Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд...

Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд...

Өчигдөр Монголын ард түмэн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө сонгох түүхэн сонголтыг хийлээ. Хэдийгээр хоёр өдөр амарч, даваа гарагт мөн л амралтын өдөр таарсан байсан ч иргэд өглөөнөөс эхлэн баяр ёслолын байдалтай үндэсний дээл хувцсаа өмсөн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр очлоо. Жил жилийн сонгуулийн үеэр маргаан мэтгэлцээн өрнөдөг. Тэр ч ёсоор өнөө жилийн сонгууль ч багагүй маргаан мэтгэлцээн дунд өрнөв. Энэ удаагийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн гурван хүчин болох АН, МАН, МАХН-ын гурван нэр дэвшигч өрсөлдлөө. Тав дахь Ерөнхийлөгчөө сонгох түүхэн сонгуулийн эргэн тойронд ямар үйл явдал өрнөснийг ММ энэ удаад сурвалжлагаар бэлтгэлээ.

Иргэдийн идэвх сул байна гэв

13:00 цагт: СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн явцыг сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ талаархи мэдээллийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хүргэсэн бөгөөд иргэдийн идэвх, оролцоо муу байгаа талаар онцлов. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өмнөх сонгуулийн ирцийн мэдээг 10:00 цагт авсан учраас харьцуулахад төвөгтэй. Гэхдээ өмнөх сонгуультай харьцуулахад явц удаашралтай байна. 2013 оны сонгуулийн ирц нэг цагт найм  орчим хувь байсан бол одоо нэг цагт дөрөв гаруй хувьтай байна. Сонгогчдын идэвх тааруу байна” гэв. Үүнтэй холбогдуулан СЕХ-оос 12:00 цагийн ирцийг бүрдүүлж саналаа өгсөн иргэдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн 12:00 цагийн байдлаар СЕХ-нд автоматжуулсан системтэй холбоотой гомдол, санал иржээ. Энэхүү асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авчээ. Түүнчлэн сонгуультай холбоотой хууль бус үйлдлийн талаархи мэдээлэл ирээгүй гэв.

Улсын хэмжээнд сонгуулийн ирц 45.57 хувьтай байна

18:00 цагт: СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэв. Тэрбээр  “Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 17:00 цагийн байдлаар нийслэлийн иргэдийн 44 хувь нь саналаа өглөө. Харин улсын хэмжээнд сонгуулийн ирц 47.57 хувьтай байна. Хамгийн өндөр ирцтэй нь Баянхонгор аймаг. Мөн одоогоор Дорнод аймаг хамгийн бага ирцтэй сонгуульд оролцож байна” гэлээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн 15:00 цагийн байдлаарх мэдээллээр аймаг орон нутаг 43.3, хотын дундаж 42.7, улсын дундаж 43.07 хувьтай байсан гэнэ. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц  15:00 цагийн байдлаар аймаг орон нутагт 61.5, хотод 47.03, нийт 57.03 хувьтай байсан аж.

Ч.Содномцэрэн: Сонгуулийн нэгдсэн дүнг нягталж, дахин мэдээлнэ

23:00 цаг: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусч, СЕХ-оос 22:00 цагийн байдлаархи ирцийн мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн ирцийн дүн мэдээлэл товлосон цагаасаа удаж байгаа талаар тайлбарлав. Тэрбээр “Ирцийн дүн мэдээллийг бид утсаар авч байна. автоматжуулсан системийн дагуу дүнгээ гаргаж авсаны дараа ажиглагч нарт дүнгээ хэвлэн онлайнаар мэдээлж байна. Мөн ирцийн мэдээг аймаг, дүүрэгтээ нэгтгээд СЕХ-нд мэдээлж байгаа. Үүнээс болж удаж байна” гэлээ. 22:00 цагийн байдлаар иргэд сонгуульдаа 66.54 хувьтай оролцжээ. Мөн зарим сүлжээгүй аймгуудаас нэгдсэн дүн ирээгүй учраас өнөөдөр нэгдсэн дүнг нягталж, албан ёсоор мэдэгдэх гэнэ.  Мэдээллийн үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Дахин сонгууль болохгүй. Харин дахин санал хураалт гэж бий. Хуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн саналыг аваагүй бол дахин санал хураалт явуулна. Олонхийн санал гэдэг бол 50 хувь дээр нэмэх нь нэг санал. Энэ санал хураалтын 14 хоногийн хугацаанд зохион байгуулна” гэлээ.

