Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн хөндсөн асуудлыг 2-р хэлэлцүүлгээр ярина

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн хөндсөн асуудлыг 2-р хэлэлцүүлгээр ярина

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин хэлэлцжээ. Хуулийн төслийн үзэл баримтлал, хэлэлцэх хугацааны дараалалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, эрх баригч намынхан ойлголтын зөрүүгээ нэгтгэсэн байна. Мөн амралтын өдрүүдэд МАН-ын удирдлагууд, бүлгийн гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхийлөгч болон АН-ынхантай уулзаж саналуудыг нь сонсож, тодорхой хэмжээнд ойлголцсон  талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Ийнхүү МАН-ынхантай Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр байр сууриа нэгтгэсэн эсэх талаар МАН-ын бүлгийн дарга болон бусад гишүүд юу хэлснийг хүргэе.

-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, Үндсэн хуулийн асуудал том асуудал учраас бүх гишүүд санал нэгдээд явна гэдэг хэцүү. Тиймээс олон дахин хуралдаж, ойлголцох асуудал байгаа. Үндсэн хуульд ийм асуудлыг тусгамаар байна гэдэг санал гишүүдийн зүгээс маш их гарсан. Гэхдээ тэр бүгдийг оруулах боломжгүй. Учир нь бид Үндсэн хуулийн журмын тухай хуульд зааснаар 33 хувиас хэтрүүлж өөрчлөлт хийж болохгүй. Тэгвэл энэ хууль бараг шинэ хууль болчихно гэсэн үг.

Одоо өргөн барьсан өөрчлөлтийн төсөл 20 гаруй хувьтай байгаа. Тэгэхээр гишүүдийн анх гаргасан саналыг бүгдийг оруулах боломжгүй. Үүнийг тайлбарлаж байгаа. Харин хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа одоо өргөн барьсан заалтууд дээр саналыг авч, бага зэргийн өөрчлөлт оруулах боломж байгаа. Үүнийг хоёрдугаар хэлэлцүүлгийн үед авч шийднэ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар өнгөрсөн амралтын өдөр уулзалдаж, тодорхой асуудлуудыг ярилцсан.

Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой асуудлуудад байр сууриа илэрхийлж байгаа. Ерөнхийлөгчийн хөндөж байгаа асуудлуудыг хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хэлэлцэхээр ярьж байгаа. АН-ын бүлгийн удирдлагуудтай өнгөрсөн баасан гаригт УИХ-ын удирдлагууд уулзсан. Бидний дунд яриа хэлэлцээр үргэлжилж байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.