“УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болж байна”

“УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болж байна”
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байсан. Тэгвэл завсарлага авсан хугацаа дуусгавар болж Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгөх санал, дүгнэлтээ танилцууллаа. 
 
Д.Эрдэнэбат: Улс төрийн утга агуулгатай дүгнэлт гаргасан
 
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ тогтоолтой холбоотой асуудлаар Ардчилсан намын бүлэг мэдэгдэл гаргах ёстой гэж үзэж байгаа. Энэ дүгнэлт Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны архивт заавал үлдэх ёстой гэж үзэж байна. Ерөнхий дүгнэлтийн хувьд Ажлын хэсэг шалгалт хийхдээ Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 3 дугаар зүйл  “Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалт “Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, энэ хуулийн 271 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй” гэснийг тус тус зөрчин Төв банкны хуулиар хамгаалагдсан хараат бус байдалд нь шууд халдаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн бодлогын арга хэрэгсэлийг нь үгүйсгэн, жил бүрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталж байсан УИХ-ын шийдвэрийн мөн чанарыг ойлголгүй, тэдгээрийг хэрэгжүүлсэн Монголбанкны дотоод үйл ажиллагааг арилжааны банктай адилтган үзсэн, хатуухан хэлэхэд дэндүү мэргэжлийн бус алдаатай дүгнэлт гаргасан байна гэж УИХ дахь АН-ын бүлэг үзлээ.  
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зөвхөн МАН-ын  төлөөллийг оруулсан төдийгүй ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн багийг ашиг сонирхлын зөрчилтэй, өмнөх удирдлагын үед ажлаас халагдсан хүмүүсээс бүрдүүлсэн нь Монголбанкны бодлогын талаар макро төвшинд мэргэжлийн үнэн зөв, бодит дүгнэлт өгөхийг хүсээгүй,  анхнаасаа захиалгат шалгалт хийлгэж, улс төрийн утга агуулгатай дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гаргуулах зорилготой байсан нь тод харагдаж байна. Ажлын хэсэг нь Монголбанкны дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож, өөрсдийнхөө үзэмжээр гаргасан.
 
Энэ тогтоолд Монголбанкны удирдлагад хариуцлага тооцохдоо шүүхийн шинжтэй тогтоолын төсөл болж хувирч байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тогтоолын хамгийн харгис нь Монголбанкны Ерөнхийлөгчид арга хэмжээ авах заалтаа шүүхийн шийдвэр шиг "албан тушаал урвуулан ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан" гэсэн үндэслэлийг заасан байгаа. Нотлогдоогүй үндэслэллийг УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд оруулах ёсгүй. Шүүх л тогтоох ёстой.
 
Тиймээс энэ тогтоол Монгол Улсын УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болж байна. Ийм буруу жишигтэй тогтоол гаргаж байгаа учир үүнийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлаггүй гэдэг гэсэн асуудлаар зарчмын зөрүүтэй санал оруулж байна" гэлээ. 
 
Түүний энэхүү зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. 
 
Хэлэлцүүлгийн шатанд мөн л гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. 
 
З.Нарантуяа: Нууц тамга дарчихсан байгаа мөнгөө ярихгүй юм уу
 
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 
-Ажлын хэсгийн шалгалтын зорилго нь юу байсан юм бэ. Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн явуулсан мөнгөний бодлогод зөв, буруу гэдэг дүгнэлт өгөх байсан уу. Эсвэл дотоод аль нэг үйл ажиллагаа гүйлгээнд шалгалт хийх гэж байсан юм уу. Хэрвээ мөнгөний бодлогод дүгнэлт хийх гэж байгаа бол Төв банкны хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн дүгнэлт гаргасан. Өнөөдөр энэ ажлын хэсгийн дүгнэлт дээр бид хоёр төслийн мөнгийг л яриад байгаа. Тэгвэл нууц тамга дарчихсан байгаа мөнгөө ярихгүй юм уу. Хэрвээ бодлого ярих гэж байгаа бол энэ мөнгө чинь адилхан нийлүүлэлтэд нөлөөлсөн шүү дээ. Монголбанкны алдагдал дээр бодит, бодит бус алдагдал гэж байдаг гэдгийг Монголбанкныхан хэллээ. Тэгвэл эдгээр хэлцлүүдээс хэд нь бодитой учирсан алдагдал нь хэд, бодит бус нээлттэй хэлбэрээр байж байгаа нь хэд юм бэ гэдгийг ажлын хэсгийнхэнд ойлгуулаад өг. 
 