Төрийн гурван өндөрлөг, нэр дэвшигч юу хэлэв

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгох түүхэн сонголтыг хийх энэ өдөр төр засгийн олон хүмүүс саналаа өгч, иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан юм. Төрт улсаа дээдэлж үндэсний дээл хувцастайгаа ирэх нэгэн байхад албан ёсны үйл явдал хэмээн үзэж костьюм зангиагаар гангарах хүмүүс ч тэдэн дунд олон байсан юм. Дараагийн Ерөнхийлөгч тангараг өргөснөөр бүрэн эрх нь дуусах Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хотын дарга Су.Батболд зэрэг албаны хүмүүсээс гадна Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчид саналаа өгч, ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.

М.Энхболд: Эвтэй сайхан сонгууль болоосой

11.40 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөж буй нэр дэвшигч М.Энхболд  23 дугаар сургуульд байрлах Чингэлтэй дүүргийн 1937 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Монголчууд төрийнхөө сонгуулийг хүндэтгэдэг, баяр ёслолын байдалтайгаар мориныхоо дэлийг засаж, гоёлын хувцсаа өмсч саналаа өгдөг уламжлалтай ард түмэн. Би энэ удаагийн сонгуульд ард түмэн минь идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй хэмээн уриалж байна. Энэ сонгууль эвтэй, сайхан болоосой. Сонгуулийг зохион байгуулж байгаа 20 гаруй мянган ажилтанд бас ажлын амжилт хүсье” гэв.

С.Ганбаатар: Монголын минь заяа их

11:40: МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 1709 дүгээр санал авах байранд очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа "Эрхэм хүндэт ард иргэд ахан дүүсээ. Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгодог нь төрийн дээр сандайлсан намуудыг сахилга баттай байлгадаг цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд сахилга бат хамгийн хэрэгтэй байгаа.  Ерөнхийлөгч сахилга батыг сахиулж байж, ард иргэд тайван амгалан байх болно.  Би иргэдтэйгээ байгуулсан гэрээгээ 100 хувь биелүүлнэ. Монголын минь заяа их. Баярлалаа" гэлээ.

Х.Баттулга: Саналаа өгөөгүй үлдсэнийг нь уриалах гэж зориуд оройтож ирлээ

20:40 цаг: АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өөрийн охин Б.Намууны хамт Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр Баянзүрх дүүргийн Сансарын 48 дугаар сургуульд байрлах 1655  дугаар хэсгийг хороонд ирж саналаа өглөө. Тэрбээр, саналаа өгсний дараа “2017 оны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль дуусах дөхөж байна. Хоёр сая гаруй иргэн Монгол орон даяар сонгуулиа өгөх юм байна. Иргэд маань идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Нар нэлээд буурсан учраас одоо саналаа өгөөгүй залуусаа ирж өгөөрэй гэж уриалах гэсэн үүднээс оройн цагаар ирсэн юм. Н.Алтанхуяг дарга намайг дэмжээд үг хэлсэн. Миний эсрэг санал өгөхгүй. Ийм цуурхлуудыг манайхан жаахан цензуртэй хүлээж аваарай. Н.Түвшинбаяр аварга хүн зодох хүн биш. Тэнд ажилтай явж байгаа хүн” гэв.

Ц.Элбэгдорж: Сонгуулиа амжилттай хийгээд сайхан наадамлая

11.45 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургуульд байрлаж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өгөв. Саналаа өгсний дараа Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс сонгуулиа хуулийн дагуу, иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай хийгээд удахгүй улсын наадам болох гэж байна. Бөхчүүд нь бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадамлая. Төр улсын маань ажил үйлс урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн өөрчлөлтийг баталгаажуулах сонголт байгаасай

13.00 цаг: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий Д.Тунгалагийн хамт Баянзүрх дүүргийн 1731 дүгээр хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгөв. Тэрбээр санал өгөх үедээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болж байна. Өнөөдөр Монгол түмэн тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэн гэдгээ илэрхийлэж, тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Монгол Улсын хөгжлийн төлөө Засгийн газраас олон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарсаар байгаа. Монголын ард түмэн энэхүү өөрчлөлтийг баталгаажуулах сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Төр нь түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай” хэмээсэн юм.

