь тэгээд ч аймгийн удирдлагууд гадаад руу яваад л, үрэн таран хийгээд байдаг юм байхгүй. Албан ёсны дагуу гадаад харилцаатай ганц нэг улс руу, Засгийн газрын багт багтаад жилдээ 1-2 удаа явах тохиолдол байдаг. Түүнээс биш байнга гадаад руу зугаалаад, яваад байх боломж байдаггүй. Тийм зардал бага. Сахилга батын хувьд манай аймаг харьцангуй сайн шүү.

-Гадны төсөл хөтөл­бө­рүү­дийг орон нутаг руугаа татах тал дээр хэр ажиллаж байна?

-Нэлээд сайшааж ажиллах бодолтой байгаа. Яамдын удирдлагуудтай уулзаад явж байхад нэлээд чиглэл өгч байна. Гадаад харилцааны яамнаас гэхэд л гадаад улс орнуудтай харилцахдаа яамаар дамжуулах, гэрээ хэлцэл хийхдээ мэдэгдэх гэх мэт чиглэлүүдийг өгч байна. Ажил аваад сар гаруйхан болж байгаа болохоор төсөл хөтөлбөр хөөцөлдөөд хэрэгжүүлчихсэн гэх зүйл алга. Өмнө нь хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүд бий.

-Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Бэлтгэл ажил нь хэр явагдаж байна?

-Хуулийн дагуу бүх со­нгуулийн хороод бай­гуу­лаг­даад, улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгөх зэргээр графикийн дагуу л явагдаж байна. Өмнөх сонгууль арваннэгдүгээр сард болж, цас орчихсон, гол ус зайрмагтчихсан нэлээд хүйтэн байх үед болж байсан болохоор ирц хүрэх болов уу яах бол гэж байсан. Харин энэ жилийн хувьд аравдугаар сард болж байгаа болохоор харьцангуй гайгүй байна байх.

-Танай аймгийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэлээд боломжтой. Түүнчлэн түүхийн дурсгалт газрууд ч олон байдаг шүү дээ. Энэ тал дээр хэр анхаарал хандуулж ажиллах вэ?

-Монгол Улсын төвийн бүсийн аялал жуулчлал Хархорин, Хужирт, Орхоны Улаан цутгалан, Төвхөн хийд гээд Архангай аймаг руу ордог. Өвөрхангай аймагт аялал жуулчлалын томоохон бодлого бий. Манай аймагт эртний үлэг гүрвэлийн яс, өндөг, чулуужсан модтой  хэсэг байна.

Тиймээс бид баруун болон говийн чиглэл, зүүн чиглэлд Их соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн Есөнзүйл сум, Улаанбаатар хотын шав тавьж байсан Ширээ цагаан нуур гэх мэтчилэн түүхийн дурсгалт газар арвинтай нутаг. Тиймээс аймаг дотроо гурван бүс болгож, аялал жуулчлалаа хөгжүүлье гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд Орхон голын сав дагуу аялал жуулчлал хөгжихөд тулгамдаж байгаа нэг гол асуудал, тэнд очиж байгаа иргэдийн сэтгэл эмзэглэж, халаглаж байгаа зүйлүүд бол сая ярьсан Орхон голын бохирдол. Орхоны зах дээр тав тухтай ирээд, сайхан амарчихъя гэхээр амрах, усанд орох, уух ямар ч боломжгүй.

Тэнд очсон гадна, дотны иргэд маш ихээр шүүмжилж байгаа. Тийм учраас Орхон голоо л бид амийг нь тасалчихалгүй авч үлдэж, бохирдлын асуудлыг бүрэн шийдчих юм бол аялал жуулчлал хөгжих бүрэн боломж бий. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр БОАЖ-ын сайдад санал тавих бодолтой байгаа.

-Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж гэдэг хүний талаар манай уншигчид сонирхож байгаа байх. Ямар залуу, ямар зорилготой хүн аймгийн ИТХ-ын даргаар томи­логдчихов гээд харж бай­гаа байх. Өөрийгөө манай ун­шигчдад танилцуулахгүй юу?

-Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, энэ нутаг усны унаган хүү. Физик, байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй. 1999 онд МУБИС-ийг төгсөөд, Бат-Өлзий сумынхаа сургуульд багшилсан. Мөн 2000-2004 онд сумынхаа Соёлын төвийн эрхлэгч, Хүүхэд залуучуудын ажилтан, 2004-2011 он хүртэл Бат-Өлзий сумын Засаг даргаар ажилласан.

2011 оноос аймгийн төв, Арвайхээр сумын Засаг дарга, хотын захирагчаар ажилласан. Нийтдээ 12 жил төрөлх нутагтаа, сумын Засаг даргаар ажиллалаа. Хөдөөгийн хүн ам ихтэй сум, аймгийн төвийн хүн ам ихтэй сум гээд төрийн албыг анхан шатнаас нь хашиж, суралцаж явна даа. Тэгээд энэ удаагийн сонгуулиар ИТХ гээд аймгийн бодлого тодорхойлох томоохон байгууллагад аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэж гарч ирлээ.

Их олон зүйлийг хийхээр бодож төлөвлөж байгаа. Аймаг, орон нутгаа эдийн засгийн хувьд яаж бие даалгах вэ, санхүүгийн хувьд яаж бэхжүүлэх вэ гээд бодсон зүйлүүд байна. Аймгийн ИТХ-ын хоёр дахь том бүрэн эрхийн том хуралдаан болно. Энэхүү хуралдаанаар аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батална. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэйгөө аймгийнхаа  хөтөлбөрийг уялдуулаад явна гэсэн төлөвлөгөөтэй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.