“Мон-Уран”-ы Б.Наранхүү

“Мон-Уран”-ы Б.Наранхүү

“Хэн нь хэн бэ” булан мааь Монгол төрийн түшээдийн хэн нь хэн бэ, өмнө  нь хэн байв, одоо хэн болсон, юу хийж байна, сонгогчдынхоо итгэл найдварыг дааж чадах  түшээ мөн үү гэдгийг тольдон уншигчиддаа хүргэж  байгаа билээ.  Өмнөх  дугаартаа   УИХ-ын  1-15  тойргийн гишүүдийг онцолж, нэр дэвшигчдийн намтар цаашлаад төр түших ажлаа хэр хийж буй талаар  нь өгүүлсэн. Тэгвэл энэ удаагийн дугаарт, УИХ-ын 16 дүгээр  тойрог болох Дундговь  аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн  Б.Наранхүүг онцолж байна.  Ирэх долоо хоногийн  дугаартаа Дорнод   аймгийн түшээг    онцлох болно.

Сөрөг мэдээлэл нь  давамгайлах Б.Наранхүү

“Мон-Уран” ХХК УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн овог нь болжээ. Яг үнэнийг хэлэхэд Батсүхийн, Дундговийн,  Наран хээрийн,  Дүнжингаравын , УИХ-ын гишүүн гэх  тодотголуудын  аль нь ч түүнд наалдаж өгдөггүй юм.  Тэр бүү  хэл, УИХ-д  Батсүхийн Наранхүү гэдэг гишүүн байдаг уу хэмээн эгэл ардаас асуувал тун цөөхөн нь  байдаг гэж дуулдсан, одоо бий билүү гэж хариулж мэднэ. Үнэндээ ч тэрбээр  2012-2016  онд чуулганы нэгдсэн хуралдаанд  тун цөөн харагдсан.

Энэ удаад ч ялгаагүй,  хамгийн их тасалсан, чөлөө авсан гишүүдийн нэгээр тодорсон.  Өөрт нь   хуулийн төсөл  санаачилж сүйд болдоггүй юм аа гэхэд ажлын хэсэгт болов орж ажиллан гишүүнийхээ үүргийг гүйцэтгэе  гэх хүсэл тэмүүлэл байдаггүй бололтойдог. 

Тэгвэл яах гэж УИХ-д суудаг юм гэх хэн нэгний ёозгүй асуултад мань хүн “ УИХ надаар дутахгүй.  Мэргэшсэн хуульчид нь хуулиа боловсруулаг л дээ. Би тэнд  суудал бөглөж сууснаас  тойргоо тойглож байсан нь дээр” хэмээн  хэнэг ч үгүй хариулсан талаар тухайн үед хэвлэлүүд хэсэг шуугисан.  Тэгэхээр мань хүний төр түшилцэж байгаагийн цаад мөн чанар  хувийн өмчид нь хэн нэгэн халдах эрсдлээс хамгаалахад оршдог байж  ч мэднэ.  Энэ нь 2015 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Паркийн газрыг буцааж өгөх асуудлыг хэлэлцэхэд тэрбээр “манай компани” хэмээн суудлаасаа өндөлзөж байснаас нь харагддаг.  Ер нь Б.Наранхүү гэж юм бэ.

Түүний тухай мэдэж авахаар интернет ухах аваас Улсын их баяр наадмаар морь нь айрагдсан, түрүүлсэн гэхээс бусдаар  дандаа л сөрөг голдуу мэдээлэл байх  аж.  Ийм нэг эрхэм  ганц мандаттай Дундговь аймгийн иргэд сонгогчдыг  УИХ-д  төлөөлдөг.  Өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт  агсан энэ аймгаас сонгогдож байсан юм. Ардчилалд ээлтэй дундговьчууд   хоёронтоо итгэл хүлээлгэн  УИХ-д  мань эрийг илгээхийг бодоход тойргоо  боломжийн хэмжээнд усалж тордоод байдаг юм байлгүй.

