Х.Баттулга: Одоогийн шинэчлэлийг реформын шинжтэй гэж үзэхгүй байна. Ард түмнээсээ асууя

Х.Баттулга: Одоогийн шинэчлэлийг реформын шинжтэй гэж үзэхгүй байна. Ард түмнээсээ асууя

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ хийж дуусгасан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээс өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэснээ мэдэгдсэн. Тэгвэл уг шийдвэрийн талаар Ерөнхийлөгчийн байр суурийг ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр танилцууллаа.

Ерөнхийлөгчийн байр суурь

"Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асууя гэсэн Ардчилсан намын саналыг болон  түүнийг дэмжсэн МАН-ын бүлгийн шийдвэрт талархаж байна. Гэхдээ ганцхан одоогийн өөрчлөлт дээр дэмжинэ, дэмжихгүй гэж асуух нь учир дутагдалтай байна. Засаглалын хэлбэр, давхар дээлгүй байх, Ерөнхий сайдын эрх мэдэлтэй холбоотой шийдвэрүүд, сонгуулийн ситемийн сайн муу талыг алийг нь саармагжуулж болох холимог систем дэмжигдээгүй, “унасан”. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хугацаан таван жил байх, гишүүдийн тоо 108 байх зэрэг мөн л“унасан”. Тэгэхээр одоогийн шинэчлэлийг реформын шинжтэй гэж үзэхгүй байгаа.

Тиймээс Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгд заасны дагуу “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг. Энэ бол тунхаг биш гэж үзэж байгаа юм бол засаглалын хэлбэрээ ард түмнээс одоогийн ээлжит болон ээлжит бусаар явуулах сонгуулийн саналын хуудаст заавал бич. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх юм уу гэдгийг асууя. 

Монголын ард түмэн ямар засаглалтай байх вэ гэдгээ сонгож, ард түмний зааврын дагуу УИХ шинэ Үндсэн хуулиа боловсруулаад тарах ёстой.

Ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол Ерөнхийлөгч ард түмнээсээ, парламентын засаглалыг сонговол Ерөнхийлөгч парламентаасаа сонгогдох ёстой. Аль замаар нь явах вэ гэдгээ ард түмнээсээ заавал асуух хэрэгтэй. Ингэхгүй бол одоогийн Үндсэн хуулиа сайжруулаад явна гэтэл бодитой өөрчлөлт орсонгүй. Төрийн өмчийг нийтийн өмч гэснээс өөр гялтайх зүйл алга гэж дүгнэж байна. Энэ өөрчлөлтийг УИХ яаж ч баталж гаргасан Ерөнхийлөгчийн байр суурь Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу, мөн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс асуух юм. Түүнийг батлах эсэх нь УИХ-ын ажил болж үлдэнэ. Өөрчлөлтөө хийж, ажилладаг Үндсэн хуультай болж улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргах хэрэгтэй.

Хуучин 76 тойргоо санагалзаж, түүнээсээ салж чаддаггүй, гишүүн нь сайд болдог боломжоо алдахыг хүсэхгүй байх юм бол реформ хийгдэхгүй. Өнөөдрийн болон дараагийн хэлэлцүүлгээс ямар байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гарах вэ гэдгээс хамаарч Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналын томъёоллоо бэлтгэж байгаа” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.