Хүн тэжээдэггүй, татвар төлдөггүй “боловсрол”-тон хэрэгтэй гэж үү

Хүн тэжээдэггүй, татвар төлдөггүй “боловсрол”-тон хэрэгтэй гэж үү
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн болох, хэнийг сонгох  тухай яриа энэ цаг үеийн хамгийн сонирхолтой сэдэв болж байна. Албан байгууллага, айл өрх, гудамж талбайн хаана л бол хаана  нэр дэвшиж буй гурван нөхрийн талаар санал солилцож,    өөрийнхөөрөө зүтгэдэг нэг нь дэмжиж буй нэр дэвшигчээ өмөөрөн зодолдохдоо тулах нь инээдэмтэй. Цаашлаад нэр дэвшигчдийн боловсролтой, боловсролгүйн тухай хэлэлцүүлэг цахим орчноос хэлж хэвлэл мэдээллийнхний өлгөж авах сэдэв болж байна. 
 
Өчигдөр гэхэд л манай орцны хоёр хөгшин сүүдрэвч дор  М.Энхболд, Х.Баттулга хоёроос болж, чанга чанга дуугарцгааж, тэрүүхэн тэндээ улстөржин маргалдаад амжлаа.   Хөгшчүүл С.Ганбаатарын талаар ганц үг ган хийж дуугарахгүй байгааг бодоход түүнийг үл тоож буй хэрэг биз. М. Энхболдыг өмөөрөх хар пиджактай өвгөн “М.Энхболд бол ноён нуруутай нэгэн.
 
 Эцэг нь  ч тийм хүн байсан юм.  Хар залуугаасаа төрд зүтгэсэн, төрийн албаны туршлагатай, эдүгээ намаа  ч сайн авч яваа. Өнгөрсөн сонгуульд намаа авч гарсан нь түүнийг ямархан удирдагч болохыг хэлээд өгнө”  хэмээхэд шар цуваар гангарсан буурал “Аж ахуйн нэгж удирдаж,  хүн тэжээж, улсад татвар төлж үзээгүй нөхдүүд  иргэн, аж ахуйн нэгжийн  зовлон жаргалыг мэдэрнэ гэж юу байдаг юм” гэж ирээд таягаараа газар цохиж, суудлаасаа огло харайн босч харагдлаа.   
 
Үнэндээ ч Х. Баттулга гэх нөхөрт эгэл ардууд хайртай аж. Зуны амбаарт оёдлын машин өдөр шөнөгүй тачигнуулж суусаар халаасандаа таван төгрөгтэй болсон тэрбээр боргил  амьдрал, байх байхгүйн зовлонг мэдэх нэгэн. Нөгөө талаар цахилгаан шатны хурдаар амжилтад хүрчихээгүй.  Хэн хөдөлмөрлөнө  тэр хүн амжилтад хүрдгийг бие сэтгэлээрээ туулсан тамирчин.   
 
Хэн нэгэн шиг дөрвөн хананы дунд тааз ширтэн  цаас цоохорлож нэр алдрын оргилд хүрээгүй.  Өдгөө тэрбээр хэд хэдэн компанид  хувь эзэмшдэг ч цагтаа  компанийхаа ажилчдын цалинг тавих гэж урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн, олсон жаахан ашгаа татварт тавьж туучихаад бажигдаж л явсан бизмесмэн. Тэгэхээр өвгөний хэлсэнчлэн хүн тэжээж, татварт мөнгө төлж үзээгүй  цагаан гартнуудаас тэс ондоо улстөрч гэдэг нь илхэн.  
 
Нөгөөтэйгүүр, түүнийг “босоо” С.Ганбаатартай бол бүр ч адилтгаж боломгүй байлтай.  Тэрбээр Монгол Улсын төрийн далбааг  их спортын дэвжээнээ хэдэнтээ өргөж, Монгол төрийн дууллыг  дэлхийн чихнээ хэдэндээ сонсгосон тамирчин.  Ярих, бие сэтгэлээрээ харуулах  хоёрт алд дэлэм зай бий. Бас өсч бойжих, бүтээн байгуулах хоёрт ч ялгаа бий. С.Ганбаатарт Баянхонгорт төрж өссөн юм байж. Харин юу бүтээж  буй болгосон  тухайд түүнд хэлэх үг байхгүй. 
 
УИХ-д гишүүнээр сонгогдож, эх орончийн дүрд жүжиглэж явахдаа баянхонгорчуудын тухай юу дуугарсан юм. Нутаг ус нь нинжа нарын гарт талхлагдаж, элэг эмтрэм болж байхад энэ эрхэм  Дархан хотоор овоглон тууж явсан бус уу.  Тэр нийгмийн ямар сэдвийг хөндвөл өөрийнх нь нэр алдрыг өргөж болох тухайд мэргэшсэн нэгэн.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэчнээн ч хувиар нэмж болно. Гагцхүү тэр нь  нэг өдрийн хэрэглээ төдий байснаас  алс хэтдээ талх үйлдвэрлээд сурчих арга замыг нь зааж, үйлдвэрийг нь барьж байгуулж өгөх нь чухал гэдгийг Х.Баттулга харин ч мэддэг төдийгүй мэдрүүлсээр яваа бутээн байгуулагч.  Мөн Ганбаатар шиг сургууль, сургууль сэглэж хаяагүй. Төгссөн сургууль Дүрслэх урлагийн дунд, эзэмшсэн мэргэжил нь зураач, өвөртөлсөн диплом нь  текникумынх ч амьдралын их сургуулийг улаан дипломтой дүүргэж байгааг нь хэн үгүйсгэх юм.
 
Ингээд бодохоор  Х.Баттулгыг өмөөрөх өвгөний бухимдал зөв санагдсан. Боловсрол олон зүйлд эрхэм байж болох юм. Гэвч бүтээж үзээгүй хүнд дипломын хэрэг юу байх билээ. Ёстой л нэг гэрт цугласан хэл бичгийн таван эрдэмтэн цахилгаан зуухаа засч чадахгүй өлбөрч үхэх шахсан онигоотой ижилхэн зүйл. Ингэж бичлээ гээд боловсрол, эрдэм хэрэггүй хэмээн уриалахыг хүссэнгүй. Гагцхүү боловсролоос гадна бие нь юу туулж, сэтгэл зүрх нь юуны төлөө цохилж буйгаас олон зүйл шалтгаалах учиртайг шар хувцастай өвгөн ах ойлгосон болоод тэр биз ээ. 
 
Х. Норжин  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.