Су.Батболд: Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж сонгуульдаа идэвхтэй оролцоорой

12.00 цаг: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. Хотын дарга С.Батболд “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвх сайн байна гэж харж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан” хэмээгээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

С.Эрдэнэ: Төрийн байгууллагыг увайгүй байдлаар ашиглаж байна

12.30 цаг: Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль орон даяар явагдаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн 1595 дугаар хэсгийн хороонд очиж, саналаа өгч, иргэний үүргээ биелүүллээ. Тэрбээр саналаа өгснийхөө дараа иргэдэд хандаж “Өнөөдөр монголчууд төрийн тэргүүнээ сонгох саналаа өгч байна. Миний саналаа өгсөн хэсгийн хороон дээр гэхэд үдээс өмнөх байдлаар 30 орчим хувьтай байгаа гэсэн мэдээлэл өглөө. Энэ бол иргэд, сонгогчдын оролцоо сайн байна гэсэн үг гэж харж байна. Цагдаагийн байгууллага улстөржсөн үйл ажиллагааг маш их явууллаа. Монголын улс төрийн түүхэнд байгаагүй сонин үйл явдлууд болж байна. Нэг нам нөгөө намынхаа санхүүжилтийг эрх мэдлээрээ далайлган, цагдаагаар дээрэмдүүлдэг явдал гардаг юм байна. Өнөөгийн эрх баригчид төрийн байгууллагыг сонгуульд эрээ цээргүй, увайгүй байдлаар ашиглаж байгаа” хэмээлээ.

Сонгууль тойрсон маргаан эрчимжиж, намууд нэг нэгнээ буруутгав

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байсан цаг үед улс төрийн намуудын дунд багагүй маргаан мэтгэлцээн өрнөв. Нөгөөтэйгүүр, саналын хуудасны зургаа олон нийтэд ил тод харуулж Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн, мөнгө тараасан, цагаан хуудсыг худалдаж авахыг санаархсан үйлдэл ч цөөнгүй гарлаа. Ингээд СЕХ-ны албан ёсны мэдээллээс гадна улс төрийн намууд болон улстөрчид, сонгууль тойрсон ямар маргаан мэтгэлцээнтэй асуудал өрнөснийг уншигч таньд тоймлон хүргэе.

Сонгогчийн нэр давхардсан асуудал байхгүй гэв

10.00 цаг: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар мэдээлэл хийлээ. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү "359.393 сонгогчийн мэдээлэл сонгогчийн нэрсийн жагсаалтад ижил нэртэйгээр бичигдсэн байгаа. Овог нэр нь ижил сонгогчид олон байгаа. Жишээлбэл Ганбаатарын Солонго гэдэг нэртэй хүн 66 байх жишээтэй. Эдгээр иргэдийн нэр давхардаж байгаа хэдий ч регистерийн дугаарууд нь бүгд өөр өөр байна. Нийт сонгогчдын 56 хувийн нэр давхцаж байгаа. Хурууны хээ уншуулаад дараа нь дахин тэмдэглэгээ хийж байгаа учраас давхар санал өгөх ямар ч боломж байхгүй. Өчигдөр орой нас барсан хүнд санал өгөх урилга ирлээ гэсэн мэдээлэл ирсэн. Бид зургаадугаар сарын 15-ны өдрөөр тасалж сонгогчдын жагсаалт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нас барсан иргэд бас байгаа учраас 10 гаруй иргэдэд урилга очсон байна" гэв.

Б.Цогтгэрэлийг уучлалт гуйхыг шаардлаа

15.00 цаг: Сонгуулийн санал хураалт дөнгөж эхлэх үед Булган аймгийн харьяат, Олимпийн аварга Н.Түвшинбаяр аймгийнхаа АН-ын дарга н.Ариун-Эрдэнийг зодсон гэх мэдээлэл зохион байгуулалтай тарсан билээ. Тэгвэл энэ асуудлыг Олимпийн аварга Н.Түвшинбаяр, аймгийн АН-ын дарга н.Ариун-Эрдэнэ нар үгүйсгэж хамтдаа зогсч байгаад мэдээлэл хийсэн бол Их аварга Д.Дагвадорж мөн мэдэгдэл хийлээ. Тэрбээр, “МАН-ын зүгээс АН-ын дарга н.Ариун-Эрдэнийг Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодсон гэх мэдээллийг зохион байгуулалттай тараалаа. Ингэж хутган үймүүлж болохгүй ээ. Н.Түвшинбаяр аварга тайлбар хийсэн. Тэд хамтдаа санал өгсөн гэдгээ зарлаж няцаалт хийсэн шүү. Та нарын булхай, долдугаар сарын 1-ний хагарлыг хэн эвлэрүүлж өгснийг санаарай. Булган аймгийн цагдаагийн газар эрх баригчдын талд үйлчилж ийм гүтгэлэг явуулахаасаа ичээч. Бидэнд эв нэгдлийн бэлэг тэмдэг авч ирсэн хүнээ барж идмээргүй байна. Сонгуулийн санал авахын төлөө ингэж гүтгэх ямар шаардлагатай юм бэ. Цагтаа та нар энэ хүнээр бахархаж, омогшиж уйлж дуулж байснаа санаач. Засгийн газрын сайд атлаа “дарваан хар” гэх хочтой Б.Цогтгэрэл ийм гүтгэлэг тараалаа. Та уучлалт гуй” гэв.

