У.Хүрэлсүх: Бид үр хүүхдэдээ өр биш, өв үлдээхийг зорьж байна

У.Хүрэлсүх: Бид үр хүүхдэдээ өр биш, өв үлдээхийг зорьж байна

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулан улс төрийн нам, эвслүүд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Тухайлбал, МАН сонгуулийн сурталчилгааны нээлт хийж, нэр дэвшигчиддээ үнэмлэхийг нь гардууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Манай улсын ард иргэдээ, монгол ахан дүүс ээ, УИХ-ын гишүүдийг сонгох хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө манай улсын нөхцөл байдал ямар байсныг тод санаж байна. Олон улсад дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн хүндхэн цаг үе байсан. Гадаад улсаас авсан өр, бондыг хэрхэн дарах, төсөв, санхүүгийн сахилга батыг хэрхэн сайжруулах, эдийн засгаа яаж өсгөх вэ гээд олон асуудалтай манай Засгийн газар нүүр тулсан. Тиймээс бид төсөв санхүүгийн сахилга батыг сайжруулж, эдийн засгаа өсгөлөө. Бид үр хүүхдэдээ өр биш, өв үлдээхийг зорьж байна. Манай Засгийн газар газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, авто зам, төмөр замын томоохон бүтээн байгуулалтуудын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. Улсын эдийн засагт ололт амжилт гаргаж байгаач ард түмнээ соён гэгээрүүлэх ажил хоцрогджээ. Тиймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд ихээхэн анхаарлаа. Төв номын сан, театр, музейн барилгыг шинээр барих ажил эхлүүллээ. Мөн соёлын яам байгуулахаа мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Сайжруулсан шахмал түлшний хөтөлбөр хэрэгжүүлж, нийслэлийн утааг 50 хувь буурууллаа. Ирэх жилд шахмал түлшний хүрэлцээ, хангалтыг нэмэгдүүлж, утааг 70-80 хувь бууруулна. Их үйлсэд хамт байсан нийслэлчүүддээ Монгол Улсын Засгийн газрын өмнөөс дахин талархал илэрхийлье. Энэ удаагийн сонгууль цар тахлын үеийн хүнд нөхцөлд болж байна. Бид дэлхий дахиныг айлган түгшээсэн цар тахлыг дотооддоо алдалгүй барьж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа цөөн улсын нэг боллоо. Монгол Улс гэсэн ганцхан эрх ашигт нэгдэн зүтгэхийг уриалж байна” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.