Ажил хайж байвал Төв талбайг зориорой

Ажил хайж байвал  Төв талбайг зориорой

Манай улсад энэ оны тавдугаар сарын байдлаар бүртгэлтэй 28.5 мянган ажилгүй иргэд бий гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Ажилгүйдэл ихсэхтэй зэрэгцээд ядуурал, архидалт, нийгмийн эмх замбараагүй байдал нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Засгийн газар болон холбогдох яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх, залуусыг ажилд зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш байдлыг хангаж, ажлын байраар хангах зэрэг бодлого баримтлан ажиллаж буй.

Тэгвэл өчигдөр Сүхбаатарын талбайд олон хүнийг урт дараалалд оруулсан нэгэн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд хамтран иргэдийг ажлын байранд бүртгэж, хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг өгөв.

Уг “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсан бөгөөд 60 орчим аж ахуйн нэгж 20 мянган ажлын байранд иргэдийг бүртгэж байлаа. Төв талбай өчигдөр ажилд орох хүсэлтэй, өөрт тохирох ажлаа хайж яваа иргэдийн хөлд дарагдсан гэхэд болно. Зарим нэг нь хүссэн ажлын байраа олоод гарч байхад нас хэтэрсэн гэнэ халаглан зогсох хүмүүс ч байсныг нуух юун. Гэхдээ энэхүү өдөрлөг ажил хайж байгаа залуусын цаг завыг хэмнэсэн, тэднийг хүссэн ажилд нь түргэн шуурхай зуулчилсан үр дүнтэй өдөрлөг болсон гэдгийг иргэд онцолж байв.

ИРГЭДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАД БҮРТГЭЛЭЭ

Нээлттэй хаалганы өдөр­лө­гийн нэгэн онцлох зүйл нь үнэ төлбөргүй сургалт. Өөрөөр хэлбэл, өдөрлөгийн үеэр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага Койкагийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэхээр “Мэдээллийн технологийн сургалтын төв”-д үнэ төлбөргүй суралцах  хүсэлтэй иргэдийг бүртгэсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Энэхүү сургалтын төв залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой. Тиймээс компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем админстратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан  төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулна” гэв.

Мөн өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас ирсэн иргэд, даатгуулагчдад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас бүх төрлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн нь олны талархлыг хүлээж байлаа. Өдөрлөгт оролцсон иргэдэд хүүхдийн зуслан, “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн талаархи мэдээллийг хүргэсэн юм. Өдөрлөг өнөөдөр үргэлжилнэ. Энэ үеэр бид холбогдох мэргэжилтнүүдтэй цөөн хором ярилцлаа.

Б.НЯМДАВАА: ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ СУДАЛГАА ШААРДЛАГАТАЙ

/ХХҮЕГ-ын дарга/

-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт алдагдсан гэж ярих болсон. Тодруулбал, дээд боловсролтой, дипломтой ажилгүйчүүд ихэслээ гэж ярьж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт алдагдсантай холбоотой. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт алдагдах болсон шалтгааныг  анагаахын салбараар жишээ авч үзье. Манай улсад ойрын хугацаанд нарийн мэргэжлийн хэдэн эмч хэрэгтэй талаар судалгаа алга. Үүнийг БСШУС-ын яамтайгаа хамтарч гаргасан байх ёстой. Судалгаагүй болохоор зах зээл дэх нийлүүлэлт  ихэссэн. Тийм учраас их, дээд сургуулиа төгссөн ихэнх залуучууд ажилд оръё гэсэн ч олдохгүй байгаа юм. Энэ судалгааг хийх хэрэгтэй. Үүний дараа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй хадгалагдаад явах боломжтой юм. Бид энэ ажлыг эхлүүлсэн. Манайд мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөл гэж бий. Уг зөвлөлд яамдын төрийн нарийн бичгийн дарга нар байдаг. Энэ нь цаашид ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг тодорхойлоход өндөр ач холбогдолтой.