Ц.Оюунгэрэл: Хүний эрхийг ноцтой зөрчиж байна

15.30 цаг: СЕХ өнөө жилийн сонгуулиар сонгогчдын саналыг нууцлах үүднээс хавтас бэлтгэсэн. Гэсэн ч энэ нь сонгогчдын сонгох эрхийг хамгаалах бус эсрэгээрээ хэнд өгснийг нь хянах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа болж, хүний эрхийг зөрчиж буй талаар УИХ-ын гишүүн асан, хүний эрхийн хуульч Ц.Оюунгэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Би 1920 дугаар хэсэг дээр саналаа өгчихөөд ирлээ. Саналаа өгөх гээд ширээний ард суухад миний саналыг хуудсыг ийм дугтуйнд хийсэн байсан. Гэтэл энэ дугтуй нь дээд хэсгээрээ нугалчихсан. Мөн дороос нь хадчихсан байна лээ. Тэгээд саналын хуудсаа дугтуйнд хийхэд жагсаалтын нэгдүгээрт байгаа нэр дэвшигч М.Энхболдын зураг, дугуйлсан эсэх нь ил харагдаж байхаар байна. Би саналаа өгөхөөс өмнө гурван намын ажиглагч дээр очоод энэ хавтасны зургийг авахыг сануулсан. Мөн нотлох баримт гээд аваад гараад ирлээ. Хэн ийм богино хавтас бэлдсэнийг асуухад СЕХ-ноос ирүүлсэн гэсэн. Олон хүний саналаа нууцаар чөлөөтэй өгөх эрхийг зөрчиж байгаа энэ асуудлыг шалгуулна. Ардчилсан төрийн түүхэнд хамгийн хар сонгууль болж байна” гэв.

Э.Бат-Үүл: Үндсэн хууль зөрчсөн сонгууль болвол тэмцэнэ

16.00 цаг: АН-ын сонгуулийн штабаас сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын гишүүн Э.Бат-Үүл  өгөв. Тэрбээр “Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт хорооллын сонгуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сонгуулийн хуулийг зөрчиж,  хууль бүс үйлдэл гаргасан мэдээлэл цөөнгүй сонсогдлоо. Маш их  гомдол саналууд ирж байна. Ер нь санал хураалтад хар зах ажиллаж байна. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийг хамгаалах тангарагтай төрийн албан хаагчид үүнийг зогсоох талаар арга хэмжээ авах ёстой. Гэтэл зарим төрийн албан хаагчид хууль бус үйдэлд холбогдсон тухай мэдээлэл ирсэн. Тэдэнд анхааруулахад энэ бол Эрүүгийн хуулийг зөрчсөн маш хүнд гэмт хэрэг. Энэ бүгд холбогдох эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Төрийн албан хаагчид өөрсдийгөө хариуцлагад унагахгүйг хичээх хэрэгтэй. Сонгуулийг хууль зөрчиж явуулдаг, Засгийн эрхийг хууль зөрчиж авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Шударга сонгуультай болохын төлөө ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудыг фронт болон тэмцэхийн уриалж байна. Үндсэн хуулийг зөрчсөн сонгууль явагдвал тэмцэх болно. Үүнийг би хариуцлагатайгаар хэлнэ” гэв.

