Д.Эрдэнэбат: Монгол Улс шиг хөгжиж буй орнуудын дуу хоолой болж, бүтээгч эдийн засаг руу шилжиж байна

Д.Эрдэнэбат: Монгол Улс шиг хөгжиж буй орнуудын дуу хоолой болж, бүтээгч эдийн засаг руу шилжиж байна
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД ДОНДОГДОРЖИЙН ЭРДЭНЭБАТ “АЗИ, ЕВРОПЫН БИЗНЕСИЙН 15 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ
 
Эрхэмсэг ноёд, хатагтай нараа,
 
Ази, Европ хоёр тивийн эдийн засаг, худалдаа бизнесийн бат бөх түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих чухал индэр болсон “Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн хоёр тивийн бизнесийн байгууллагын манлайлагч, олон улсын болон төрийн байгууллагын төлөөлөгч та бүхэнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархахын ялдамд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
 
Евроазийн ихэр тивд даяаршлын орнуудын үйл явцыг хамтран бий болгож, түүнийг залан чиглүүлэх гүүр нь болсон Ази, Европын чуулга уулзалт энэ жил Монгол Улсад өөрийн хөгжлийн 3 дахь 10 жилтэйгээ золгож байна. 
 
Өнгөрсөн хугацаанд түнш орнуудын хоёр талын харилцааг бэхжүүлэхэд түүний олсон ололт, амжилтыг үнэлж, дүгнэхийн сацуу ирээдүйг нь тодорхойлох энэ цаг мөчид хоёр тивийн эдийн засаг, худалдаа бизнесийн хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, дүгнэн хэлэлцэхээр Монгол Улс энэ удаад “ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН УЯЛДАА ХОЛБОО”  сэдвийг дэвшүүлэн та бүгдийг нэгэн дээвэр дор цуглуулаад байна.
 
Өнгөрсөн Милан дахь АСЕМ-ийн уулзалтаар “Ази, Европын уялдаа холбоо”-г сайжруулахад нийтлэг тулгамдсан асуудлыг дэвшүүлж, хоёр тивийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хөгжлийн чиглэл нь:
  • Эдийн засгийн таатай нөхцөл, тогтвортой хөгжлийг дэмжих,
  • Худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болгох, 
  • Институтын хамтын ажиллагааг сайжруулах нь гэж тодорхойлсон байдаг.
 
Түүнчлэн тус уулзалтаар “Европын холбооны нэгдмэл зах зээл”, “АСЕАН-ы уялдаа холбоосын мастер төлөвлөгөө” зэрэг туршлагыг үндэслэн “НЭГДСЭН ДЭД БҮТЦИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ”-Г бий болгох шаардлагатайг онцолсон нь БНХАУ-аас дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” буюу Торгоны зам санаачлагатай уялдаж байгаа юм. 
 
2015 онд БНХАУ-ын ЧУНЦИН, Латви улсын Рига хотноо тус тус зохион байгуулагдсан АСЕМ-ийн уулзалтуудаар Ази, Европын тээврийн корридорууд, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн сүлжээ болон инновацийн холбоог хөгжүүлэх төслүүдийн санаачлагыг цаашид түлхүү дэмжих, хөрөнгө оруулалтын банкууд санхүүжүүлэх эхлэл тавигдсан.
 
2014 оны байдлаар хоёр тивийн худалдааны эргэлт 1.6 триллион ам.доллар давсан байна. Цаашид Ази-Европын уялдаа холбоог хөгжүүлэх төслүүд бодит үр дүн болж хэрэгжсэнээр хоёр тивийн хоорондох худалдааны эргэлт улам нэмэгдэх нь гарцаагүй ээ. 
 
Ази, Европыг холбох дэд бүтцийн зангилаа болсон Монгол Улсын хувьд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэн хоёр тивийг холбох “Торгоны зам” төсөл, “Талын зам” төсөл, гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрт идэвхтэй оролцож байна. 
 
Эдгээр төслүүд дэх манай улсын оролцооны чухал нөхцөл нь боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, бүс нутаг, хил орчмын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дэд бүтэц, зам тээврийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх явдал юм. 
 
Хөгжиж буй орнуудын төлөөлөл болсон Монгол Улс өөрийн улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг бий болгохоор уул уурхайн түүхий эдийн экспортлогч, хэрэглээний эдийн засагтай орноос өөрийн баялгийн нөөцөд тулгуурласан бүтээгч эдийн засаг руу шилжиж байна. 
 
Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн хөгжлийн стратегийг сонгосноор нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нийлүүлж, хоёр тивийн зах зээлийн эргэлтэд оруулахаар зорьж байна.
 
Тиймээс ч бид Монгол Улс шиг хөгжиж буй орнуудын дуу хоолой болж, эдгээр санаачлагад нэгдэн, харилцан ашигтайгаар эдийн засгаа хөгжүүлэх үүднээс энэ удаагийн бизнес уулзалтыг “Оролцоотой хөгжлийн уялдаа холбоо” гэсэн нэгдсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
 
Монголчууд бид Хүннү үеийн эрт цагаас уламжлан Чингис хаан, Хубилай хааны эзэнт гүрний үед худалдааны их жим “Торгоны зам”-ын бүс нутгийг төвшитгөн, өрнө дорнын эдийн засаг, соёлын түгжигдмэл байдлыг арилгаж, чөлөөт худалдааны харилцаа, даяаршлын эхлэлийг тавьж, дэлхийн шинэ түүхийг бичилцсэн өнө эртний түүхэн уламжлалтай ард түмэн юм. 
 
Энэ түүхт улсад зочлон ирсэн та бүхэн хоёр тивийн хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлон, хоёр тивийн, хоёр тивийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрсдийн үнэтэй хувь нэмэр, санал, санаачлагыг дэвшүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. 
 
Бизнес форумын ажиллагаанд үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.