Муулуулах тусам өнгө ордог Н.Номтойбаяр

Муулуулах тусам өнгө ордог Н.Номтойбаяр

“Хэн нь хэн бэ” булангийнхаа өмнөх дугааруудаар УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ, өмнө нь хэн байв, одоо хэн болов, юу хийж байна, сонгогчдын итгэл найдварыг дааж чадах төрийн түшээ мөн үү гэдгийг тольдон уншигчиддаа мэдээлж  байгаа   билээ. Өмнөх дугаартаа  УИХ-ын сонгуулийн 1-14 дүгээр тойргийн гишүүдийг онцолж, нэр дэвшигчийн намтар, хувь хүнийхээ хувьд хэн болох, цаашлаад төр түших ажлаа хэрхэн нэр хүндтэй хийж буйг нь уншигчиддаа хүргэсэн. Тэгвэл энэ удаа УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог болох  Дорнод аймгаас УИХ-ын гишүүнээр томилогдсон УИХ, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярыг онцолж байна. Харин дараагийн дугаарт, мөн энэ тойргоос  УИХ-д сууж буй төрийн түшээ болох УИХ-ын гишүүн Ц.Болорчулуун таныг онцлох болно.

Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр нийгмийн сонирхлын төвд  байхаа хэдийнэ  больсон.  Элдэв шалдав, эрээвэр хураавар зүйл сонирхдог бүлэглэлийнхний хувьд  уншсаар байгаад өнцөг  булан нь элэгдэж хуучирсан ном болж хувирсан гэж хэлж болно. Харин  бүхнийг  анхааралтайяа ажигладаг, бусдын  хөдөлмөр зүтгэлийг олж хардаг нөхдүүдэд тэрбээр хүлээж хүлээж  барааг нь хардаг  арав хоног тутмын шинэ сэтгүүл хэвээр. Үнэндээ  нас залуу,  цус шингэн, улс төрд ногоон гэрлээр орж ирсэн, цөс ихт  түшээгийн хаагуур  зугаалсан,  төрийн ордонд хэний өөдөөс цор цор хийсэн  зэрэг нь хэн бүхний сонирхлыг татдаг  байлаа, нэг хэсэг. 

Эл зан  заримдаа намд нь ч хэрэг болж ирснийг үгүйсгэх  аргагүй.  Ер нь тэр цөстэй эр л дээ.   Буриад цустайг ч хэлэх үү.  Харин эдүгээ  өмнөхөөсөө  тэс өөр  Номтойбаярыг  харж болно.  Дөрвөн жилийн өмнөх дүр зургаас  бараг л   юу ч үлдээгүй гэж хэлж болно. Эр хүн ухаан сууж, төлөвшинө гэдэг ийм байдаг аж.   Улстөрчийнх нь  хувьд шүү дээ.   Шулуухан хэлэхэд, муулах тусам өнгө орж гялалзана гээч тэр.    Эдүгээ түүнийг нийгэм муулж, нүднийхээ булангаар сонжиж харах бус  санаачилсан, боловсруулсан,  ажлын хэсэгт нь орж ажилласан хуулийн төслүүд нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдан иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөөд ирэхээр  төр зөв хүнд  нийгмийн салбарыг атгуулжээ хэмээн дүгнэх болсон байна лээ. 

Ард түмэн итгэл өгнө гэдэг улстөрчдийн хувьд  тэр бүр олдоод байдаггүй хүндлэл юм.  Хэл ус,   төгссөн сургууль, харсан үзсэн нь ч нөлөөлдөг байх. Ямартай ч  хариуцаж буй салбараа  нэг л өөр зарчмаар удирдан чиглүүлж байгаад нь  нийгмийн хамгааллынхан сэтгэл хангалуун байцгаадаг. Ийм нэг эрхэм  Дорнод түмний төлөөлөл болон УИХ-д сууж буй.  УИХ-ын 15 дугаар тойрог  УИХ-д  хоёр  мандаттай.  Н.Номтойбаяраас гадна Ц.Болорчулуун гэж гишүүн бий. Түүний талаар ирэх долоо хоногт өгүүлэх учраас нэрийг нь дурьдаад орхиё.