Д.Амарбаясгалан: АН зориудаар худал мэдээлэл түгээлээ

16.40 цаг: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-ны талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “СЕХ аль нэг талд ажилладаггүй. Энэ хорооны дарга Ч.Содномцэрэнг АН өөрсдөө томилсон. 2016 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан хүн. Хоёрдугаарт, иргэний бүртгэлтэй холбоотой АН-аас хийсэн гүтгэлэгтэй холбогдуулан тайлбар хиймээр байна. Ижил нэртэй нэг хүнд хоёр үнэмлэх байгаа, нэг хүний хаяг хоёр өөр газар гарч байгаа гэх мэт АН-ын хийсэн мэдэгдлээс үүдэж төрийн байгууллагаас мэдээлэл авлаа. Гэтэл тийм зүйл алга. Улсын бүртгэлээс бидэнд өгсөн мэдээллээр тийм асуудал алга. Нэг хүн хоёр иргэний үнэмлэхтэй байгааг асуухад нэг хүн иргэний үнэмлэхээ солиулах гэсэн юм билээ. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зориуд зохион байгуулалттай худлаа мэдээлэл цацлаа. Тодруулбал, иргэдийн саналыг нууцлах үүднээс СЕХ-ноос хийсэн хавтасыг манай нэр дэвшигч М.Энхболдод саналаа өгсөн эсэхийг харах зорилготой хийсэн гэсэн мэдээлэл хийж байна. Гэтэл иргэд хавтастайгаа хамт уншуулж цахим машин гацаах гэсэн тохиолдол гарсан учраас дээд хэсгийг нь нугалчихсан юм билээ. Цаашаа машин руу орохгүй байх гэж ийм үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл төрийн албан хаагчдыг хэнд санал өгөх гэснийг харах гэсэн үйлдэл хэмээн гүтгэлээ” гэв. Харин АН-ын зүгээс иргэдийн хуруунд тэмдэглэгээ хийхийг шаардаж, улмаар нийслэлийн хэмжээнд хуруунд тэмдэглэгээ хийж байгаа билээ. Гэтэл үүнийг угаахад арилж байна гэсэн мэдээллийг мөн л АН-ын штабад ажиллаж байгаа хүмүүс тарааж эхэлсэн аж. Тиймээс Ардын намын генсек Д.Амарбаясгалан гараа гурван ч удаа савандаж угаасан ч арилаагүй гэв.

М.Оюунчимэг гишүүн хууль зөрчив үү

16.00 цаг: МАН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон М.Оюунчимэг гишүүний сошиал сүлжээнд тавьсан зураг олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан билээ. Тодруулбал, М.Оюунчимэг гишүүн “Манай гэр бүлийнхэн сонголтоо хийлээ” хэмээгээд өөрийнхөө болон МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дугуйлсан цаасаа цахим сүлжээнд байршуулсан ч төд удалгүй устгасан юм. Гэсэн ч иргэд түүний үйлдлийг баримтжуулан сошиал сүлжээнд тавьж, түүнд хэрхэн хариуцлага тооцох тухай маргаан мэтгэлцээн өрнөөд амжлаа. Эрхэм гишүүний нэр дэвшигчийг дугуйлсан зургаа сошиал сүлжээнд байршуулсан үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд бусдыг аль нэг нэр дэвшигчийг дэмжих, санал өгөхөд уриалан дуудсан гэх зүйл заалтаар 14 хоног баривчлагдах хуультай юм. Монгол Улс хуультай, төртэй. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдгээр энэ үйлдлээ хайцаалж болох ч төрийн түшээ хүний хувьд арай л зүй зохисгүй үйлдэл гаргалаа хэмээн олон нийт шүүмжилж буй юм. Мөн эрхэм гишүүнээс гадна маш олон иргэд санал өгсөн хуудсаа олон нийтийн цахим сүлжээнд байршуулж байгаа ноцтой зөрчил өчигдөр гарлаа.

Ц.Оюунбаатар: МАНАН хууль зөрчлөө

19.00 цаг: МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Бид сонгуулийн талаархи зарим асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд хүргэхийг хүссэн юм. Сонгуулийн үйл ажиллагаа орон даяар явагдаж байна. Гэхдээ хууль зөрчсөн үйл явдал хавтгайрлаа. Зарим тохиолдолд ноцтой нөхцөл байдлыг ч үүсгэлээ. Эрх баригч МАН болон АН-аас иргэдийн саналыг 20, 50, 100 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйл заалтыг зөрчиж байна. Бид бололцооныхоо хэрээр мөрдөж, баримтжуулж байна. Монгол хүн та үндэсний аюулгүй байдлаа битгий худалдаарай гэж уриалъя” гэв. 