А.БЭХБАТ: МСҮТ-ИЙГ ТӨГСӨГЧДИЙН ТАВАН ХУВЬ НЬ ШУУД АЖИЛТАЙ БОЛДОГ

/ХХҮЕГ-ын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын дарга /

-Мэргэжлийн сургалт үйлд­вэрлэл, политехникийн коллежид нийт 40 мянган оюутан суралцаж байна. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 90 сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан оюутнуудын 50 орчим хувь нь ажлын байртай төгсдөг. Зарим дүүрэгт 60-70 хувь нь ажлын байртай байна. Зарим газарт 40 орчим хувьтай байх жишээтэй. Их, дээд сургууль төгссөн залуучуудын ихэнх нь дипломтой ажилгүйчүүд болсон талаар ярьж байна л даа. Гэтэл манай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг төгссөн оюутнууд шууд ажлын байранд зуучлагддаг. Өөрөөр хэлбэл, төгсөөд мэргэжлээрээ ажилд орж байна гэсэн үг. Манай сургуулийг жилд 10 мянган оюутан төгсдөг. Түүний тав орчим хувь нь шууд ажлын байртай болдог.

Н.АЛТАНЧИМЭГ: АЖИЛД БҮРТГҮҮЛЭХЭЭР ИРСЭН.

/Иргэн/

-Өнөөдөр талбай дээр 20 мянган ажлын байранд иргэдийг зуучилна гэсэн зарын дагуу ирлээ. Их үр дүнтэй өдөрлөг болж байна. Одоогоор ажил олгогч байгууллагатай эхнээс нь танилцаад явж байна. Би сургууль төгсөөгүй. Гэхдээ өөртөө таарсан оёдолчин, туслах зэрэг ажил хайхаар ирсэн.

М.СЭЛЭНГЭ: ХОЁР ГАЗАРТ АНКЕТ БӨГЛӨСӨН

/Иргэн/

-Би хоёр газарт анкет бөглөлөө. “Скайтел” компани болон Баянгол дүүргийн хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн. Би сургуулиа 2014 онд төгссөн юм. Түүнээс хойш хоёр жил ажилласан. Одоогоор ажилгүй гэртээ байгаа. Тиймээс энэ өдөрлөгийг зорьж ирсэн юм. Сүүлийн үед залуучууд цалин хардаг болсон юм шиг санагдсан. Шууд л 700-800 мянган төгрөгийн цалин авахыг боддог. Гэхдээ зарим нь тэр хэмжээний мэдлэгтэй байж чаддаггүй. Ер нь ихэнх залуус цалингаа голоод ажил хийдэггүй байх. Энэ өдөрлөг их таалагдлаа.

П.МӨНХЧУЛУУН:10 ОРЧИМ АЖЛЫН БАЙРАНД ЗАЛУУСЫГ БҮРТГЭНЭ

/“Мандү Хаус” компанийн гүйцэтгэх захирал/

-Манай компани яамнаас зохион байгуулдаг нээлттэй хаалганы өдөрлөгт хоёр дахь удаагаа оролцож байна. Манай компани Азийн уламжлалт хоолыг орчин үеийн үйлчилгээний стандартад нийцүүлэн гаргаж дэлхий нийтэд санал болгож буй Монголын үйлчилгээний брэнд юм. Бид долдугаар сарын 1-нээс ”Мандү Хуас” сүлжээ рестораныхаа хоёр шинэ салбарыг нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд залуучуудыг ажлын байранд бүртгэж байна. Тухайлбал, технологич, тогооч, чимхэгч, илдэгч, касс, угаагч, үйлчлэгч гэх мэтчилэн ажлын байранд бүртгэнэ. Бид Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлын найман цагтай. Бусад компаниас ялгарах онцлог гэвэл, хамт ажиллах багийнхантайгаа тохироод ажлын цагаа өөрсдөө зохицуулах боломжтой. Ер нь сүүлийн үед хүний нөөцийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Урьд нь диплом, голч дүнг хардаг байлаа. Одоо харин хүн талаас нь харах болж. Тухайн хүн хэр зөв хандлагатай, зөв хүн бэ гэдгийг ажил олгогчид чухалчилж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.