СӨРӨГ ТАГНУУЛААС УЛС ТӨРД

Түүний намтар бусдынхаас  сонирхолтой.  Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь улс төрөөс хол хөндий байлгаж чаддаг ч мань хүний хувьд сөрөг тагнуулын офицерээс  улс төрд хөл тавьсан анхны төрийн түшээ байж мэднэ. Дэлхийн түүхэнд энэ албанаас  улс төрд хөл тавьсан  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс тохиолдол хэр олон байдгийг би хувьдаа хэлж мэдэхгүй.  Н.Номтойбаяр  морь жилтэй.

Тодруулбал,  1978 оны долдугаар сарын 2-ны өдөр Б.Нямтайширын  ууган хүү болон мэндэлсэн.  УИХ, Засгийн газрын гишүүн, Н.Номтойбаяр АНУ-ын Индиана мужид Вальпаресогийн их сургуулийн  улс төрийн ангийг дүүргэсэн бол   Герман улсад  Берлин  Хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр мастерын зэрэг хамгаалжээ. Ажил амьдралынхаа гарааг  нэгэн цагт аавынхаа ажиллаж байсан Тагнуулын ерөнхий газрын сөрөг тагнуулын хэлтсээс эхэлсэн  аж. 

Харин түүний улс төрд хөл тавьсан түүхийн тухайд нийгэм  сайн эцгийн нэр нөлөө хэмээдэг ч  чухамдаа мань хүний өөрийнх нь гаргасан  шийдвэр байсан юм билээ. Энэ талаараа  “Би  гадаад тагнуулын газар байж байгаад яах ч аргагүй ажиллахад үнэхээр хүнд хэцүү болоод л өөрөө өргөдөл өгөөд гарсан.  Хүмүүс бол халагдсан гэж ярьдаг, тийм юм бол огт байхгүй. Харин ч гавьяа шагнал аваад явж байсан. Гэхдээ өөрөө өргөдөл өгөөд гарсан. Тэр нь юу гэхээр Намбарын Энхбаяртай холбоотой л асуудал. “МАК”-ийг шалгах хөдөлгөөн өрнүүлж байлаа.

Тэгээд л бага насны мөрөөдлөөрөө сонгосон тавилангаа орхиход хүрсэн.  Манай аавын бие тааруухан эмчилгээнд явчихсан. Хэцүү үе байсан. Тэгээд л за за, тэгвэл магистраа хийчихээд улс төр лүү алхах цаг иржээ гээд л шийдвэрээ гаргаж байсан” хэмээн  сэтгүүлч бүсгүйд сэтгэлийнхээ үгийг дэлгэсэн нь бий.  Түүний эл шийдвэр алдаа болоогүй. Цаг хугацааны хувьд ч.  Тэр үед МАН  өнөөдрийнх шиг хүчтэй байгаагүй. Шулуухан хэлэхэд, УИХ-д цөөн боловч  суудал авахын төлөө байдгаа шавхаж байх үед дөнгөж улс төрд хөл  тавьсан “аавын эрх хүү” /2012оны УИХ-ын сонгууль/ намдаа суудал чирсээр гарч ирсэн юм.  

