Ерөнхийлөгч малчин Л.Наранзулынд очжээ

Ерөнхийлөгч  малчин Л.Наранзулынд очжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө тус аймгийн Өргөн сумын Их-Уул багийн нутагт өвөлжиж байгаа малчин айлаар зочиллоо. Өргөн сумын нутагт өвөлжиж байгаа өрхийн тэргүүн Л.Наранзул 1977 оноос хойш энэ нутагт мал маллаж амьдрах болжээ.

Тэрбээр “Говь нутагт цас багатай, өвөлжилт хэвийн байгаа хэдий ч хадлан тэжээл бага, ургац муутай байна. Ноолуурын үеэр бага сага мөнгө олж байгаа ч малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж чадахгүй байгаа, ноолуур 80 мянга орчим төгрөг болж байгаа бол ноос, нэхий үнэгүй шахуу болсон” талаар Төрийн тэргүүнд хэлэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Малын гаралтай бүх түүхий эд урд хөрш рүү гардаг. Малчин та бүхэн жилдээ 15 сая мал, ийм тооны арьс ,9.5 мянган тонн ноолуур зэргийг бий болгож, түүгээрээ амьдардаг. Таны хэлж байгаачлан эдгээр түүхий эдийн үнэ, ханш үнэгүйдэж, бараг 80-90 орчим хувь нь урагшаа түүхийгээрээ гардаг юм.

Харин эргээд бидэнд бараа, бүтээгдэхүүн болж ирэхдээ үнэ нь нэмэгдсэн байдаг. Малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд бид түүхий эдээ дотооддоо боловсруулж, тогтмол үнээр малчдаасаа худалдаж авдаг байх ёстой. Энэ тухай танай аймгийн иргэдэд танилцуулахаар явна” гээд Дорноговь аймгийн иргэдтэй хийх уулзалтандаа малчин Л.Наранзулыг урив.

Дорноговь аймгийн хэмжээнд нийт 4167 өрхийн 72620 үхэр, 133213 адуу, 40722 тэмээ, 861363 хонь, 89322 ямаа, нийт 1.2 сая толгой мал өвөлжиж байгаа юм байна. Тус аймагт дундын отрын бүс нутаг байхгүй бөгөөд цагийн байдал хүндэрсэн үед өөр аймгийн нутагт долоон сумын 90 өрхийн 68.9 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумдын нутагт 10 сумын 132 өрхийн 90.2 мянган толгой мал, хилийн зурваст таван сумын 149 өрхийн 88.5 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нэг сумын 94 өрхийн 31.4 мянган толгой мал, нийт 465 өрхийн 278.5 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Мөн Дорноговь аймагт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт  хүндэрсэн сум байхгүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.