“Тайлант” мэндчилгээнүүд бодит байдлаас хол зөржээ

“Тайлант” мэндчилгээнүүд бодит байдлаас хол зөржээ

Хоёр оны зааг дээр төрийн гурван өндөрлөг уламжлал ёсоороо ард түмэндээ зориулан мэндчилгээ дэвшүүлсэн. Тэдний мэндчилгээ харамсалтай нь хүмүүст тийм ч таатай сэтгэгдэл төрүүлээгүй бололтой. Амьдралаас хол зөрүүтэй тоон мэдээлэл, тэнгэрийн гэмээр амлалт, тайлан ч юм шиг мэндчилгээ ч юм шиг сунжирсан өгүүлбэрүүд, дүр эсгэсэн шоудалтаас ард иргэд хэдийнээ залхжээ.

Ерөнхийлөгчийн мэндчилгээ хэт энгийн байв уу

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид  буюу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хамгийн сүүлчийн 10 минутад мэндчилгээ дэвшүүлнэ хэмээн телевизийн хөтөлбөрт тусгасан байсан ч сүүлийн нэг минут 40 секундэд товчхон гэхэд дэндүү товчхон мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлсэн юм. Тоолбол гурав дөрөвхөн өгүүлбэртэй түүний мэндчилгээний бараг өгүүлбэр бүр  нь хүсч байна хэмээн дуусч байсан. Ерөнхийлөгчийн энэ мэндчилгээг “хүсэл биелүүлэгч бирдэд хүслээ шивнэж байгаа мэт байна” хэмээн хошигнон шоглож, жул байсныг шүүмжлэх нэгэн байхад харин ч элдэв худлаа амлалтгүй энгийн даруухан байлаа хэмээн таашаах хүмүүс ч олон байсан юм.

Ард түмний амьдрал жил ирэх бүр доройтсоор байтал...

Улсын Их Хурлын дарга М.Энхболдын уртаас урт мэндчилгээ бодит амьдралаас хол тасарсан байсантай олон хүн санал нийлэх биз ээ. Тодруулбал, эдийн засаг 2016 онд -1.6 хувьтай байсан эдийн засаг, 2017 оны 11 сард 5.8 хувь болтлоо өссөн л гэнэ. Тэр өсөлт нь хөрсөн дээрээ иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй. Харин ч иргэдийн амьдрал жилээс жилд уруудан доройтсоор л байна. Эдийн засгаа хямралаас гаргах, өрийн дарамтаас улсаа гэтэлгэх, хямралын давалгаанд айл өрх, ард иргэдээ нэрвүүлчихгүй байх амаргүй сорилтыг даван туулахын төлөө хичээн зүтгэлээ гээд л уран гоё ярьж байна. Гэвч үнэн хэрэгтээ өрийн дарамтыг ард иргэддээ жинхэнэ утгаар нь үзүүлж байгаа нь харамсалтай. Эдийн засгийн хямралыг хамтдаа туулна нэрийн дор ард иргэдээ улам хямрааж байгаагаа төрийн түшээд мэддэг болов уу. Хуруу хумсаа хугалан байж авдаг хэдэн төгрөгийг нь татвар нэрээр эргүүлэн татна, хурааж хуримтлуулсан хадгаламжнаас нь шимтгэл нэрээр мөн л хумсална. Тэтгэвэр, тэтгэмж, халамж нэрээр нийгмийн нэг хэсэгт  тав гурван төгрөг хүртээхдээ, нөгөө нэг хэсгийг нь хасна, танана. Тодруулбал, энэ онд хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшингээр нь ялгаж олгоно л гэнэ, энэ онд долоон төрлийн татвар нэмэхээс дөрвийнх нь татварын нэмэгдэл өчигдрөөс эхлэн хэрэгжиж байна. Тэгснээ энэ онд цалин, тэтгэврийг шатлалтайгаар нэмнэ гэх юм. Аав ээжээс нь аваад хүүхдүүдэд нь, хүүхдүүдээс нь аваад өвөө эмээд нь өгөөд байгаатай огт ялгаа алга. Ингэж ард түмнээ хуурахаа хэзээ болих юм бол доо.

Ерөнхий сайд хүүхдүүдээр шоудахаа болимоор юм

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ 10  гаруй хүүхэд хажуудаа байлцуулсан. Мэдээж гоё харагдах гэж, эерэг энерги өгөх гэж тэгсэн байх. Даанч тэр нь олон хүнд таалагдсангүй.

Түүний мэндчилгээ УИХ-ын дарга М.Энхболдынхоос дутахааргүй “тайлантай”. Түүнийгээ хүүхдүүдэд сонсгон залхаах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Хүүхдүүдийн зарим нь бүүр ядарсан, залхсан, зарим нь бүр хөөрхий эвшээж харагдана билээ. За тэр ч яахав.

Тэрбээр элэг нэгтнүүдээ мэндчилгээ дэвшүүлээд, олон улсын үнэлгээний агентлаг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг эерэг болгосноо олон улсад зарласан тухай дуулгасан юм. Тэрбээр манай улс санхүүгийн эрсдэлийг амжилттай туулсан, эдийн засгийн ногоон гэрэл ассан гээд олон сайхан үг өгүүлбэрийг хэлсэн. Тиймээс монголчууд биднийг санаа зовох зүйлгүй сайхан амьдрах боломжтой гэх утга бүхий мэндчилгээ дэвшүүлсэн.

Түүгээр зогсохгүй ажил ундарч, амьдрал өрнөсөн жил болно, цэцэрлэг сургууль, томоохон бүтээн байгуулалт, дэд бүтэц хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана хэмээн ээлжит амлалтаа өгсөн. Одоо ч жирийн иргэд улстөрчдийн амлалтад итгэхээ больсон болохоор хэрэгжилтийг нь харж, биелэлтийг нь хүлээж суугаа шүү, Ерөнхий сайдаа

М.Уянга

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.