Удалгүй  МАН-ын Нийгмийн ардчилал залуучуудын холбоог тэргүүлээд зогсохгүй  намын бага хурлын гишүүн улмаар Шинэчлэлийн  Засгийн газарт  Нийгмийн хамгааллын  дэд сайдаар томилогдсон түүхтэй.   Гэхдээ Номтойбаяр  улс төрийн албан тушаалуудыг   ногоон гэрлээр  хашсан шигээ  нийгмээс тийм хэмжээний хатуу үгийг сонсч яваа  улстөрч.  Өөрөө ч өөрийнхөө хэмжээнд  цор цор хийгээд  зүгээр байдаггүй.  Зарим зүйлийг харсан ч хараагүй юм шиг  өнгөрүүлдэг бөөрөнхийлдөг  зан түүнд дутагддаг  юм.   Энэ бол улс төрч хүнд байх ёстой чанаруудын нэг юм гэнэ лээ.  Нөгөөтэйгүүр, Н.Номтойбаярыг  хүний мөс сайтай улстөрч гэж дүгнэж болохоор.  Намынх нь байр  шатчихсан  тэвдэж явахад тэрбум төгрөг хандивлаж байсныг  МАН мартаж болохгүй. Түүн шиг тэрбум төгрөг бариад зогсч байсан гишүүн тэр үед хэд байсан билээ.

МОНГОЛ УЛС НЕФТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

Уг нь энэ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын мөрөөдөл. Түүнийг улс төрд хөл тавихаас өмнө  ажиллаж байсан МАК корпораци түүнийг нь гүйцэлдүүлнэ гэдэгт мөрий тавихад ч алдах юмгүй. Учир нь тэрбээр  Дорнод-МАК нүүрсний уурхайгаа түшиглэн  нефть химийн үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ боловсруулж бэлэн болгосныг  нефтьчид  хийгээд химичид талархаж  хүлээж авсан.  Тэгээд ч  МАК мянга мянган ажлын байрыг бий болгож, байгуулсан үйлдвэр, уурхай нь Монголын нэр хүндийг дэлхийд гаргаж яваа учраас тэр.  

Ганцхан жишээ дурьдахад, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд  өндөр чанарын цементийн үйлдвэр барьж ашиглалтад оруулсныг уншигч та санаж буй нь лавтай.  Хамгийн их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг Өмнийн говьд хийснээрээ, МАК говийн ард түмэнд танил болсон. Үүгээрээ  Н.Номтойбаяр өмнийн говиос  УИХ-д нэр дэвшсэн ч гараад л  ирэх байлаа.  Харин мань хүн  дорнод түмнийг сонгосон байдаг. Учир нь нэгэн цагт тодруулбал, 1990 онд МАК-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир Дорнод аймгаас   бизнесийн гараагаа эхэлж, хөл дээрээ боссон гэдэг.

Гэр бүлд нь   өгөөж  буянаа  харамгүй хайрласан  нутаг учраас сонгосон хэрэг.   Монголчууд ачыг хариулах учиртай хүн гэж ярьдаг даа. Тэр утгаараа   өдгөө хүү нь  ач санан  Дорнодын талыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл оюунаа юүлж яваа.  Тэр хэрээр тойргоо  хангалттай ”усалж” ирсэн. Түүн шиг байнга тойрог руугаа харайлган, тийн зорих бүрийдээ ганзага дүүрэн очдог  УИХ-ын гишүүн ховор биз ээ. УИХ-ын шинэхэн гишүүд, ер нь хууччуул  ч ялгаагүй сонгогдсон эхний хоёр жил тойргоо бараг л мартдаг гэмтэй.  Тэгсэн ээ,  сонгууль дөхөхөөр нутгаа, тойргоо санан өдөр шөнөгүй довтолгодог доо.  Мань хүнд харин тийм зан байхгүй.  Байсхийгээд л Дорнод руу  давхиж, тойргийнхоо иргэдтэй уулзан тэдний амьдралыг өөд татахын төлөө  зургаа дахь жилдээ зүтгэж яваа.

Маш олон янзын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Түүний цахим хуудас руу ороход энэ бүхэн  илхэн  харагддаг.  Дорнодыг  нутгийн хөгжил тэр тусмаа хөгжлийн гарцаа  хэмээн тодорхойлж  буй  хил орчмын   аялал жуулчлалыг бүрэн утгаар нь хөгжүүлж, тэндээс орж ирэх мөнгөн урсгалыг орон нутагтаа шингээх тухайд тэрбээр их зүйлийг бодож тунгааж, төлөвлөжээ.  Орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн  ажлыг нь  мөнгөн дүнгээр хэмжих юм бол овоо хэдэн тэг бичих хэрэгтэй болох байх.  Шинээр байгуулагдаж буй  Зүүн бүсийн асрамжийн газар ч түүний нэртэй холбогдож таарна.

