Д.Цогтбаатар: Гадныхны итгэлийг дахин олж авах хэрэгтэй байна

Д.Цогтбаатар: Гадныхны итгэлийг дахин олж авах хэрэгтэй байна

Европын холбооныхон “хар жагсаалт”-аасаа манай улсыг гаргалаа гэсэн сайхан мэдээтэйгээр бид Давосыг эхлүүлсэн. Харин Давосын чуулганд Засгийн газрыг төлөөлөн оролцож байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олох шаардлагатай байгааг хэлж байна. Тэрбээр, бид хар жагсаалтад ороод сар гаруйхны хугацаанд бүхий л боломжоо дайчлан хар жагсаалтаас гарах ажиллагааг зохион байгууллаа. Ер нь өргөн фронтоор ажилласан гэж хэлж болно. Европт байгаа бүх элчин сайдын яамдуудаа дайчилсан. Ингэхийн тулд хуульзүйн яам, Сангийн яам, Прокурорын газартайгаа хамтарч мэдээллүүдээ цуглуулж, өөрсдийн тайлбар, үндэслэлүүдээ маш сайн боловсруулж Европын талд өгсөн. Би Улаанбаатарт байгаа Европын элчин сайдуудтайгаа байнгын харилцаа холбоотой байж, зөвлөлдөж өөрсдийн нөхцөл байдлаа танилцуулсан. Энэ жагсаалтад орсон байхад гадны хөрөнгө орулагчдад манайд хөрөнгө оруулалт хийх урьдчилсан судалгаа гэж байдаг. Түүнийгээ хэд дахин илүү хийх хэрэгтэй болно. Тэр хэрээр хөрөнгө оруулагчдын хувьд зардал нь нэмэгдэнэ гэсэн үг. Манай эдийн засаг хэдий жижиг ч гэсэн даяаршчихаад байна шүү дээ. Хувийн байгууллагуудын маань бизнесийн үйл ажиллагаа, худалдаа тогтмол  явагдаж, төлбөр тооцооны асуудал байнга хийгдэж байгаа. Энэ болгон дээр төлбөр тооцоо хийж байгаа этгээдүүдийн төлбөр тооцоо удааширдаг бол гадаад худалдаанд яаж нөлөөлөх вэ зэрэг эрсдэл байсан. Бид эндээс яаж гарах вэ гэсэн чиглэлээр ажиллах шаардлага бий болсон.

Бид үүнээс сургамж авах хэрэгтэй. Энэ бол ганц хүний үйлдэл, нэг хүний захиагаар шийдэгдчихдэг асуудал биш. Яагаад гэвэл Европын холбооноос анх удаа ийм жагсаалт гаргаж байгаа. Тиймээс Европын холбооныхон өөрсдөө улстөрийн маш мэдрэмжтэй хандсан. Маш олон улс орны эрх ашгийг хөндөж байгаа гэдгээ өөрсдөө мэдэж байгаа. Бид олон жил гадныхныг сайн муу хэлж, олон амаргүй асуудлыг тэдэнд эмзэглэл төрүүлэхүйцээр ярилаа. Гадны олон хөрөнгө оруулагч цөхрөөд Монголоос гарч явсан. Ялангуяа Европынх. Энэ бүгдээс болж Монголыг дэмжих Европын холбооны том улстөрчдийн сэтгэл харьцангуй хөрсөн байна. Тиймээс бид өөрсдөдөө хатуу дүгнэлт хийх ёстой. Үүнийг буцаагаад сэргээж, итгэлийг олох ёстой. Ингэхийн тулд бид системтэй ажиллах ёстой. Энэ нь бас тийм амар ажил биш. Нэг алдсан итгэлийг дахин олж авна гэдэг хэцүү шүү” гэжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.