С.Жавхлан: Монгол Улсын төрийн алтан жолоог монгол хүн атгах болсонд баяртай байна

С.Жавхлан: Монгол Улсын төрийн алтан жолоог монгол хүн атгах болсонд баяртай байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан билээ. Тэгвэл шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд зарим гишүүд  асуулт асууж, үг хэлсэн юм.

А.Сүхбат Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу болсон гэж Содномцэрэн дарга ярьж байна. Хууль бус зүйл маш их болсон. Энэ тал дээр нэг хариулт өгчихөөрэй. Энэ удаагийн сонгууль МАН, АН, МАХН гэсэн намууд шинэчлэгдэх цаг болсныг харууллаа. Ямар муухай сонгууль болов уу. Танай, манай гэж байхгүй, бүгд адилхан. 2020 оны сонгууль ийм болох юм уу. Ард түмэн шударга ёсыг хүсдэг болж.

Ч.Содномцэрэн  СЕХ хуралдаад, 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзсэн учраас шийдвэрээ гаргасан. 26-ны өдрийн санал хураалтаар гурван нэр дэвшигчээс хэн нь ч олонхийн санал аваагүй. Улмаар дахин санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч байна. Түүнээс гадна  25 мянга гаруй төрийн албан хаагчийг хуулийн дагуу ажилласан гэж үзэж байгаа. Үүнийгээ илтгэлдээ дурьдсан. 

Ж.Мөнхбат Би асуулт асуухгүй. Үг хэлэх гэсэн юм. Энэ удаагийн сонгууль олон зүйлээрээ анхдагч боллоо. Анх удаа дахин санал хураалт явлаа. Анх удаагаа ийм хар муугаар бие бие рүүгээ дайрсан сонгууль боллоо. Анх удаа эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүн төрийн тэргүүн боллоо гээд яриад байвал олон юм байна. Монгол Улс парламетын засаглалтай орон. Гэтэл сүүлийн хэдэн жилд Ерөнхийлөгчийн зүгээс элдэв хууль гаргаж, ямар засаглалтай улс вэ гэдгээ хүртэл мартахад хүрээд байна. Тийм учраас Үндсэн хуулиа яаралтай өөрчлөх цаг болжээ. Энэ асуудалд манай, танай нам гэж хуваагдахгүйгээр ажиллах цаг болсон.

Н.Цэрэнбат Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох сонгуулиа хийлээ. Энэ сонгууль Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчлөө. СЕХ зөвд зөөлөн, бурууд нь хатуу хандмаар байна. СЕХ эхлээд долдугаар сарын 9-нд гэж дахин санал хураалтыг зарласан. Гэвч 7-нд болгож өөрчилсөн. Яагаад ингэж өөрчилсөн юм бэ. Мөн хууль дээдлэх зарчим алдагдсан. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой олон зөрчил гарсан. Энэ асуудалд хариулт өгөөч ээ.

Ч.Содномцэрэн Дахин санал хураалтыг 9-ний өдөр гэж тооцож, шийдвэрээ гаргасан. Гэтэл зарим УИХ-ын гишүүд, намууд, ТББ-ууд, иргэдээс шаардлага ирүүлсэн. Хэрвээ 9-нд явуулбал ирц хүрэхгүй, хугацаагаа дахин харж үзээч гэсэн. Мөн гадаадад байгаа иргэдээс санал авах комиссоос хүсэлт ирүүлсэн. Тэр дагуу СЕХ хуралдаад, хүсэлт, шаардлагуудыг авч хэлэлцээд, асуудлыг шийдсэн. СЕХ, хэсгийн хороод иргэдээсээ амжиж саналыг нь авсан гэдгийг хэлье. СЕХ-ын ажлын гол зарчим нь хуралдаан байна. Хуралдаад олонхиороо шийдээд явдаг гэдгийг хэлье. Сонгуулийн үеэр олон зөрчил гарсан гэж байна. Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн дагуу сонгуулийн зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана, шүүх шийдвэрээ гаргах ёстой. Бидэнд байгаа мэдээллээр 600 гаруй зөрчил гарсан гэсэн маргаан гарсан. Эхнээсээ шийдээд явж байгаа юм билээ.

Г.Занданшатар Үндсэн хуулийн 31.1-т зааснаар сонгууль хоёр шаттай байна гэж заасан байдаг. Ард түмэн дүнгээ тавилаа. Одоо бидний хуралдаж байгаа нь санал хураалт юм уу, ёслол  юм уу. Энэ талаар СЕХ, Төрийн байгуулалтын байнгн хороо хариулт өгөөч ээ. Мөн гадаадын ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн тодорхой бус нөхцөл байдалд боллоо гэж үзсэн. Ер цаашид Сонгуулийн хууль болон Үндсэн хуулд өөрчлөлт оруулах асуудалд ямар бодолтой явна.