Гэнэт тодорсон улстөрч

Тэрбээр бүрэн дунд боловсролтой. Тодруулж хэлбэл, Ерөнхий боловсролын аравдугаар анги төгссөн гэрчилгээнээс өөрөөр хүнд үзүүлэх юмгүй гэсэн үг. Уг нь МУИС-д урилгаар элсэн  хэдий ч гуравдугаар курсээсээ сургуулиа орхисон байдаг. Юуны учир сургуулиа орхисон талаар сонирхох аваас  амьдралд, эхнэр хүүхэддээ хайртай эр хүний хийсэн  сонголт байх вий. Б.Наранхүүгийн улс төрд хөл тавьсан түүх бизнест амжилт олсноос нь илүү  сонирхолтой.

Тэрбээр  Монголын нэр нөлөө бүхий хоёр улстөрчийн нөмөр нөөлөгт багтаж явсан азтай эр. Оюутан ахуйдаа  УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн / Гончигдорж тэр үед МУИС-д багшилж байсан хэрэг/  гэрт амьдарч тэдний халуун ам бүлийн тоонд багтаж явсан бол ажил амьдралын захтай болсон хойноо  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдын жолоочоор ажиллаж, түүнтэй шадарлаж явсан удаатай.

Харамсалтай нь  мань хүн даргынхаа газрын наймааг зурагтаар илчилсэн гэмтэй. Өдгөө тэдний харьцаа ямар төвшинд байдгийг бурхан   мэдэх байх.  Харин   яруу найрагч  тухай Ц.Хулан  эл үйлдлийнх нь талаар “Ардчилал гээч энэ юм” хэмээн нэгэн нийтлэлдээ онцолсон  байна лээ. Өнгөц дүгнэхэд хүн чанаргүй харагдах эл үйлдлийнхээ талаар тэрбээр  хожмын өдөр дурсамждаа  өгүүлэх биз.  

Тэгэхээр  түүнд Р.Гончигдорж нөлөөлсөн болж таарч байгаа юм.  Магадгүй 2012 онд Дундговь аймгаас нэр дэвшихийг нь ч зөвлөсөн байхыг үгүйсгэх аргагүй.  Ер нь  Б.Наранхүү улс төрд гэнэт л гарч ирсэн нөхөр.  Цаг үе нь түүнд тийм боломжийг олгосон хэрэг. Эдүгээ АН доторхи “Нэг ардчилал”-д багтдаг. Гэхдээ сүүлийн үед  “Шонхор” фракцийнхантай тун чиг дотно болсон гэх мэдээлэл чих дэлсэх болоод байгаа. 

Тойргоо хөгжлөөр бус мөнгөөр усалдаг түшээ

Дундговь хөгжлөөрөө хоцрогдсон аймгийн нэг. Төв аймгийн өмнө бичигддэг  шүү дээ. Өнгөрсөн хавар тойргоор нь дайраад өнгөрсөн.  Аймгийнхаа хойд талд залсан Морин хуур нь өгөрших тийшээгээ хандсан байсан бол урд талд  байгуулсан хурдан морины хөшөө бүхий цогцолбор нь өчигдөр ашиглалтад хүлээлгэж өгсөн юм шиг л гялалзаж байх жишээний. Дундговьчууд хол ойрын зочдоо  Наранхүүгийнхээ  ресторанд хүлээн авдаг юм билээ.  

Хөрөнгө оруулалтын тал дээр боломжийн зүйлүүдийг буй болгосныг энд онцлон тэмдэглэх ёстой.  Залуучуудын боловсролд ач холбогдол өгч  тэд өөрсдөө  ажлын байраа бий болгох тухайд  анхаарал хандуулсныг  шинээр баригдаж, ашиглалтад орсон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа хэлээд өгөх байх.  Мөн   Монголд тун цөөн  байж мэдэх бүрэн тоноглол бүхий хувийн ерөнхий боловсролын сургуулийг ашиглалтад оруулжээ. 

