Х.Баделхан Элчин сайд Шинь Хайминтай уулзлаа

Х.Баделхан Элчин сайд Шинь Хайминтай уулзлаа

Барилга, хот байгуулалтын сайдын Х.Баделхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хайминтай өчигдөр уулзжээ. Уулзалтаар БНХАУ-ын ЗГ-аас олгох буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцсан юм.

Тухайлбал БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох хүрээнд 300 сая ам.долларыг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барьж байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн. Дээрх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д энэ оны дөрөвдүгээр сарын 9-12-нд албан ёсны айлчлал хийх хүрээнд уг асуудлыг хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэх, санхүүжилтийг олгох асуудлыг түргэлүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн тухайгаа ярилцсан юм.

Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Зиньпин-ийн санаачилгаар “Нэг бүс ба зам” Олон Улсын дээд түвшний чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын хийсэн уулзалтын үеэр хятадын талаас Монгол Улсын Засгийн газарт ирэх гурван жилд олгох хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо амласан.

Уг асуудлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг эрчимтэй бууруулах зорилгоор гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, инженерийн дэд бүтэц хүрэлцээгүй бүсүүдэд “Сервис центр” бичил дэд төвүүдийг байгуулах төслийн ажлыг яаралтай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж холбогдох журмын дагуу шийдвэрлэх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Засгийн газарт нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламжийг МУ-ын барилгын салбарт “1008 айлын түр байрлах орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж Хятадын төр, хувийн хэвшлийн холбогдох шинжээчид, судалгааны баг хамтран ажиллаж төсөл эхлэх бэлтгэл ажлыг хоёр тал бүрэн хангасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д айлчлах үеэр дээрх төслийг хэрэгжүүлэх тухай захидал солилцох талаар болон бусад асуудлаар ярилцлаа.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.