О.Баасанхүүг Улсын дээд шүүх МАХН-ын шинэ даргаар бүртгэх үү

О.Баасанхүүг Улсын дээд шүүх МАХН-ын шинэ даргаар бүртгэх үү

МАХН хоёр даргатай болоод багагүй хугацааг үдэв. Гэхдээ хэл амтай, хэрүүл тэмцэлтэй даргын асуудал маргаантай байгаа. Хоёр талд талцсан удирдлагууд болон намын гишүүд нь өнөөдрийг хүртэл намынхаа даргаар Н.Энхбаяр хэвээрээ байгаа гэх ч нөгөө талд нь хэсэг бүлэг хүмүүс нь “тамгагүй” шинэ дарга О.Баасанхүүгээ намын даргаар өргөмжлөн дүрдээ орчихсон яваа юм.

Түүгээр ч барахгүй намын шинэ даргынхаа нэрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан байгаа юм. 

Тодруулбал, Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон дарга О.Баасанхүүг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр 10.30 цагт Улсын дээд шүүх дээр болохоор товлогдсон байна. О.Баасанхүү тэргүүтэй хэсэг бүлэг гишүүд нь “Намын даргыг бүртгэж өгөөч” хэмээн гуйж байгаа бол Н.Энхбаярын цэргүүд нь “Битгий бүртгээрэй” гэсэн хүсэлтийн ч гаргажээ. Тиймээс өнөөдөр МАХН нь шинэ даргатай болох уу, хуучин дарга нь хэвээрээ байх уу гэдгийг ДУлсын дээд шүүх шийдэх нь.

Тэгвэл өчигдөр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал хийж “О.Баасанхүүг хууль дүрэм зөрчсөн. Тиймээс намын дарга байх ёсгүй” гэсэн тайлбарыг өгсөн бол Төрийн ордонд О.Баасанхүү хариу барьжээ.

Тэрбээр “МАХН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс миний төрд халдаж, маргааш /2017.01.05/ Улсын дээд шүүхийн хуралдаанд нөлөөлөхийг оролдсон үйлдэл гаргаж байна. Дээд шүүхийн шийдвэр нааштай гарна гэдэгт эргэлзэж байна. Дээд шүүхэд нотлох баримт, тайлбар өгөх боломж өгөхгүйгээр шууд хурал хийж байгаа нь хуралд нөлөөлөх гэж оролдож байна гэж үзэж байгаа” гэжээ.

Харин өчигдөр хэвлэлийн хурал хийсэн  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “О.Баасанхүү хууль эрхзүйн хувьд намын дарга болох ямар ч боломж байхгүй. Намын даргыг намын дүрмийн дагуу албан ёсны Бага чуулганы хуралдаанаар зарласан Их чуулганаар сонгоно. МАХН-ын их хурал хоёрдугаар сарын 9,10-ны өдөр МҮЭСТО-нд болно. Энэ хурлаар намын даргаа шинээр сонгох уу, үргэлжлүүлэн томилох уу гэдгээ бид ярилцана. Тэр хүртэл Н.Энхбаяр МАХН-ын дарга хэвээрээ байгаа” гэсэн юм.

О.Онон

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.