Ард түмэн МАН-д дүнгээ тавилаа

Ард түмэн МАН-д дүнгээ тавилаа

Монгол Улсын тав дахь  Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдсөн. Ажиглагчид, улс төр судалдаг хүмүүс С.Ганбаатарыг 20 хувийн санал л авах болов уу. Нөгөө хоёр нь эн тэнцүү үзнэ гэсэн таамаг дэвшүүлж байлаа, сонгуулийн өмнө. Ихэнх нь шүү. Гэтэл яг начир дээрээ тийм зүйл болсонгүй. С.Ганбаатар сонгуулиа өгсөн нийт сонгогчдын 30 хувийн итгэлийг хүлээж, дахин санал хураалт явуулах нөхцөл байдал руу оруулчихлаа.

Тодруулбал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нийт санал өгсөн хүмүүсийн олонхийнх нь саналыг авсан. Гэвч 50 хувь дээр нэмэх нь нэг саналыг авч чадсангүй. Үндсэндээ тэрбээр санал өгсөн сонгогчдын 38.64, М.Энхболд 30.74, С.Ганбаатар 30.62 хувийн саналыг авч, хэн нь ч ялж чадаагүй. Тиймээс Х.Баттулга болон М.Энхболд нарын дунд дахин санал хураалт болох нь тодорхой боллоо. За энэ ч яахав, сонгуулийн ерөнхий мэдээлэл. Харин СЕХ энэ сонгуулиар сайн ажиллаж, элдэв булхай гарсангүй. 

Гэхдээ нанчилдаангүй найр гэж юу байхав гэдэг шиг бага сага хэл ам гарлаа. Учир нь санал хураалт дууссаны дараа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хоёрт бичигдэж, МАН-ын дарга М.Энхболдоос 13 мянган хүний саналаар илүүрхэж байсан. Гэвч өглөө болоход М.Энхболд хоёроор гарсан нь нэлээд эргэлзээ дагууллаа. МАХН-ынхан өнгөрсөн шөнө СЕХ-ны байранд очиж, эсэргүүцэж, бага сага хэл ам хийсэн ч нэг их газар аваагүй.  Ямар ч байсан  МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хоёроор гарч, дахин санал хураалтад Х.Баттулгатай тулахаар боллоо.

Энэ удаагийн сонгуулиар хоёр зүйлийг ард түмэн сонголтоороо хэлээд өгчихлөө. Нэгдүгээрт, монголчууд тэнэг биш, мөнгөнд хууртдаггүй, хөгжиж дэвжихийг хүсч буйгаа харуулж, МАН-д дүнгээ тавилаа. Тэр дүн нь F  байлаа. УИХ-д 65 суудал авсан, үнэмлэхүй ялалт байгуулсан намын дарга, дээрээс нь УИХ-ын дарга хүн нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа төлөө ийм л дүн иргэдээс авлаа. Монголын ард түмэн худал амлалтаас залхаж, хөгжин дэвшсэн, өөдлөн мандсан Монгол Улсад амьдрахыг хүсч байгаагаа харууллаа.

Нөгөө талаар С.Ганбаатар нэр дэвшигч сонгууль өгсөн иргэдийн 30 хувийн саналыг авна гэдэг бол иргэд МАН, АН-аас залхаж, өөр гурав дахь хүчнийг хайж байгаагийн нэг илрэл. Энэ хоёр том нам дотоод эрх ашгаа бодож, хаа нэг хэсгээрээ нийлж, “үржилд ордог” байдлаа зогсоохгүй бол. Энэ хоёр том намын сэтгэлтэй, зүтгэлтэй, эх орноо боддог хүмүүс нь дээшээ гарч, төрийн тогтвортой байдал, уламжлалыг хадгалж явахгүй бол болохгүй болжээ гэдгийг энэ сонгууль харууллаа.

Монголчууд Монголдоо баян, цатгалан, эрх чөлөөтэй, сайхан амьдрахыг хүсч байна. Тэд өнөөдрийн уушигны төлөө саналаа худалдахгүй, маргаашийн өөхийг хардаг болжээ. Тиймээс таван халтар төгрөгөөр иргэдийн саналыг худалдаж авах гэдэг улиг болсон явахгүй аргаа больж, хөгжил дэвшилд хөтлөх гарц гаргалгаа ярихгүй бол ард түмэн энэ мэтээр дүнгээ тавьсаар байх болно. Дахиад сонгууль бий. Дахиад ч бий гэдгийг аль аль нам, улс төрийн хүчин, эх орноо умартсан улстөрчид санаж явахад илүүдэх юун. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.