Сантад хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна

Сантад хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тойргийнхоо зарим суманд ажиллажээ.  Тэрбээр тойрогтоо ажилласан тухай ингэж ярьж байна.

“Сант өвөлжилт харьцангуй гайгүй байсан сумын нэг. Гэхдээ зэргэлдээ сумын оторчид олон өвөлжсөн болохоор хаваржилт хүндрэх эрсдэлтэйг малчид ярьж байв. Ялангуяа Улаан-Овоо багийн нутаг отрын адууны хөлд нэрвэгдэж бэлчээргүй болсон гэнэ. Сумын иргэдтэй уулзалт хийж УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомжууд, Засгийн газрын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсч, сонирхсон асуултад нь хариуллаа.

 Мөн сумын төсвийн байгууллагын удирдлагуудтай тусгайлан уулзаж тулгамдсан асуудлыг нь сонссон юм. Сантад энэ онд 75 хүүхдийн цэцэрлэг улсын төсвийн хөрөнгөөр барихаар болсонд иргэд тун талархалтай байна билээ. Цэцэрлэгийн барилга хуучирч, шал, дээвэрт нь мөөгөнцөр үүсч, хана нь цуурснаас үүдэн Мэргэжлийн хяналтаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан ч өөр барилга байхгүй учраас засч додомдоод аргалж ирсэн.

Энэ асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлсэн юм. Удахгүй барилгын ажил эхлэх байх. Хамгийн гол нь барилгын чанарт онцгойлон анхаарахыг сумын удирдлагууд, холбогдох албаныханд захилаа. 


Иргэдээс олон асуулт ирсэн. Тухайлбал, ээжүүдийн ажилласан жилийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх хууль хэзээ хэрэгжих, хүүхдийн мөнгийг хэдийнээс бүх хүүхдэд олгох, Эрдэнэтээс иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудал ямар шатандаа яваа вэ гэхчилэн тодруулж асуух зүйл тэдэнд олон байв” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.