Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Х.Баттулга тасархай яллаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Х.Баттулга тасархай яллаа

Монголын ард түмэн өчигдөр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгуулиа 1984  хэсгийн хороонд өглөө. Монгол Улсын хэмжээнд 1983 хэсгийн хороо байсан ч гадаадад ажиллаж амьдардаг иргэдийг нэг хэсгийн хороо гэж үзжээ.

Сонгуулийн насны нийт 1.978.298 сонгогч сонгогчийн саналын хуудсанд бичүүлснээс  1.318.511 сонгогч саналаа өгчээ. Монгол түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон тавдахь Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд нийт 64.5 хувьтай байсныг СЕХ-ноос эцэслэн мэдэгдсэн юм. Гэвч өрсөлдөгчид нь сонгууль өгсөн иргэдийн 50+1 хувийн саналыг авч чадаагүй учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дахин явагдахаар боллоо.

СЕХ болон АН-ын зүгээс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн юм. Ингэснээр СЕХ 14 хоногийн дотор дараагийн сонгуулийн зарлахаар болсныг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ. Ингэснээр өнөөгийн Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ес дэх удаагийн наадмаа нээх ховор хувь тавилан тохиож мэдэх нь ээ. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 01.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 39 хувийн санал буюу 504.315 хүний санал авсан бол нэр дэвшигч С.Ганбаатар 31 хувийн санал буюу 404.186 сонгогч түүнд саналаа өгчээ.

Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нийт сонгогчдын 30 хувь буюу 401.689 сонгогчийн саналыг авчээ. Гэвч энэ бол эцсийн мэдээлэл биш. Өмнө хэлсэнчлэн 1983 хэсгийн хорооноос 1868 хэсгийн хорооны мэдээлэл 01.00 цагийн байдлаар ирээд байсан учраас сонгуулийн дүн мэдээ өөрчлөгдөх магадлал тэр хэрээр нэмэгдэх нь тодорхой байв. СЕХ эцсийн дүн мэдээг өнөөдөр өглөө мэдээлнэ хэмээн мэдэгдсэн билээ.

Өөрөөр хэлбэл, зарим хэсгийн хороодын дүн мэдээг зарлах боломжгүй утсаар авч байгааг Ч.Содномцэрэн дарга онцолсон учраас эцсийн дүн мэдээг уншигч авхай та өнөөдөр сонсох нь ээ. Жил жилийн сонгуулиар давтагдаж байдаг сонгууль тойрсон маргаан ч энэ жил давтагдав. Сонгогчийн цагаан хуудсыг худалдаж авах гэсэн улайрал газар авч, улс төрийн гурван нам нэр дэвшигчээ ялуулахын тулд бүх л хүчээ тавьж өрсөлдлөө. Ээлж дараалан мэдээлэл хийж, хууль зөрчсөн, мөнгө тараах гэсэн үйлдлээ ээлж дараалан баримтжуулж цагдаагийн албан хаагчид ёстой л суух завгүй ажиллав.

Өчигдрийн байдлаар нийт 700 гаруй зөрчил маргаантай холбоотой дуудлага ирсэн гэдгийг Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлсэн юм. Монгол түмний эв нэгдлийн бэлэг тэмдгийг сонгох энэ удаагийн сонгуульд урьд өмнөх сонгуулиас ирц хангалтгүй болсон. Энэ нь мэдээж гурван намын өрсөлдөгчийн хар пиар, нэгнээ гүтгэх гэсэн явуургүй улс төрөөс ихээхэн шалтгаалж байлаа.

Тэд нэгнээ хэтэрхий их гүтгэн доромжилж, тэр ч байтугай энэ үйлдэлдээ урлаг соёл, спортын оддыг хүртэл хамруулж спортын тамирчин намын гишүүнийг зодсон гэх мэтээр гүтгэн доромжилж байсан нь энэ удаагийн сонгууль урьд өмнөх жилүүдээс хамгийн хар бараан сонгууль боллоо гэх дүгнэлтэд хүргэжээ. Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын хуруунд тусгай тэмдэглэгээ хийж байгаагаараа онцлогтой болсон.

Учир нь 2008 оны сонгуулиас хойш буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан систем хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг сонгуульд ашиглахаа больсон. Энэхүү тэмдэглэгээг хэрэглэснээр сонгогч дахин санал өгөх зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой гэж үздэг. Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг судалж, тогтоол гарган, нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх шийдвэр гаргаснаар нийслэлийн иргэд бэхэн тэмдэглэгээтэй саналаа өглөө. Нэр дэвшигчдийн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ялалт байгуулсан дүн мэдээг урьдчилсан байдлаар хүлээн авна уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.