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Олон улсын нягтлах бодох бүртгэлийн зарчмаараа алдагдал нь өөрөө бодит болон бодит бус гэж ангилагдаж байгаа. Тиймээс өнөөдөр энэ нь бодит, нөгөөх нь бодит бус алдагдал гээд шууд хэлчих боломжгүй. Ойролцоогоор хэлэх юм бол ажлын хэсгийн алдагдал гэж гаргасан тооноос өнөөдрийн хувьд яг тал нь бодит, бодит бус нь тал нь гэж хэлж болно. 
 
Д.Эрдэнэбат: УИХ нэг хүнийг ялласан тогтоол хэдэн удаа гаргах гээд байгаа юм
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Монголбанкны үйл ажиллагаа шалгасан ажлын хэсгийн дүгнэлт бол Монголын мөнгөний бодлогын дотоод үйл ажиллагаанд оролцсон явдал. Монголбанкны хүмүүсийн тайлбараар бол бодит алдагдал гэдгийг тайлбарлаж буйгаар онц ноцтой хохирол учирсан гэдэг дүгнэлт зөрүүтэй байна. Тиймээс  ч энэ шалгалт улстөржсөн гэдгийг илтгэж байгаа. МАН энэ шалгалтыг улстөржүүлж байгаа Ерөхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Золжаргал гэж хүнийг муухай хүн байдаг.
 
Хэдэн их наядаар идсэн, уусан гэдэг утга бүхий төлбөртэй нийтлэлийг МАН  бүх сонинд нэгэн зэрэг гаргасан. Монголбанк мөнгөний бодлогын байгууллага. Тиймээс халдашгүй эрх байх ёстой. Үе үеийн Ерөхийлөгч нар үүнийг баримталж ирсэн. Тэдний үйл ажиллагааг нь Монголын төр хүндэлж ирсэн. Гэтэл өнөөдөр яаж байгаа юм. 
 
Энэ тогтоол чинь "Монголбанкны одоогийн Ерөхийлөгч Н.Баяртсайханд өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалд их мөнгө идэж, уусан  гэдгээр нь хуулийн байгууллагад өг" гэсэн тулгалтыг хийж байна. Монголын төр ингэж болдог юм уу. Энэ тогтоолыг хэн санаачилсан юм бэ. Н.Золжаргал гэдэг хүнийг улсад онц их хэмжээний хохирол учруулаад байна гэдгийг хэн тогтоосон юм бэ. УИХ ийм ялын тогтоол гаргаж болдог юм уу гэдгийг л би асуугаад байгаа. Алдаа, дутагдалыг нь хаацайлах гэсэн юм биш. Ганцхан улстөржсөн шийдвэр битгий гаргаач. Нэг хүнийг ялласан тогтоол УИХ хэдэн удаа гаргах гээд байгаа юм. Эдийн засгийн байнгын хороо ийм тогтоолын төсөл хэлэлцэх нь зөв юм уу. Хэрвээ бид улстөржих юм бол Н.Золжаргалын үед МАН-аас Б.Жавхлан гишүүн, МАХН-аас Э.Батшугар байсан. Монголбанк хамтын удирдлагатай явж байсан. 
 
Монголбанкаар өөрөөр нь өмнөх Ерөхийлөгчийг нь яллуулах тогтоол УИХ-д оруулж ирэх нь зөв юм уу. Улстөржиж болно. Гэхдээ Монголбанкаараа, үндэсний мөнгөн тэмдэгтээрээ улстөржиж болохгүй. Энэ тогтоолыг ямар зорилгоор хэн боловсруулсан гэдгийг надад хэлээд өг. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.