Энэ бүхэн  Наранхүү гишүүний орон нутагтаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байж мэднэ. Бас аймгийн төв доторхи засмал замыг нэрлэх учиртай.  Эдүгээ  социализмын үед баригдсан гурван давхар хэдэн цагаан тоосгон орон сууцаа шинэчилж, АН-ын гишүүний хувьд  гэр хорооллын дахин төлөвлөлтийг  амжилттай үргэлжлүүлж чадвал дундговьчууд түүнд дахин итгэл хүлээлгэх нь гарцаагүй.  Харин түүнийг  сонгогчиддоо хэр ойр байдаг, тэднийхээ үгийг сонсдог тухайд хэлж мэдэхгүй нь.

ргэдийнх нь ярьж байснаар бол УИХ-ын сонгууль ойртмоц мань хүн  оюутан залуучуудыг цуглуулан сүлд модны наадам зохион байгуулж,  хурдан морины уяачдыг ивээн тэтгэж,  морь нь түрүүлэх аваас “Land-200” бэлэглэж, тэднийг өөртөө татдаг гэнэ.   Өөрөө ч хурдан моринд ухаанаа тавих нь бий. Удам угшил сайтай хурдан моринд,  хүч сайтай төмөр хүлэгт  гар татаж үзээгүй нэгэн. Тэрбээр  тус бүр нь 300 мянган ам.долларын үнэтэй “Rolls-Royse” маркийн авто машин дөрвийг 2011 онд худалдаж авч олны амыг ангайлгаж байлаа.  Тэдгээр төмөр хүлгүүд нь  8668 гэсэн адилхан дугаартай гэж байгаа.  Хамгийн сүүлд өнгөрсөн хавар 500 мянган ам.доллараар машин худалдаж авсан  гэж дуулдсан.  

Хувьдаа 23 аж ахуйн нэгжтэй эрхэм

Товч намтар:

Ажилласан байдал

  • “Мон-Уран” ХХК-ийн ерөнхий захирал 1999 - 2012 онд
  • “Инвэкс” ХХК-ий ерөнхий захирал  2005 - 2012 онд
  • “Дүнжингарав” ХХК-ий ерөнхий захирал 2008 - 2012 онд
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос

Хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • Үл хөдлөх хөрөнгө: Орон сууц-2 /1 000 000 000 төгрөг/
  • Автомашин: Land Rover Range Rover -1, Land cruiser Standart-1, Rollsroyce Phantom-3 /1 185 000 000 төгрөг/
  • Хадгаламж: 21 195 800 000 төгрөг

Эзэмшдэг компани: “Дүнжингарав” ХХК-ий 34 хувь, “Инвэкс” ХХК 100 хувь, “Монголын Уул уурхайн корпораци” ХХК 100 хувь, “Мон- Уран” ХХК 100 хувь, “Дүнжингарав Констракшн” ХХК  100 хувь, “Инвэкс Жювелри” ХХК 100 хувь,” Инвэкс мэншоп” ХХК 100 хувь, “Инвэкс Хоум” ХХК 100 хувь, “Инвэкс Коммодитис” ХХК 100 хувь,” Инвэкс спортс” ХХК 100 хувь, “Инвэкс Кантийн” ХХК 100 хувь, “Инвэкс Шүүз” ХХК 100 хувь,” Инвэкс Сервис” ХХК 100 хувь, “Инвэкс Лэдишоп” ХХК 100 хувь, “Инвэкс Бэйбишоп” ХХК 100 хувь, “Хүлэрхэрд” ХХК 100 хувь, “Дүнжингарав тээвэр” ХХК 100 хувь, “Дүнжингарав роуд” ХХК 100 хувь, “Дүнжингарав секьюрити” ХХК 100 хувь, “Монголмедиа консорциум” ХХК 100 хувь,” Оргил энд Капитал партнерс” ХХК 100 хувь,” Дүнжингарав трейд” ХХК 100 хувь, “Шинэ зуун айл зах” ХХК 100 хувь,” Шинэ зуун айл трейд” ХХК гэсэн 23 аж ахуйн нэгжийн хувьцааг зуун хувь эзэмшиж, Дүнжингарав ХХК-ий 34 хувийг эзэмшдэг гэхээр хөрөнгө бэлийн хувьд түүний өмнө гишгэх тэрбумтан Монголд  бараг л байхгүй болов уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.