Цагдаагийн байгууллага аль нэг талд үйлчлээгүй гэв

20.00 цаг: Цагдаагийн ерөнхий газраас сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд ЦЕГ-ын тэргүүн дэд  дарга П.Батбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор нийт 649 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Эдгээрийн 476 нь Улаанбаатар хотод 176 нь хөдөө орон нутагт гарсан байна. Бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Улсын хэмжэнд  1983 хэсгийн хороонд ажиллаж  байна. Мөн сонгуультай холбоотой санал гомдлоос гадна өдөр тутам гардаг гэмт хэргийн дуудлагууд ч ирж байна. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад үүрэгтэй оролцож буй цагдаагийн байгууллагын алба хаагчдыг “Нэг талыг барилаа. Аль нэг улс төрийн хүчинд үйлчиллээ” гэх мэтчилэн янз бүрээр хэлж байна. Өнөөдрийн байдлаар ЦЕГ ямар нэгэн нам эвслийг дэмжсэн нь тогтоогдоогүй.  Улсын хэмжээнд шалгагдаж буй мэдээллийг  зохих журмын дагуу шийдэн шүүх, прокурорт шилжүүлсэн. Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно.  Цагдаагийн байгууллага аль нэг нам эвсэлд үйлчлээгүй” гэв.

Иргэдийн саналыг худалдаж авахыг завджээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хууль зөрчсөн хэд хэдэн асуудал гарлаа. Сонгуулийн бүртгэлийн хуудас болон иргэдийн саналыг худалдаж авах, мөнгө тараах зэрэг хууль бус үйлдлүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Тухайлбал, Дорнод аймгийн иргэдэд АТМ-аар мөнгө тараах гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж буй бичлэг фэйсбүүк, твиттер хуудаст тарсан юм. Бичлэгт хоёр эмэгтэй Дорнод аймгийн Баян-Уул, Хөлөнбуйр, Баянтүмэн, Халхгол, Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар, Матад сумын иргэдэд мөнгө тараахаар завдсан бичлэг олон нийтэд дэлгэгдэв. Мөн Баянгол дүүргийн 1612 дугаар хэсгийн хороонд гадаадаас ирсэн иргэн саналаа өгч чадаагүй гэх гомдол гарчээ. Тэрбээр  хурууны хээгээ уншуултал өөр хүний зураг нэр гарч ирсэн байна. Тухай үед тус хэсгийн сонгуулийн ахлах зохион байгуулагч дүүргийн сонгуулийн хорооноос чиглэл өгсөн хэмээн ажиглагчийг мэдээлэл хөтлүүлж, зураг авахуулаагүй гэнэ.  Уг үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 108 дугаар заалтыг зөрчсөн үйлдэл юм байна. Түүнчлэн сонгуульд анх удаа саналаа өгч буй иргэдийн саналд нөлөөлөх мессэжийг фэйсбүүк чатаар илгээсэн үйлдэл гарчээ. Тодруулбал, Төв аймгийн унаган хүүхэд байна шүү дээ. Нутгийнхаа хүний төлөө саналаа өгөөрэй гэх мэтчилэн мессэжийг илгээжээ. Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдэл олон байлаа.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллогын дүн мэдээлэл

Нэр дэвшигчдийн нэрс

 

М.Энхболд

Х.Баттулга

С.Ганбаатар

Аймаг, дүүргийн нэрс

 

 

 

Архангай

12059

12398

14932

Баян-Өлгий

16003

11760

4871

Баянхонгор аймаг

11497

23886

4137

Булган

7554

8279

9940

Говь-Алтай

9426

6458

8019

Говьсүмбэр

2031

2414

2557

Дорноговь

9487

9158

9507

Дорнод

7950

10178

11600

Дундговь

5142

5414

9004

Завхан

12347

11906

6620

Өвөрхангай

16984

13687

13138

Өмнөговь

7238

8087

11484

Сүхбаатар

9382

8712

7784

Сэлэнгэ

15457

14702

15410

Төв

16546

11253

12855

Увс

11485

6986

4952

Ховд

13724

10060

10221

Хөвсгөл

18802

17420

17804

Хэнтий

7756

11169

12103

Дархан-Уул

12565

12427

16351

Орхон

9863

14771

18451

Багахангай

1104

509

349

Хан-Уул дүүрэг

21027

34595

18761

Баянзүрх дүүрэг

37911

67336

43661

Сүхбаатар дүүрэг

18303

29407

15524

Баянгол дүүрэг

25831

48314

21350

Сонгинохайрхан дүүрэг

36268

53978

50022

Багануур дүүрэг

4077

4275

3742

Налайх дүүрэг

4172

5542

6450

Чингэлтэй дүүрэг

17591

31065   

22923

Гадаад улсад байгаа сонгогчид

995

2979

740

              

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.