Б.Пүрэвдорж: Учраа олохгүй бацаанууд төрийн хуулийг самарч байна

Б.Пүрэвдорж: Учраа олохгүй бацаанууд төрийн хуулийг самарч байна

УИХ-ын НББСШУ-ы өчигдрийн хуралдаанаар өнгөрөгч оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалан явуулсан юм. Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуусан юм. Тэрбээр, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лабораторийн барилгын үлдэгдэл төсөв Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлд суусан эсэх, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг хэзээ ашиглалтад оруулах гэж байгаа талаар тодруулж хариулт авсан бөгөөд 2016 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар алдаа, зөрчил гаргасан төсвийн ерөнхийлөн захирагч нарт болон албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй гэв.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Мөн энэ өдрийн хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Уг тогтоолд нийслэлийн цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэг барих асуудлыг 2017-2019 онд үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн 75 цэцэрлэг, хөдөө орон нутгийн нэн шаардлагатай цэцэрлэгт өргөтгөл хийх, хувийн хэвшлийн болон байгууллагын цэцэрлэгийг барих санаачлагыг дэмжиж, урт хугацаатай бага хүүтэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж, газрын байршил, зориулалтыг өөрчлөхгүйгээр шинээр барих талаар тусгажээ. Өчигдрийн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авсан.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Багшийн хөгжлийн төв”-ийг зарим сумдад байгуулчихсан байгаа. Гэтэл Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлд “Багшийн хөгжлийн төв”-өөс өөр шинэ зүйл ганц ч алга. Мөн дээр үеийн ногоон малгайтнуудын  “Ёс зүйн хороо” гэдгийг байгуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, аль нэг сургуулийн захирал өөртөө таалагддаг хэдэн нөхдүүдийг цуглуулж байгаад үзэл бодол, санаа нийлдэггүй багш нарыгаа ялладаг болох гэж байна.

Намын томилолтоор ирсэн багш намын үзэл бодолтой багшийг ажлаас нь чөлөөлөх тэр боломжийг нь энэ “Ёс зүйн хороо” гэдэгт олгочихсон байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн багшийг өмчийн хэлбэр үл харгалзан төсвийн хөрөнгөөр таван жил тутамд мэргэжил дээшлүүлэх тэр заалтыг Боловсролын хуулиас авч хаясан байгаа.

Өөрөөр хэлбэл, Ховдын сургуулийн багш энд ирээд Дорнодын багштай туршлага солилцох арга хэрэгслийг бүгдийг нь байхгүй болгочихсон гэсэн үг. Мөн Боловсролын хуульд байсан хөдөөгийн сумдын захиалгаар багш мэргэжлээр сурч байгаа оюутан, магистрантууд “Боловсролын зээл сан”-аас хөнгөлттэй нөхцлөөр зээл олгох заалтыг аваад хаячихсан байна. Харин үүнийгээ орон нутгийн засаг, захиргаа руу шилжүүлчихсэн байгаа юм.

Сумдад “Орон нутгийн хөгжлийн сан”-аар, төсвөөр очиж байгаа хэдхэн төгрөгийг багшаар суралцаж байгаа оюутанд зарцуулж хүрэлцэхгүй. Тиймээс ч энэ нь огт хэрэгжихгүй. Боловсролын тухай хуулийн 43.1.7-д таван жил тутамд зургаан сарын тэтгэмж өгдөг байсныг зөвхөн багшид өгдөг байхаар болгосон байна. Энэ тэтгэмжийг нийтдээ 43 мянган багш авдаг байсан бол 7000 багшийг хасчихжээ.

Тодруулбал, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, сургуулийн эмч, номын санч нарыг хасчихсан байна. Цэцэрлэгийн арга зүйч, эрч нарыг хассан гээд нийтдээ 10 гаруй мянган сургууль, цэцэрлэгт ажил хийдэг багш нарыг асуудлыг дордуулчихсан байна.

Сүүлийн үед учраа олохгүй бацаануудаар хууль санаачлуулж хачин юм хийгээд байдаг боллоо. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл багш нарын төлөө бус багш нарын эсрэг хууль гаргах гээд байна. Боловсролын хуулийн чадамжийг устгах гэж байна” гэв. Хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах асуудлыг хэлэлцэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.