М.Оюунчимэг: Боловсролын сайд худлаа яриад байна

М.Оюунчимэг: Боловсролын сайд худлаа яриад байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Сайд өөрөө худлаа яриад байх юм. Хотын боловсролын газартай нягт хамтарч ажиллаж байгээ гэдэгтэй санал нийлэхгүй байна. Та хүчээ авч, байдал хурцдаж байхад 29 дүгээр сургуулийн захирлыг сольсон. Монгол хүүхэд өөрсдөө их авъяастай. Дэлхийн олимпиадад оролцоод медаль авсан хүүхдүүдийг дэлхийн томоохон сургуулиудад үнэгүй сургах эрхийг төр өөрөө хангах ёстой. Гэтэл өнөөдөр мөнгөний асуудал тулгамдсан гээд байдаг. Мөн шилдэг эрдэмтэн багш нарынхаа зөвлөгөөг ч сонсох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Хуулиас салбарын үйл ажиллагаа болохгүй байна гэж бодохгүй байна.  Энэ салбарыг хариуцаж байгаа хүмүүс ажлаа хийхгүй байна. Нөхдийн үгийг үг гэж авч хэлэлцэхгүй байна. Бага, дунд боловсролын асуудлаар ямар ажил хийх вэ? Энэ салбарын стратегийн зорилт юу вэ? Энэ салбарт хариулцлагын тогтолцоо алга. Боловсролын салбарт ажиллаж байгаа удирдлагуудад  хариуцлага тооцдог заалт оруулъя.  Улаанбаатар хот боловсролын салбарын ачааллыг үүрдэг. Гэтэл энэ салбарт мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Дарга хийх нь чухал биш. Гантулга нийслэлийн гадаад харилцаанд ажиллаж байсан залуу, гэтэл мэргэжлийн бус ч гэсэн боловсролын салбарт ажиллах чадвар байна уу гэдгээ бодолцох хэрэгтэй, даргархаад сууж болохгүй.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь: -Сурах бичгийг шинэчилж, хөтөлбөрүүдээ шинэчлэхээр ажлаа урагшлуулж байгаа. Хариуцлага тооцох гэдэг дээр санал нэг байна. Хариуцлага тооцоод явж байгаа зүйл байгаа. Энэ асуудалд хойрго хандах бодит бэрхшээл ч бий. Хөрөнгө санхүүгийн асуудлаар нэлээн заалт бий. Хууль эрхзүйн орчинг шийдэж байж хэрэгжүүлэх ажил байгаа. Олон сургуулиудын барилгыг шинээр барих шаардлагатай . Төсөл хөтөлбөрөөр зарим сургуулийн ажлыг эхлүүлж байна.  Дуусаагүй барилгуудыг бүрэн шийдвэр хүчин чадал нэмэгдэхээр байгаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: -Боловсрол бол асар том салбар. Бид нэгээхэн хэсгийг нь хөндөхөд маш их асуудал гарч байна. Сурах бичгийн агуулгыг хэрхэн шинэчилж байна вэ. Бага, дунд боловсролын хэмжээнд анги дүүргэлт ямар хэмжээнд байх талаа тогтоолд оруулах хэрэгтэй байна. Сурах бичгийн агуулга монгол хүнийг төлөвшүүлэх, монгол хүнд зориулагдсан байх ёстой. Түүнээс биш ямар нэг төсөл хөтөлбөрт зориулагдсан байх ёсгүй.  Олон улсын хөтөлбөрт хамрагдсан лаборатори сургуулиудыг дэмжинэ гэж байна. Бид чинь үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлдэг лаборатори сургуулиудыг дэмжих ёстой юм биш үү. Үүнийг бодолцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Гантулга: -Миний хувьд ажлын хэсгийн гишүүн болсныхоо дараа 21 аймгийг тойрч, багш, сурагчидтай уулзсан.  Хөдөө орон нутгийн багш, боловсон хүчнийг бэлтгэх талаар тусгай хөтөлбөр бэлтгэх шаардлагатай юм билээ. Хөдөө орон нутагт сургуулийн засварын ажил их чухал байна.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь: -Өнөөдөр улсын хэмжээнд 72 сургууль цэцэрлэг, сургуулийн ажил баригдаад эхэлсэн. Мөн концессийн гэрээгээр сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаа. Сургуулиудын спортын 5-6 заал баригдаж байна. Эдгээр барилгуудыг ашиглалт оруулах тал дээр бололцоотой арга хэмжээг авахаар ярилцаж байна. Хөтөлбөрийн хувьд Г.Мөнхцэцэг гишүүний саналтай нэг байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: -Салбарын хувьд тулгамдаж байгаа санхүүгийн зовлонгоо ярьж орж ирэхээс салбарын асуудлыг шийдэх тогтолцооны асуудлаа оруулж ирэхгүй байна гэдэг С.Чинзориг гишүүний саналтай нэг байна. Бодлого боловсруулж байгаа хүмүүс ажлаа хийж чадахгүй байна. Хүүхдүүдэд мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч  сайн сурвал их, дээд сургуульд орж чадна гэсэн орчныг яаж бүрдүүлэх вэ? Одоо хүүхдүүд мөнгөгүй бол их, дээд сургуульд орж чаддаггүй юм гэсэн сэтгэлгээтэй болоод байна. Ясли, цэцэрлэгийн асрагч багш нарыг бэлтгэх ямар тогтолцоо байна вэ? 

БСШУС-ын Ж.Батсуурь: -Их, дээд сургуульд төлбөртэй сургалт явж байгаа. Одоогоор Засгийн газраас сургалтын зээлийн сан байгуулсан. Сургалтын зээлийн сан хичээлийн шинэ жилийн дараа эхэлсэн учир хүндэвтэр байгаа. 5 сая төгрөгөөс бага зээл авсан нөхцөлд ямар нэг барьцаагүй байгаа. Одоогоор 6 банк их, дээд сургуулиудтай Боловсролын зээлийн санд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Банк өөрөө бүх эрсдэл хүлээж байгаа учраас тавигдах шаардлага нь өндөр байгааг үгүйсгэхгүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.