Мөн  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв,  сумдад барьж ашиглалтад оруулсан болон  эдүгээ баригдаж байгаа ахмадуудад зориулсан  сувилалаас гадна аймгийн төвийн орон сууцны хорооллуудын  газар доорхи байгууламжийн шинэчлэл,  аймгийн төвийн цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгийг шийдвэрлүүлсэн,  зарим сумын сургууль цэцэрлэгийн барилгын шинэчлэл гээд хийсэн,  санаачилсан олон ажлыг нь нэрлэж болно.

Юутай ч миний өмнө түүний орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн ажил гээд 46 хуудас тайлан байна. Үнэндээ түүнийг эргүүлж харах зав олдоогүй  тул нүдэнд туссанаа тойм маягаар өгүүлэхэд ийм  байна.  УИХ, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаяр   аймаг, орон нутгаа хэрхэн хөгжүүлэх тухайд ч   уулзалт,  хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулж, тэндээс гарсан саналыг ажил хэрэг болгохын төлөө зүтгэж яваа төрийн түгээ гэдгийг дахин  онцлоё.  Тэрбээр сайд болсон хэдий ч амралтын өдрөөр тойрог руугаа   давхиастай.  Утсаар ярих тоолонд Дорнодод, тойрогтоо, яг одоо Баяндун сумаас гарч явна.

Гурван цагийн дараа залгаарай, тэр үед Цагаан-Овоо орсон байх вий гэнэ.  Н.Номтойбаяр сайд  өнгөрсөн  нэг жилийн хугацаанд  өөрийн харьяалал бүхий сумдаараа тойрч иргэдтэйгээ уулзалт хийсэн бол  тавдугаар сарын сүүлээс  баг, хот айлаар орж УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудал,  орон нутгийн хүрээнд гишүүнийхээ  зүгээс хийж буй ажил, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын хувьд санаачилж УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл эдүгээ хэрэгжиж буй хуулиудын талаар  ярьж, таниулж, шинээр хэрэгжих хуулиудыг сурталчилж, иргэдтэй  санал солилцож яваа тухай  мэдээ хэвлэлээр олон удаа гарчээ. 

Өчигдөр гэхэд л  Засгийн газрын ээлжит хуралдаанд эмч, багш, соёлын ажилтны   хөдөлмөрийн хөлсийг нэмэх тухай асуудлаа оруулж,  хэлэлцүүлж байх жишээний.  Миний санах нь ээ, Залуучуудын, Ахмадын, Тэтгэврийн, Малчны  тэтгэврийн насыг наашлуулах, Өндөр настны тэтгэврийн хэмжээг нэмэх тухай  хуулийн төслүүд түүний нэрээр авторлогдон үлдэх  болов уу.  Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 50 гаруй хоног Дорнод  аймагт ажилласан бол он гарсаар 30 гаруй хоногийг тойрогтоо ажилласан хэмээн тайландаа дурьджээ. 

Энэ нь нэг талаасаа УИХ-ын гишүүний хувьд тойргоо хамгийн их “усалдаг”, нөгөө талаас аймгийн МАН-ын  хорооны  гишүүний  хувьд аймаг, орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлуудтай нь салшгүй холбоотой биз ээ.  Бүхэл бүтэн нэг аймгийг УИХ-д   төлөөлнө гэдэг амаргүй. Гэвч  тэр  хэзээ ч  хойш суудаггүй. Өөрийнхөө хэмжээнд  тойргийнхоо асуудлыг шийдүүлж чадаж байгаа нь хувь улстөрчийнх нь хувьд овсгоо, дайчин чанар гэхээс өөрөө юу гэх вэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.