Б.Пүрэвдорж: Учраа мэдэхгүй бацаанууд хууль санаачилдаг боллоо

Б.Пүрэвдорж: Учраа мэдэхгүй бацаанууд хууль санаачилдаг боллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцэх байсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. 
 
Тэрбээр "Багшийн хөгжлийн төв"-ийг зарим сумдад байгуулчихсан байгаа. Гэтэл Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлд "Багшийн хөгжлийн төв"-өөс өөр шинэ зүйл ганц ч алга. Мөн дээр үеийн ногоон малгайтнуудын  "Ёс зүйн хороо" гэдгийг байгуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, аль нэг сургуулийн захирал өөртөө таалагддаг хэдэн нөхдүүдийг цуглуулж байгаад үзэл бодол, санаа нийлдэггүй багш нарыгаа ялладаг болох гэж байна. Намын томилолтоор ирсэн багш намын үзэл бодолтой багшийг ажлаас нь чөлөөлөх тэр боломжийг нь энэ "Ёс зүйн хороо" гэдэгт олгочихсон байна. 
 
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн багшийг өмчийн хэлбэр үл харгалзан төсвийн хөрөнгөөр таван жил тутамд мэргэжил дээшлүүлэх тэр заалтыг Боловсролын хуулиас авч хаясан байна. Өөрөөр хэлбэл, Ховдын сургуулийн багш энд ирээд Дорнодын багштай туршлага солилцох арга хэрэгслийг бүгдийг нь байхгүй болгочихсон гэсэн үг. Мөн Боловсролын хуульд байсан хөдөөгийн сумдын захиалгаар багш мэргэжлээр сурч байгаа оюутан, магистрантууд "Боловсролын зээл сан"-аас хөнгөлттэй нөхцлөөр зээл олгох заалтыг аваад хаячихсан байна. 
 
Харин үүнийгээ орон нутгийн засаг, захиргаа руу шилжүүлчихсэн байгаа юм. Сумдад "Орон нутгийн хөгжлийн сан"-аар, төсвөөр очиж байгаа хэдхэн төгрөгийг багшаар суралцаж байгаа оюутанд зарцуулж хүрэлцэхгүй. Тиймээс ч энэ нь огт хэрэгжихгүй. Боловсролын тухай хуулийн 43.1.7-д таван жил тутамд зургаан сарын тэтгэмж өгдөг байсныг зөвхөн багшид өгдөг байхаар болгосон байна. Энэ тэтгэмжийг нийтдээ 43 мянган багш авдаг байсан бол 7000 багшийг хасчихжээ. 
 
Тодруулбал, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, сургуулийн эмч, номын санч нарыг хасчихсан байна. Цэцэрлэгийн арга зүйч, эрч нарыг хассан гээд нийтдээ 10 гаруй мянган сургууль, цэцэрлэгт ажил хийдэг багш нарыг асуудлыг дордуулчихсан байна.
 
Сүүлийн үед учраа олохгүй бацаануудаар хууль санаачлуулж хачин юм хийгээд байдаг боллоо. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл багш нарын төлөө бус багш нарын эсрэг хууль гаргах гээд байна. Боловсролын хуулийн чадамжийг устгах гэж байна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.