Ч.Содномцэрэн Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай байна гэж заасан байдаг. Эхний шатын талаар тодорхой заасан. Харин хоёр дахь шатны талаар тодорхой заалт байхгүй. Харин Сонгуулийн тухай хуульд шинээр сонгогдсон  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ хууль гаргаж, хүлээн зөвшөөрнө гэж заасан. Энэ дагуу л явж байгаа.

О.БаасанхүүТөрийн тэргүүнийг сонгох сонгууль дуусах шатандаа орж байна. Энэ удаагийн сонгууль богинохон хугацаанд болсон нь сайн байлаа. Хэрвээ жаахан үргэлжилсэн бол зарим нь төрөөрөө, нөгөө нь эдийн засгаараа тоглоод л дуусах байлаа. Азаар цөөхөн хоног боллоо.  Сая бол нэр дэвшигчид өгсөн санал биш шүү. МАН-д өгсөн сануулга байлаа. 65 суудалтай байж эв нэгдэлтэй байсангүй. Бүтэн жил юу ч хийгээгүй. Хэдэн томилгоо л халж, сольж хийсэн. Хэтэрхий хар муухай байсан. Дотроо эв нэгдэлгүй байсан нь уналтын гол алдаа байсан. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг би дэмжиж байгаа. УИХ-ын гишүүний насыг 45, Ерөнхийлөгчийн насыг 60 болгомоор байна. Тэгэхгүй болохоор 45 настай Ерөнхийлөгч болдош, дөрвөн жил болоод үхчихгүй. Эргээд төрөө самарч, элдэв зүйл хийдэг болсоор удаж байна.  Энэ намуудаас хурааж авч байгаа мөнгийг төрд хураах биш цэцэрлэг болгоё. Манай намд 50 сая вонын эрхийн бичиг байна. МАН-аас ч нэлээд хэдэн төгрөг гарах бололтой. АН-аас тэрбум төгрөг ирэх юм байна. Нийлүүлээд, тусгай сан байгуулаад, цэцэрлэг барья. Дээрээс нь энэ залуу гишүүдээ хүмүүжүүлээч ээ.

С.Жавхлан Надад асуулт байхгүй. Би үг хэлмээр байна. Монгол төрийн алтан жолоог монгол хүн хөтөлж явах гэж байгаад би баяртай байгаа. Монголчууд, эх орончид баяртай байна. Энэ их баярласан сэтгэлийн цаана олон хариуцлага хүлээлгэж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа нам бус болно. Тийм болохоор нам руугаа биш ард түмэн рүүгээ гүйгээрэй. Ерөнхийлөгч болоод тамгаа авсны дараа би санал солилцоно гэж бодож байгаа. Хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн хийх ёстой ажил бол хэрүүл хийдэг биш хурал хийдэг ИХ хуралтай болгож өгөхийг хүснэ. Хуулиа дээдэлдэггүй биш дээдэдлдэг гишүүдтэй болгож өгөхийг хүснэ. Хуулиа дээдэлдэггүй УИХ-ыг тарааж өгөхийг хүснэ, шаардана. Энэ мэтээр олон зүйл дээр хамтарч ажиллах хүсэлтэй байна. Эх оронч, нам бус, залуу хүний хувьд олон зүйл дээр хамтарч ажилламаар байгаа.

С.Эрдэнэ  Өнөөдөр яригдаж байгаа хуулийн аливаа гажуудал, зөрчил одоо би болчихсон юм биш. Өмнө нь ч байсан. Сонгуулийн хуулийг эрх зүйн чадамжгүй гэж байгаа бол өнөөдөр сууж байгаа 76 гишүүн бүгд чадамжгүй. Учир нь УИХ-ын сонгууль ч энэ хуулиар явсан. Аль намын нэр дэвшигч ялснаас болж ийм асуудал ярих гэж байгаа бол хэрэггүй шүү. Сонгуулийн будилаан маргаан яриад байна. Бид өөрсдөө биш Монгол ард түмэн харж байгаа. Хэн нь хууль зөрчсөн, мөнгө тараасан, хар пиар хийснийг ард түмэн харсан. Тийм болохоор энд бие биенээ элдвээр хэлээд, чичээд, дайраад байх шаардлага байхгүй.  Шалгаж тогтоох асуудал олон бий. Түүнийгээ хууль, шүүхийн байгууллага хуулийн дагуу шийдвэрлээд явах байх. Аливаа хэрэг хуучирдаггүй юм шүү.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.