У.Хүрэлсүх: 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэхээр боллоо

У.Хүрэлсүх: 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэхээр боллоо

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, ААН-үүддээ хандаж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 200 тэрбумыг гаргаж байна. Эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа хамгаалахад тодорхой арга хэмжээ авахад анхаарч байгааг хэлэв. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Ингээд дараах арга хэмжээнүүдийг авахаар боллоо.

Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс ААН, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэхээр боллоо. 

Хоёрдугаарт, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар бүрэн чөлөөллөө.

Гуравдугаарт, Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой хувийн аж ахуйн нэгжүүдээс орлогын албан татварыг авахгүй, бүрэн чөлөөлж байна.

Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянгөн төгрөгийн дэмжлэг туслалцааг гурван сарын хугацаанд олгоно.

Тавдугаарт, Малчдаас ноолуур авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд өгнө. Хүүгийн зөрүүг Монгол Улсын Засгийн газар хариуцна.

Зургадугаарт, Бүх шатны боловсролын байгууллага тасарсантай холбоотойгоор хүүхдийн мөнгийг гурван сарын турш 30 мянган төгрөг болгоно.

Долоодугаарт, Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах арга хэмжээг авна" гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