З.Баасанням:АТГ-ын алба хаагчдын цалин нэмэгдэхгүй

З.Баасанням:АТГ-ын алба хаагчдын цалин нэмэгдэхгүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар АТГ-ын албан хаагчдыг цалинг нэмж, бүтцийн өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл гадуур тарж эхлэв. Төсөв хүнд байгаа энэ үед ямар учраас алба хаагчдын цалинг нэмж байна гэх шүүмжлэл ч байна. Тэгвэл АТГ-аас энэ мэдээллийг үгүйсгэж, зөв мэдээлэл өгсөн юм.

Тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын хэлснээр

“Авлигатай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. 2014 онд прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор 27 албан хаагчаар орон тоо нэмэгдсэн. Нэмэгдсэн орон тоог УИХ-ын тогтоолоор баталгаажуулж амжилгүй явсаар өнөөдрийг хүрсэн. 145 хүний орон тоо дээр прокурорын Мөрдөн байцаах албанаас ирсэн 27 албан хаагч нэмэгдэж 172 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг л тогтоолоор баталгаажуулж байгаа юм. Түүнээс биш алба, хэлтэст өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. Үүнтэй холбоотойгоор цалингийн асуудал яригдаж байгаа. Цалин нэмэгдэж байгаа зүйл байхгүй. Ер нь бол АТГ-ын албан хаагчдын цалинг нэмэх шаардлага байгаа. АТГ-ын албан хаагчид шүүгчдээс 50 хувиар бага, прокуроруудаас 1.5 дахин бага цалин авдаг. Гэвч ОУВС-тай манай улсын хийсэн тохиролцооны дагуу төрийн албан хаагчийн цалин тэтгэмжийг нэмэхгүй байхаар болсон. Тийм учраас бид цалин нэмэгдүүлэх асуудлыг тавихгүй байгаа.

2014 онд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмсэн. Тэр нэмэгдэл тухайн үедээ цалингийн сандаа ороод баталгаажаад явж байсан. Гэхдээ УИХ-ын тогтоолоор АТГ-ын цалин, орон тоо, төсвийг баталдаг хуультай. Энэ дагуу УИХ-ын тогтоолоор баталгаажуулахаар энэ асуудлыг тавиад явж байна. 2014 оны 11 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор нэмэгдсэн цалингийн асуудлыг УИХ-д оруулахаар асуудал тавьсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад шийдэгдэж чадаагүй юм. 2014 оны төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг тогтоолоор баталгаажуулах асуудал яригдаж байгаа” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.