Хаврын чуулган ирэх сарын 6-наас цахимаар хуралдана

Хаврын чуулган ирэх сарын 6-наас цахимаар хуралдана

УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхлэх бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хуралдааныг цахим хэлбэрээр явуулах шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргажээ.

Энэ шийдвэртэй холбоотойгоор цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил эхэлжээ.

Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.

Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах талаар ч ярьж байгаа аж.

Үүссэн онцгой нөхцөлтэй холбогдуулан дэлхийн улс орны парламентууд хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал Европарламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна.

ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