Ч.Улаан: Яамныхаа нэр хүнийг сэргээлгэхээр Д.Пүрэвдоржийг хуулийн байгууллагад шалгуулна

Ч.Улаан: Яамныхаа нэр хүнийг сэргээлгэхээр Д.Пүрэвдоржийг хуулийн байгууллагад шалгуулна

 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах тухай ярьсан. Ингэхдээ тэрбээр “Ч.Улаан сайд малчдаас авлига авдаг.Тодруулбал, Малчдын бог мал тутмаас 20 мянга, бод мал тутмаас 200 мянган төгрөгийн авлига Ч.Улаансайдын халаас руу шууд бусаар орж байна” гэв. Тиймээс тэрбээр Ч.Улаан сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдсэн.

Харин үүнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр өөрийн болон яамныхаа байр суурийг хүргэхдээ “Б.Пүрэвдорж гишүүн намайг огцруулах саналыг хоёр дахиа гаргаж байна. Өмнө нь бас огцруулах санал гаргасан. Сайдыг огцруулах гэж байгаа бол хуулиараа явах ёстой. Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох хууль бий. Түүнээс биш хуулийн төсөл өргөн барьж огцруулахгүй л дээ. Огцруулах санал гаргаж байгаа бол үндэслэлээ нотлох хэрэгтэй. Б.Пүрэвдорж гишүүний хийсэн мэдээлэл, огцруулах үндэслэлтэй нарийн танилцаагүй байна. Хэрэв тэр хүн худлаа мэдээлэл тараасан, гүтгэсэн бол хууль, хяналтын байгууллагад хандана. Өнгөрсөн онд мах экспортлох квотыг 12 компанид өгсөн юм биш. 40 гаруй компани яамтай бодлогын гэрээ байгуулж, зөвшөөрлөө авсан. Тухайлбал, адууны мах экспортлохоор 18, дулааны аргаар боловсруулсан махны чиглэлээр 12, богийн мах бэлтгэж экспортлоход 29 компани зөвшөөрөл авсан. Хардлага, сэрдлэг байгаа бол хуулийн байгууллагаар шалгуулж болно шүү дээ. Харин миний нэр төрд халдах нэрийдлээр яамны ажилтан, албан хаагч, хамт олны нэр хүндийг гутаан доромжилж байгаа бол би хуулийн байгууллагад хандаж, үнэнийг тогтоолгоно. Хүнсний стратегийн бүтээгдэхүүнийг экспортлохдоо Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр тоо хэмжээ, зөвшөөрлийн квотыг тогтоодог. Нөгөөтэйгүүр импортлогч орны шаардлагыг хангасан үйлдвэрүүдэд бид квот өгдөг. Импортлогч талынхан манай улсад ирж махны үйлдвэр, бүтээгдэхүүнтэй нь танилцаж өөрийн орны хяналт байгууллагын шинжилгээг үндэслэн экспортлох квот олгох үйлдвэрийг тэд сонгодог. Б.Пүрэвдорж гишүүнд баттай мэдээлэл байгаа бол “Яамныханд авлига өгч квот авсан учраас авлигаа шингээсэн нөхцөлөөр мах авна” гээд явж байгаа компанийг хамт шалгуулъя. Би ч яамныхаа нэр хүндийг авч гаръя, тэр хүн ч Махны холбооныхоо нэр хүндийг хамгаалаг. Харин хувь хүн миний болон яамны нэр хүндэд халдаж сонгуулийн шоу хийх гэж байгаа бол хуулийн байгууллага дээр уулзъя. Авлига өгсөн гээд байгаа компани нотолгоогоо гарга, Б.Пүрэвдорж гэрчил. Авлига авсан бол бүгд л хариуцлагаа хүлээнэ. Би ч ялгаагүй. Харин Б.Пүрэвдорж гүтгэсэн бол хуулийн шийтгэлээ хүлээх хэрэгтэй. Үүнийг би цэвэр хувь улстөрчийн сонгуулийн шоу гэж үзэж байна. Тиймээс түүний мэдээлэл миний болон яамны нэр хүндэд халдсан гүтгэлэг” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.