Даргыг нь хорьж, нягтланг нь батлан даалтад гаргажээ

Даргыг нь хорьж, нягтланг нь батлан даалтад гаргажээ

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн захиргааны найман давхраас хэдэн хүн баривчлан авч явсан. Тэд Нийтлэг үйлчилгээний газрын дарга, нягтлан бодогч нар байв. АТГ-аас тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байна.  АТГ-аас өчигдөр өгсөн мэдээллээр нийслэлийн ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргалыг батлан даалтад гаргаж,  дарга Ш.Одончимэгийг нь хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа аж. Хуулийнхан Д.Энхжаргалыг батлан даалтад гаргахдаа хил давахыг нь хориглож, албан тушаалаас нь түр түдгэлзүүлж, бүртгэлтэй хөрөнгийг нь барьцаалан авчээ.

Ш.Одончимэг нарын албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж шалгаж байгаа гэнэ. Үүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 сая гаруй төгрөгийн урамшуулал шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт нэр холбогдсон байна. Д.Энхжаргал нараас гадна 2012-2017 онуудад ННҮГ-т ажиллаж байсан дарга, санхүүгийн албаны нэр бүхий хүмүүсийг хэрэгт хамаатуулан гадуур байцааж буйгаа АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн хэллээ.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын байцаагч нар Ш.Одончимэгийн албан өрөө болон санхүүгийн өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ. Мөн бусад шаардлагатай нотлох баримтууд болон санхүүгийн бичиг баримтыг нь битүүмжилжээ.

ННҮГ нь нийслэлийн засаг захиргааны удирдах байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудад үзүүлэх цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчлалт, байрнуудын инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, лифт/-ний өдөр тутмын ажиллагааг хариуцдаг чиг үүрэгтэй газар юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.