Цагаан сонголт Н.Энхбаярын хүсэл үү

Цагаан сонголт Н.Энхбаярын хүсэл үү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, гурван нэр дэвшигчийн хэн нь ч санал өгсөн сонгогчдын 50 хувийн дэмжлэгийг авсангүй. Ингэснээр дахин санал хураалт болохоор болсон.  Нийт сонгогчдын 600 мянга нь саналаа огт өгсөнгүй, иргэний үүргээ биелүүлсэнгүй. Мөн 18300 сонгогч цагаан сонголт хийлээ. Ерөөс сонгууль болохын өмнөөс л сонголтгүй сонгууль гэсэн суртал ухуулгыг тарааж эхэлсэн. Тиймдээ ч  дээрх тооны сонгогч хэний ч нэрний өмнөх дугуйг будаагүй.

Чухам хэн ийм суртал ухуулга явуулав гэдэг хар бас төрж байна. Яахав, МАН дотор М.Энхболдыг эсэргүүцсэн, дургүйцсэн хүмүүс бий л байх. АН дотор ч бас нэр дэвшигчээ эсэргүүцэх нэгэн нь байгаа. Тэр бол тодорхой. Гэхдээ нэг хүнд хамгийн их ашиг сонирхол бий. Төрийн тэргүүн болох ашиг сонирхол гэж байгаа юм. Тэр бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. С.Ганбаатарыг маш хурдан хугацаанд намдаа элсүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд тэр л өрсөлдүүлсэн. Мэдээж санал хуваах зорилготой. Гэхдээ арай ч ийм өндөр санал авна гэж тооцоогүй байх. Ямар ч байсан хоёр дахь санал хураалт гаргах гэсэн төлөвлөгөөтэй байсан болов уу. Гол нь МАХН-ыг дэмжсэндээ ч С.Ганбаатарт ийм олноороо санал өгөөгүй.

Нэгдүгээрт, иргэд өөр сонголт хийхийг хүссэн. Хоёрдугаарт, саарал хэсэг түүн рүү маш сайн ханарлаа. Магадгүй үүнийг Н.Энхбаяр бас тооцож байсныг ч үгүй гэх газаргүй. Ямартай ч цагаан сонголт ухуулга, С.Ганбаатарын хүч хоёр дахин санал хураалтыг авчирлаа. Яг энэ үед өнөөх цагаан сонголт суртал ухуулга сошиал ертөнцөд бүр эрчээ авч байна. Бүр тартагтаа тулаад, самруулдгаа самруулчихсан ХҮН цагаан сонголт хийхийг улаан цагаан уриалж эхэллээ. Дээрээс нь МАХН-ынхан ч гэсэн дахин санал хураалтыг  үгүй хийж, гурав дахь шатны сонгууль явуулахын төлөө тэмцэнэ гэдгээ ч хэлсэн. Э.Эрдэнэжамъян тийм зүйл ярина билээ. Тэд ямар ч байсан үхэн хатан зүтгэж байна.

Хэрвээ дахин санал хураалтаар Х.Баттулга, М.Энхбол хоёрын хэн нэг нь сонгууль өгсөн иргэдийн 50 гаруй хувийн санал  авч чадахгүй. Мөн ирц 50 хувьдаа хүрэхгүй бол дахиад цоо шинээр сонгууль хийх болчихоод байгаа. Гэтэл Н.Энхбаярын ялтай гээд байгаа хугацаа нь долдугаар сарын дундуур дуусах юм билээ. Энэ тохиолдолд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгууьд өрсөлдөх эрх нь нээгдэнэ.  Эрх баригчид тэр үед дахиад  түүнийг барьж хорьдоггүй л юм бол шүү дээ. Гэхдээ тэд нэр нүүрээ бодоод тэгж арай чадахгүй байх. Ер нь Н.Энхбаяр өрсөлдвөл эхний шатандаа шууд 50+1 санал авч чадахгүй ч гэсэн дахин санал хураалт дээр ялах боломж байгаа. Ийм боломжийн төлөө тэр улс орны мөнгө, эдийн засгийг үл тоомсорлон зүтгэх нь тодорхой. Ингээд л сонголтгүй сонгууль, цагаан сонголт гэсэн ухуулгыг хүчтэй гаргаж тавьсан болов уу гэж харах гээд байна.

Сая манай улс 14 тэрбумаар сонгуульдчихсан. Одоо дахин санал хураалтад зориулж төсвөөс 7.2 тэрбум төгрөг гаргах ёстой гэдгийг СЕХ-оос мэдээллээ. Ингээд нийтдээ 21 тэрбумаар сонгуульдах нь ээ, бид. Цагаан сонголт гэсэн ухуулгад автагсад, саналаа өгөхгүй хойрго хандагсдын гай. Тэгээд дахин санал хураалтыг будилуулж, ирц хүргэхгүй байх талаас нь ажиллаад байгаа хүмүүс дийлбэл бид дахиад л 20 гаруй тэрбумаар сонгуульдах байх. Дахин сонгууль болоод, өөр гурван нэр дэвшигч өрсөлдлөө гэж саная. Хэн нэг нь цойлоод, нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авах магадлал байгаа бил үү. Ахиад хоёр дахь шатны санал хураалт болох магадлал маш өндөр. Энэ мэтээр сонгуульдсаар байвал яах вэ. Татвар төлөгчдийн өч төчнөөн мөнгө үрэгдээд, бид хэн нэгэн улстөрч, эсвэл бүлэглэлийн тоглоом болоод суугаад байх уу. Цагаан сонголт, сонгуулиа өгөхгүй байдал гэдэг бол бидний халаасыг тэмтэрч, хулгайлж, дээрэмдэж байгаагаас ялгаа байхгүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.