М.Энхболд: Дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд хийх нь зөв

М.Энхболд:  Дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд хийх нь зөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд дөнгөж сая мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр орон даяар болж өндөрлөлөө. СЕХ  өнөөдөр үдийн үед дүнгээ гаргаж, тайлангаа сонгогчдод тавьсан. Үүнтэй холбогдуулж би нэр дэвшигчийн хувьд мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Юуны өмнө санал хураалтад оролцож, надад саналаа өгсөн сонгогчдод баярласнаа илэрхийлье. Мөн сонгуулийн штабт ажилласан намын идэвхтэн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлж байна. Хэдийгээр эцсийн үр гараагүй байгаа хэдий ч би ямар ч үед эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас гарах, ард иргэдийнхээ амьдралыг өөд татах асуудалд анхаарал тавьж ажилласаар байх болно.

Сонгуулийн сурталчилгааны ажил эхэлж байх үед би хоёр нэр дэвшигчид хандаж ил захидал илгээсэн. Мөн ёсыг бодож хоёр нэр дэвшигчид алд цэнхэр хадаг хүргүүлж байсан. Энэ сонгуулийг хуулийн дагуу, олон түмнээ хүндэтгэсэн, төрийн хуулийг дээдэлсэн байдлаар явуулъя гэдэг уриалгыг гаргаж байсан. Харамсалтай нь сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд миний уриалсны дагуу болж чадсангүй. Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэрээсээ хэтэрсэн, иргэдийг элдэв зүйлд уриалж дуудсан байдалтай боллоо. Мөн мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь хандив авсан сонгууль болж өндөрлөлөө. Би үүнд их харамсаж байна. Тийм ч учраас дараагийн шатны санал хураалт болох нөхцөл байдал руу орлоо гэж дүгнэж байна, би.

Миний талаар янз бүрийн нэвтрүүлэг гарсан. Тэр болгонд би тодорхой тайлбарыг хийсэн. Сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр мэтгэлцээн болоход МАН амлалтаасаа яагаад буцсан бэ гэдэг тайлбарыг хангалттай өгсөн. Олон түмэн үүнийг зөвөөр ойлгож байгаа. Мөн миний нэрийг холбогдуулан 60 тэрбумын асуудал гээчийг энэ сонгуулийн үеэр ашигласан. Энэ бол эвлүүлэг гэдгийг хэлсэн. Хууль хяналтын байгууллагуудын гаргасан шийдвэрийг ч тайлбарлаж хэлсэн. Түүнээс гадна газрын наймаачин гэдэг асуудлыг олон жил ярилаа. Үүний талаар хариу тайлбараа бас өгсөн.

Өчигдрийн санал хураалтын хувьд иргэдийн оролцоо, идэвх сайн байлаа. 68 хувийн ирцтэйгээр саналаа өглөө. Өнөөдөр СЕХ хуралдаж, ирэх сарын 9-ний өдөр дараагийн шатны санал хураалтыг явуулахаар зарлалаа. Эдийн засгийн нөхцөл байдлаа ч, Үндэсний их баяр наадам дөхөж байгааг ч бодсон долдугаар сарын 9-ний өдөр санал хураалтыг хуулийн дагуу зохион байгуулж, ард түмэн энэ өдөр шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж бодож байна. Энэ өдөр иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалъя” хэмээн хэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.